“Шүүмжилснээр юу ч өөрчлөгдөхгүй, цагаа бүү үр. Зөвхөн хариуцлага тооцсоноор л өөрчлөлт ирдэг юм”
Алински, АНУ-ын нийгмийн нэрт зүтгэлтэн
Анхны туршлага: Үлгэр эрт урдын цагт гэж эхэлдэг билүү. Тэгвэл “нэгэн зүйл” үйлдэл болохоосоо өмнө бодол байжээ. Гэтэл бодол гээч нь ганцхан хүний зөөлөн инээмсэглэл, дулаан тэврэлтээс улбаатай байж. Инээмсэглэл, тэврэлтийн өдөр 9-р сарын 1. Энэ өдрийг баярлаж хүлээхээс улдаар түгшин жингэнэж байлаа. Учир нь цэцэрлэгийн сүр дуулиант бүртгэл, багшийн муухай ааш, цэцэрлэгийн хэцүү орчин гэх мэт шил дараалсан мэдээллээр байнга бөмбөгдүүлэх мань мэтийн залуу ээж нар цэцэрлэгийн тухай ойлголт нь сөрөг бүхнээр цэнэглэгдсэн байдагтай холбоотой байдаг болов уу. Тиймээс хэн бүхэн амин хайртай үрсээ цэцэрлэгт өгөхдөө айдастай байх нь аргагүй. 9-р сарын 1-нд бага ангийхан бол үнэнхүү түгшүүртэй санж. Хүүхэд болгон ангийн хаалгаараа амь тэмцэн уйлж орно. Хүүхдээ өгсөн эцэг эх цонх болгон дээр нүүрээ наан өөр өөрсдийн хүүхдээ олоод харчих гэж тэмүүлэн шамбааралдана. Сүүлдээ бага ангийн багш гарч ирээд “та нар яасан яршиг төвөгтэй улс вэ. Хүүхдээ өгсөн бол яваач дээ, хүүхдүүд чинь цонх руу хараад аав ээжийгээ хайгаад уйлалдаад тайвширахгүй байна” гэж хөөж загнав. Яруугийн аав бид хоёр сүүл мушиган охины өгөхөөр нэрийг нь асуусан боловч нэр алга. Би ч “заа ашгүй дээ” гэж бодлоо. Харин аав нь их л ууртай цэцэрлэгийн эрхлэгч рүү шунгинаж ороод Миний охиныг бүртгээгүй байна гэхэд дунд ангид бүртгэсэн байгааг хэлэв. Ингээд Яруугаа аваад дунд ангид очтол аль хэдийн хүүхдүүд нь тойроод суучихсан, харин бага ангийг бодоход тайван, нам гүмийн байдалтай. Ангийн багшийг дуудан охиноо өгөх гэтэл залуухан бүсгүй тун сайхан инээмсэглэн “Өөө заа хоёр настай юм уу тээ. Заа алив миний охин нааш ир” гээд охиныг минь сурмаг тэврэн цааш оров. Яруугийн том ам харагдаж амжилгүй, уйлах дуу нь хаалганы цаагуур орлоо.
Ингээд залуу багшийн инээмсэглэл, охиныг минь чанга тэвэрсэн тэр тэврэлт сөрөг бодлыг минь хормын төдийд “эмчилсэн” юм даа. Харин би өөрөө охиноо дасгах гэж 1 сарын хугацаанд цэцэрлэгээр ойр ойрхон эргэлдэхдээ цэцэрлэгийн багш нарын ажлыг нүдээр харж, ачааллын хүндийг өөрийн биеэр жаал жуулхан мэдрэх болов.
Цэцэрлэгийн ачаалал, ачааллаас үүдэн бидний хүүхдэд учирч болох хор уршигийн талаар ярихаар зарим хүмүүс “Мэдсээр байж чи хүүхдээ аваад өөр хувийн цэцэрлэгт өгөөч” гэнэ. Гэхдээ үнэндээ хувийн, улсын цэцэрлэгийн хооронд олон зүйлийн асар том ялгаа бий /Үүнийг дараа дурдая/. Хүн амьд явах хугацаанд зөвхөн өөрийн барьж байгуулсан үлгэр домгийн мэт хашаан дотроо үлгэр домгийн мэт амьдрана гэж үгүй л болов уу. Хашаанаас гараад гишгэх газар минь аюулгүй, харилцах хүмүүс минь “эрүүл” байлгахын төлөө, аливаа асуудлаас зугтан өөрсдийгөө бөөцийлөхдөө биш дунд нь орж болох бүтэхээрээ гар бие оролцож явах нь зөв гэдэгтэй маргах хэн нэгэн гарахгүй л байх. Иймийн учир ганцхан өөрийн хүүхдээ төлбөртэй цэцэрлэгт явуулснаар улсын гэх цэцэрлэгийн өнөөгийн байгаа дүр төрхийг цаашаа цаашаа гээд өөрсдөөсөө холдуулах нь зохисгүй ч байж болох. Иймийн тулд эцэг эх бүр өнөөдрийн цэцэрлэгийн асуудалд “онош” тавьж, оношын дагуу “өвчлөлийг эмчлэхэд” гар бие оролцогч эмч нар байх нь зүйтэй гэсэн нэн түрүүний бодол байлаа.
УРДААР ОНОШЛОЁ: Жил бүрийн намар цэцэрлэг хүрэлцээгүй байна гэж шуугин үймж үймчихээд цэцэрлэгүүд хүүхдээ бүртгээд дууссаны дараагаар цэцэрлэгийн тухай яриа аажим аажимдаа таг чиг болдог. Өвөлжингөө утаа, хаваржингаа жагсаал цуглаан, зунжингаа найр наадам амралт зугаалга гээд улирлын чанартай сэдвүүдийн сүрэнд дарагдах цэцэрлэг сургуулийн асуудал дараа намар хүртэл арын эгнээнд шилждэг. Нэг иймэрхүү байдлаар олон жил явсан нь цэцэрлэгүүд “цэцэглэх” нь байтугай “нахиалж” ч амжилгүй явсаах өнөөгийн “архаг хомсдол”-ын эмгэгт баригдчихаад байна. Read the rest of this entry »