Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    July 2008
    M T W T F S S
    « Jun   Aug »
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Гал зүрхшээх гайхамшиг

Posted by Оогийноо on July 19, 2008

1922 оноос ноцож эхэлсэн их хэлмэгдүүлэлтийн гал 1930-иад оны үед ид дүрэлзэж, айл бүрийг гашуун нулимсанд живүүлж, олон зуун сүм хийд, дуганы шатаж буй утаанд тэнгэр харанхуйлсан он жилүүдэд цөвүүн цагийн аймшигт үнэнээр хуйларсан хэлмэгдүүлэлтийн шуурга халдаж зүрхлээгүй цорын ганц хийд бол Чойжин Ламын сүм музей юм.

Нийслэл хотын чанх төвд чимээгүйхэн хэрнээ ихэмсэг дүнсийх энэ сүмд анхны долоо гэгдэх Бодоо, Данзан, Сүхбаатар, Лосол, Чойбалсан, Догсом, Амар нар Монголын төрийг хамгаалагч Улаан Жамсран бурханы өмнө мөргөж хурууныхаа өндгийг ханан модон тагштай сүүн дээр цусаа дусаан хүртэж тангарга өргөн “нам нуугдаж, сэм нийлье” гэмээн Ардын намыг байгуулж, аугаа үйл хэргийг эхлүүлсэн бөгөөд манай үе үеийн төр, нийгмийн нэрт зүтгэлтэнүүд “ах” нарын нүд харуулдан нууцаар ирж сүмийн шүтээнд мөргөн залбирч төрийн хэргийг зөв тийш нь залж чиглүүлэх адислалыг гуйн залбирдаг байсан гэдэг.
Хожим хувьсгалын үйл хэрэг бүтэж их жанжин Д.Сүхбаатар Нийслэл хүрээнд ирээд Чойжин ламын музейн хойно /хожим тэр газар 1925 онд Сүхбаатарын талбайг байгуулсан/ ард түмэндээ үг хэлж, түр засгийн газраа ч мөнхүү сүмийн хойно байгуулж байсан юм. Хожим 1951 онд Засгийн газрын ордныг сүмийн чанх хойно барьсан нь муу зүгээс ирэх аливаа хорлолоос Монголын төрийг Чойжин Ламын сүм, чойжин сахисууд хамгаалж байдаг гэсэн утга агуулагдаж байгаа бөгөөд эдүгээ Төрийн хүндэтгэл ёслолын ордны төв хэсэгт намирах төрийн далбаа Чойжин ламын сүм музейн Гол Сүмийн алтан ганжиртай нэг шугаманд давхцсан байдаг нь тохиолдлын хэрэг биш буй за.

Өдгөө нэг сая хүнтэй түм түчигнэн бум бужигнасан Улаанбаатар хотод өдрөөс өдөрт нэмэгдэн өндийх шил толь мэт өндөр барилгуудын сүүдэрт нар “үгүйлэн” намбайх Чойжин ламын сүм музей халдашгүй дархан, дуусашгүй баялаг, сүрдмээр ихэмсэг, үнэн гайхамшиг юм.
Илүү сартай хаврын хахирган өдөр Чойжин ламын музейн хашаагаар ороход зуны мишээх нар ганцхан энд онцгойлон тусаж байна уу даа гэлтэй сэтгэгдэл төрж байлаа. Услаж тордсон хөрс, чийг үнэртэн нар амтлан дэлбээлэх моносын модод, дардан зассан чулуун зам … шувуун жиргээнд хөглөгдөж, шившээ салхинд үнсүүлэхэд зөөлөн агаад түмэн амарлингуйг их хотын үймээнт амьдралын тэхий дунд мэдрэх нь чилж ядарсан шуугиант хотын хүмүүн надад сонин хийгээд гайхамшигтай санагдана.
Сүм музейн босгоор хөл тавьсан даруйд миний бие 21-р зуунаас 19-р зууны эхэн рүү, их түүхийн дуусашгүй гайхамшиг руу хөл алдан орлоо. Зуун наст Чойжин ламын сүмийн сүрлэг нууцлаг ертөнц надад ийнхүү шивнэлээ:

Чойжин Ламын сүмийг анх 1889-1902 онд ард түмний хандив тусламжаар Зүүн Хүрээнд Монгол улсын сүүлчийн Эзэн хаан, Шашин төрийг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст VIII Богд Живзундамба хутагтын төрсөн дүү, Монгол улсын төрийн их Чойжин, хар зүгийн тэрсүүтний омгийг дарагч Лувсанхайдавт зориулан Их хүрээний нэрт уран барилгач Омбын удирдлаган дор бүтээжээ. Чойжин ламын сүм нь Монголын төрийг хар зүгийхнээс хамгаалж, төрийн мэлмийг гийгүүлэх увидастай учир Манжийн хаан сүмийг барихад ихээхэн дургүйцэж байсан гэдэг. 1903 онд Зүүн хүрээн дэхь Чойжин ламын сүм учир битүүлгээр шатсан түүхтэй.

Чойжин лам буюу Лувсанхайдав нь урд хойдохыг харах билэг оюун төгс нэгэн байсны учир цөвүүн цаг ирэхэд соёлын үнэт дурсгалт зүйлсийг хамгаалан авч үлдэх хувь зохиолтой сүмийг барьж байгуулах нь нэн чухал гэж үзэн удаах жил нь буюу 1904 оноос эхлэн Чойжин ламын сүмийг барих ажлыг яаравчлуулсан байна.
Төрийн хэргийг дээлийн ханцуйд шивнэлдэн, сүүдрээ хүртэл хардаж байсан цэвүүн цаг байсан тул Лувсанхайдав буюу Чойжин лам өөрийн хөрөнгөөр хоёрхон жилийн дотор сүмийг барьж, дотоод заслыг эхлүүлсэн байна.
Гэвч Манжийн хаан, Монголын төрийг хамгаалан Чойжин бууж байх сүм хийд барихыг зөвшөөрөхгүй, сүмийг нураах, ажлыг зогсоох явуулга хийн, тэр ч байтугай Монголын эрх бүхий хүмүүсийг дарамталж байжээ.
Энэ үед Лувсанхайдав лматан уран арга, ов мэх хэрэглэн Манжийн хааны толгойг эргүүлж чадсан гэдэг. Тэрбээр 1906 онд Манжийн хаанд өргөн барьсан бичигтээ “Манжийн хааны түмэн өлзийг бататган, шашин төрийн өмнөөс чойжин бууж, эх болсон хамаг амьтны тусын тулд залбирал үйлдэж, өдөр бүр ном хурах учир өөрийн хүчин чадал, ард түмний дэмжлэгээр 55 тасалгаа бүхий сүмийг барьж босгов. Таныг урт удаан наслах, манжийн төрийг өнө удаан оршуулах үүднээс чойжин бууж байх тул нэр хайрлахыг хүсэн, есөн цагааныг бэлэг болгон хүргүүлж байна” хэмээн бичжээ. Энэ бичигт урамшин хөгжсөн Манжийн Бадруулт төр хаан “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээх нэр шагнан олгожээ.

Ийнхүү Монголчуудын сүлд хийморь ивээсэн завшаанаар 1908 онд Чойжин ламын сүм үүдээ нээсэн байна. Монгол төр шашныг хослон баригч, Нарангэрэлт түмэн наст VIII Богд Жибзундамба хутагт “Хар зүгийн шулмасын аймгийн омгийг дарагч, их амгалангийн урвалтгүй зүтгэн бүтээсэн орд харш” хэмээн нэрлэж Зэмэр, Найчин, Дорж шүгдэн хэмээх гурван Чойжингийн өмнөөс Чойжин буудаг, төр шашны нууц үйл ажиллагаа явуулдаг эгэл ардад хаалттай сүм болгожээ.

Иймд Чойжин ламын сүмд зөвхөн төр, шашины зүтгэлтэнүүд саатан морилж, төрийн их сахиус шүтээнд мөргөн залбирдаг, харин эгэл ард түмэнд хаалттай газар байжээ.

Үг ярих бүү хэл амьсгаа авахад бэрх хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд Монгол орон даяар сүм хийд, дугануудыг үүд хаалгыг хааж, галдан шатааж, түүний дотор байсан судар ном, бурхан тахил, бичиг соёлын үнэт дурсгалыг устган үгүй хийж байсан хүнд бэрх цаг үе байлаа.

Энэ үед монголын нэр бүхий сэхээтнүүд шашин, соёлын үнэт эд өлгийн зүйлийг аймаг хошуудаас цуглуулан Чойжин ламын сүмд төвлөрүүлээд, төрийнхөө дээд байгууллагад албан ёсны бичиг хүргүүлсэн байна. Энэхүү бичигт Чойжин ламын сүмд Монгол урчуудын ур ухаанаа шингээн бүтээсэн түүх соёлын үнэт бүтээлүүд хадгалагдан буй учир төрийн хамгаалалтанд авахыг хүссэн байдаг.
Орос ахын нүднээс буруулж, 1939 онд Чойжин ламын сүмийг улсын 1-р зэргийн хамгаалалтанд авсны ачаар өвөг дээдсийн маань соёлын үнэт дурсгалууд бидний үед өвлөгдөн ирсэн түүхтэй. Чойжин ламын сүмийг хамгаалахад Маршал Чойбалсан онцгойлон анхаарч байсан гэдэг. Учир нь Чойбалсан, Чойжин буух эрдэм чадлыг эзэмшсэн Бодоо ламын гэрт өсөн хүмүүжсэн төдийгүй түүний өргөмөл хүү байснаас гадна дээр өгүүлсэнчлэн хувьсгалын үг яриаг энэхүү сүмд нууцхан шивнэсэн анхны долоогийн нэг байсан билээ.

1942 онд Чойжин ламын сүмийг “Шашны түүхийн музей” болгосноор 1969 он хүртэл судалгаа шинжилгээний ажил хийх, тусгай зөвшөөрлөөр гадаадын төлөөлөгчдөд захиалгаар үйлчилдэг хаалтай музей байсан юм. Харин 1962 онд Чойжин ламын нууцлаг ертөнц эгэл ард түмэндээ анх үүд хаалгаа нээснээс хойш Чойжин ламын сүм музей гэж нэрийдэх болжээ.

Чойжин ламын сүм нь Монголын төрийг муу зүгийн ад зэтгэрээс хамгаалах ариун дагшин газар төдийгүй соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг түүхийн нугачаанаас аварч гарсан гайхамшигт орд юм. Чойжин ламын музейд хамгаалагдан хадгалагдсан үнэт зүйлсүүдээс Богд хааны ордон музей, Занабазарын дүрслэх урлагийн музей, Улсын төв номын санд шилжүүлэн сан хөмрөгийг нь баяжуулсан юм. Тухайлбал IV богдын Түвдээс авчирсан 108 боть Ганжуур ном Лхашидын тарни гүн ухаан, анагаах ухааны бүтээлүүдийг багтаасан Түвдийн гар бичмэл 226 боть Данжуурыг /номыг XVI зууны үед Монгол хэлээр орчуулагдсан/ Монгол Улсын Үндэсний номын санд, харин Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей байгуулагдах үед түүх соёлын хосгүй үнэт бүтээл болох Өндөр гэгээн Занабазарын эх бүтээлээс язгуурын таван бурханы дөрвийг, Цагаан дарь эх болон цамын баг бүрэн өмсгөлийн хамт танка, зээгт наамлын бүтээл зэрэг олон бүтээлүүдийг шилжүүлсэн юм. Түүнчлэн Богд хааны ордон музейд 21 дарь эх болон танка, зээгт наамлын бүтээл зэргийг хүлээлгэн өгсөн билээ.

Уран барилга, өв соёл, төрийн мэлмийг хамгаалагч энэхүү Чойжин ламын музейн цогцолбор чуулганд Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урласан “Дэмчиггарав”, “Аюуш”, “Доржсэмбэ”, “Майдар”, “Рэнжүү”, “Минтүг” зэрэг сонгодог бүтээлээс эхлээд 1000 жилийн өмнө Энэтхэгт урласан хүрэл суврага, Ёнзонхамба Балданчоймболын занданшуулан хатаасан шарил зэрэг Халхын нутаг хошуудын алдартай уран гартны авьяас билэг, бурхан ухаан, сүсэг биширлээр, урлан бүтээсэн бурханы шашны түүх, соёлын үнэ цэнтэй 6500 гаруй бүтээлүүдийн дээжис хадгалагдан байдаг.

Ийнхүү илүү сартай хаврын хоног өдрүүдэд зунтай урьтаж золгосон Чойжин ламын музей надад түүхэн гарвалаа өгүүлсэн бол дараа дараагийн удаад өөрийн үнэт нандин бүтээлийн түүхийг нэг бүрчлэн дэлгэн ярихаа аминчлан шивнэлээ.

/Үргэлжлэл бий/ЗӨВЛӨХ ЗӨГИЙ сэтгүүлээс авлаа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: