Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    March 2008
    M T W T F S S
    « Feb   Apr »
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
    31  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Санаачлага гаргахад нас багадахгүй

Posted by Оогийноо on March 17, 2008


Оршил.
Хэрэв таньд хэн нэгэнд туслах санаа байвч надад мөнгө алга, надад эрх мэдэл, албан тушаалын боломж бололцоо алга эсвэл цаг нь арай болоогүй байна гэсэн бодлоор туслалцаа хэрэгтэй байгаа нэгэнд гар сунгахаас татгалзсаар ирсэн үү. Магадгүй энэ асуулт надад ч бас хамаатай байх. Баавар гуай “Чи хоёр ээлжийн солих оймстой байж нэгийгээ бусдад илүүчилэх нь жинхэнэ утгаараа хүнд ч, өөртөө ч туслаж байгаа хэрэг” гэж хэлж байсныг би ердөө мартагдаггүй юм. Энэ үгийг хүлээн авсанаас хойш өнөөдрийг хүртэл би солих ээлжийн оймстой болох гэж өглөөнөөс орой хүртэл ажиллаж, бусдад ч дорвитойхон шиг туслаж чадахгүй байх энэ үед, цаг хугацаатай зэрэгцэн миний хэрэгцээ ч нэмэгдэж өөрийн хэрэгцээг гүйцэн түрүүлж, хүсэл шуналаа дараж гүйцэлдүүлэх гэсээр байтал нас маань харавсан сум адил шунигнан, би гэдэг хүн нэг мэдэхэд Ганданд суврага гороолж, хүрд эргүүлэн, будаа цацахаас хэтрэхгүй буянтан болж, бусдад туслах гээч зүйлийг санаж, бодож зүүдлэн мөрөөдсөөр л таяг тулсан эмгэн болох бололтой догоо.
Магадгүй Баавар гуайн хэлсэн тэр үг “чи өөрийнхөө чадах хэмжээнд хэрэгтэй хүнд нь туслаж чаддаг байх ёстой ч” гэсэн байж болох гэдгийг мунхаг би бээр хожмын идэр насандаа дүү нарынхаа хийсэн үйл хэргийг харж ойлгон бодож суунам.

Эхлэл. Ямар ч юм багаас л эхлэдэг. Тиймээс, санаа төвдөлгүй эхлүүлэх л хэрэгтэй. Монгол хүүхдийн төлөө гэсэн бидний уриалгын хүрээнд өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Б.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар тэргүүтэй Нисэхийн 7-р сургуулийн 11-р ангийн сурагчид, Бадамлянхуа хүүхдийн асрах төвийн дүү нартаа сэтгэлийн дэм өгч, туслалцаа үзүүлсэн юм.

МОНГОЛ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ БИД ӨӨРСДӨӨ гэх энэ уриа нь Монголчуудынхаа ирээдүй болсон хүүхэд багачуудын хувь заяаг “тэд л бололцоотой, тэд л хөрөнгөтөй” учраас туслаж байгаа юм хэмээн гадаадыханд даатган орхиж өөрөөсөө зайлуулдаг томчуудын алдаатай занг арилгаж, эрхлэж туньдаг хүүхэд насаа энэ дэлхийд мэндлэхдээ л гээж, амьдрал өөрөө хүнд бэрх гэж бодож яваа үе тэнгийн найз нартаа хүүхдүүд маань өөрсдөө санаачлага гарган туслахад нь түүнчлэн, бие биенээ дэмжин хамтын хүчээр хийж бүтээдэг хандлагыг нийгэмд төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа билээ. Энэ бүгдийн үр дүнд эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж чадах хүнлэг энэрэнгүй иргэн болж төлөвшин, хамгийн гол нь тэд маань нийгмийн хамгийн жижиг боловч хамгийн үнэтэй хэсэг болох аз жаргалтай гэр бүлийн сайн аав, сайн ээж болон хүмүүжээсэй гэж хүсэж байгаа юм.

Үнэндээ л Монголчууд бид … шинэ үеийн залуучууд бид ядарсан нэгэндээ нэг нүдээ даран хандаж, алсаас ажигладаг зангаа гээн дунд нь ороод холилддог, дунд нь ороод алдааг нь засаж залруулдаг, болохгүйг нь зааж сургадаг, ирээдүйгээ бид өөрөө өөрөөсдөө бүтээхэд идэвхитэй гар бие оролцож чаддаг бил үү.

Гадныхны гарт өсөн торниж байгаа хүүхэд монголчууд бие биенээ гэдэггүй гэсэн сэтгэлээр хүмүүжиж, элэг нэгт ахан дүүсдээ гоморхоод элэг буруулсан Монгол хүн болон хүмүүжээсэй гэж та хүсэхгүй байгаа биз дээ. Үнэндээ, бидний сэтгэл гаргаагүйд гар сунгаж, гудамжины нойтон хүйтэн цементэн дээр цаас дэвсэн унтаж байсан хүүхдүүдийг өргөн авч асран халамжилж байгаа гадны сайхан сэтгэлтэй хүмүүсийг буруушаах гэсэнгүй ээ. Хамгийн гол нь сэтгэл байхад бүгдийг байгаагүйгээс эхлүүлж чаддаг, эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзэж чаддаг, сэтгэл байхад бүгдийг бүтээж чаддаг гэдгийг тэд эх оронд минь ирээд бидний нүдэн дээр хийж бүтээж харуулж чадаад байхад бид өдөр бүрийнхээ нормын жижигхэн ажилдаа түүртээд, өөртөө ч өрөөлд ч цаг, сэтгэл гаргаж чадахгүй шар нар, бор хоногийг өнгөрөөн амьдарч байгаа нь хөөрхийлэлттэй санагдаж байна. Иймээс ирээдүйгээ гэсэн Монгол хүн таньд ч гэсэн тийм нэгэн сайхан сэтгэл байхгүй болсон гэдэгт бид итгэхгүй байна.

Энэ буруу сэтгэхүйг бид өөрчлөхгүй бол хэнийг өөрчил гээд ирээдүйгээ лонхтой шар аргатай хамт гударч мансууран, ирээдүйгээ тамхины иштэйгээ халмагхан шүлстэйгээ холин газар руу нулиман дэвслэчихээд амаараа дүүрэн Англи үг урсгаад “гэгээрээд” яваам вэ.

Бид таны найзуудтайгаа жарган зугаацах шар айрагны мөнгөнөөс хумслахаар гуйсангүй, бид таны залуу насны ааганд өнгө эрээлсэн тансаг хүүхний гуя илж тавлан суух цагнаас хороож жаргахын эрхийг хязгаарлая гэсэнгүй, бид таны гэрт орж хүүхдүүддээ хийж өгсөн аяга хоолноос нэг халбага хоол гувшихгүй ээ.

Зүгээр л таниас тархиндаа бидний санаачлагыг жаалхан тунгааж, өөрөө цаашид юу хийж чадахаа бодон, бидэнд хэлээч, бие биенээ дэмжээд хамтдаа ирээдүйгээ бүтээлцье гэж хэлэх гэсэн юм.

Тэгээд ч бид өнөөдөр өөрсдөө ойлгож ухаарч чадахгүй гэвээс дүү нараасаа суралцах хэрэгтэй юм байна гэж бодон дүү нарынхаа хийсэн сайхан үйлсийн талаар хүргэе.

Сэтгэл байвал халаасандаа 200 төгрөгтэй байхад л хангалттай. Аав ээжээсээ унааны мөнгө авдаг тэд маань, сургуулийнхаа хүүхдүүдийн дунд “ХУУЧИН Ч ГЭСЭН ЦЭВЭРХЭН ХУВЦАСАА ДҮҮ НАРТАЙ, НАЙЗУУДДАА БЭЛЭГЛЭЕ” гэсэн уриаг гарган долоо хоногийн аян өрнүүлжээ.
Тэдний энэ хөдөлгөөний гол санаа нь заавал шинэ байх албагүй харин ч өөрийн хайртай хувцасаа цэмцгэр угаан, нямбайлан эвхээд найзууддаа өгөхөд чиглэж байсан.
Сайхан цэвэрлэж угаасан хувцасыг сайхан үгээр эвлэж өгөх нь, брендийн шинэ хувцасыг шидлэн өгсөнөөс хавьгүй дээр гэдгийг дүү нар маань биднээс урьтаж ойлгосон хэрэг.
Өөрөөр хэлбэл, ядарсан нэгэнд чи ядарсан болохоор миний хуучин хувцас өмсөж байгаан, чи ядарсан болохоор би чамд шинэ боловч надад илүүдсэн хувцасаа өгч байгаам гэсэн сэдэл төрүүлэхээр биш, би таньд өөрт байгаа зүйлээр туслахыг үнэн сэтгэлээс хүсэж байгаам шүү гэдгийг үйл хөдлөл, үг хэлээр ойлгуулахад оршиж байсан билээ.

Харин өнгөрсөн Лхагва гарагт дүү маань ирээд “Оогий эгчээ нэг хүүхэд уг нь хуучин хувцасаа өгөхийг маш их хүсэж байгаа боловч, Ээж нь дургуйцээд муусайн асрамжийн юмнуудад өгч байснаас шатаасан дээр гэж байна. Тэгэхгүй бол манай гэр орон, хүүхдүүдийн хийморь үхнэ гээд өгөхгүй байна гэнээ. Би тэр хүүхдэд юу гэж хэлэх вэ” гээд надаас зөвлөгөө авахыг хүслээ.

Би тэр хүүхдэд “ахын дүү баярлалаа. Ээж нь тэгэж хэлээд өгөхгүй бол яахав дээ. Гэхдээ ах нь чамайг тусласан гээд нэрийг чинь бичээд хүүхдүүдэд заавал хэлнээ” гээд явуулчих гэлээ.

Аливаа сайн, муу үйлийн үр бүхэн өөрийн сэтгэлээс үүдэлтэй байдаг билээ. Хэрэв хүн ямарваа нэгэн үйлийг хийхдээ муу муухай сэтгэлийг агуулан үйлдвэл хичнээн сайн үйл байсан ч тэр нь урвуугаар эргэх нь ойлгомжтой юм. Энэ утгаараа, хэрэв тэр ээжээс албадан байж хувцасыг нь авбал дараа нь холбоогүй ч гэсэн ямарваа нэгэн муу муухай хэрэг тохиовол муусайн асрамжийн юмнуудад хувцас өгсөнөөс боллоо гэж хар буун тэрнээсээ эс юм болох бизээ. Үнэн чанартаа асрамжийн юмнуудад хувцас төдийнхөн өгсөндөө биш, өөрийн муу бодлын сэдлээр хийгдсэн үйлийн үр болгон эргэн бууж байгаа нь тэр бизээ. Үнэндээ, цаг зуурын байдлаар, нийгмийн нэгэн салхинд бүдэрч зүдэрч яваа ядуу хүмүүст миний эргэн тойрны хүмүүс тусласанаар муудсан түүхийг би хувьдаа мэдэхгүй юм билээ.

Ая тал засан бялдуулчлахын тулд олон саяын байр байшин өгч тусласанаас, яг хэрэгцээтэй хүнд нь нүдээ олон ганц тэвэнгээр туслаж чадвал тэр хүний баярласан сэтгэл, цагаа олоогүй тусаас ирсэн баярлалаагаас мянга түм дахин арвижин буух нь лавтай.

Тэр ээжийг 11-р ангийн, өөрийнхөө хүүхдээс дутуу сэтгэж яваад нь харамсанаас гадна зөв бодолтой хүүгийнхээ сэтгэлд бүү хар буулгачихаасай гэж бодож байлаа. Магадгүй, өөрийн хүүхдийн сайн сайхны төлөө гэж мухар сүсэгт хэт итгэсэн эхийн сэтгэл гэж ойлгож болох авч, бусдыг хүмүүжүүлдэг бусдыг асран тэтгэдэг эх хүн алсыг харж аливааг харьцуулан шинжиж чаддаг, өөрийн үртэй адилхан хүүхдүүдийг гэх уужим сэтгэлтэй байх ёстой бус уу гэж би бээр мунхаглан тэр эхийн “сэтгэлийг” үл ойлгон буруушааж суулаа.

Дүү нарын маань зохион байгуулсан аяны дүнд, 4 том шуудай хувцас цугларч нөгөөдүүл маань хувцасаа машин олж, хүндхэн ачаандаа түүртсээр Бадамлянхуагийн хүүхдүүдэд аваачиж өгсөн юм. Бид дүү нартай туслаад машин гаргаж өгч болох байсан ч нэгэнт эхлүүлсэн ажлаа өөрсдөө өөрсдийн гараар эцсийг үзэж дуусгах хэрэгтэй гэж бодсон билээ. Бадамлянхуагийн хүүхдүүд ах нартай баярлалаа гээд бяцхан урлагийн тоглолт хийж үзүүлсэн нь тэднийг маань улам бүр хөөрөн баясаж өөрсдийн хийсэн ажлаараа бахархах сэтгэлийг төрүүлж чадсан байна лээ.


Ямартай ч дүү нар маань гадны эмэгтэй Монгол хүүхдийн төлөө ямар их зүйл хийж байгааг олж харан, тэр хүнээр бахархаж, цаашид бид өөрсдөө, өөрсдийнхөө төлөө ийм сайн сайхан үйл хийж яагаад болохгүй юм гэсэн бодолтойгоор өөр өөрсдийн хүссэн мэргэжлийг эзэмшээд ирээдүйдээ туслах ёстой юм байна гэдгийг ойлгож, улам ч ихээр шамдан суралцах урамыг авсан нь олзуурхан онцлууштай үр дүн байлаа.
Мэдээж, энэ ажлын үр дүнд САЙХАН ИРЭЭДҮЙНХЭЭ ГАРТ САЙХАН ИРЭЭДҮЙГЭЭ ДААТГАЖ ӨГӨХ.

Бас хүнд туслах сэтгэлд, бусдын төлөө гэсэн сэтгэлд нас багадахгүй, овоож оцойсон мөнгөтэй байх шаардлагагүйгээс гадна автобусны 200 төгрөг халаасанд нь байхад л болох юм байна гэдгийг дүү нар маань ойлгосон юм.
Энэ ажлыг зохион байгуулсан хайртай дүү Б.Бат-Эрдэнэ, найз нар нь болох Давгасүрэн, Батбаяр болон Б.Батбаатар нартаа чин сэтгэлийн гүнээс талархасанаа илэрхийлж элсэлтийн шалгалтандаа амжилттай оролцоосой гэж хүсье.

Та өөрийн шинэ санал санаачлагаа Монгол хүүхэд сайтан дээр тавина уу.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: