Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    December 2009
    M T W T F S S
    « Nov   Jan »
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Шүдэнз худалдагч охин

Posted by Оогийноо on December 7, 2009

Оршил: Хөнгөн цас зөөлхөн будраад л, агаар тунгалаг цэвэрхэн, тас хийсэн жавар хацар нүүрийг жиндүүлэх нь цаанаа  нэг өөр мэдрэмжийг төрүүлдэг.  Цас нэвсийтэл дарж, жавар тас няс хийлгэх тийм л хүйтэн өдөр олон жилийн өмнө зэрвэсхэн таараад өнгөрсөн ч, гүн дурсамжийг үлдээсэн нэгэн “зураглал” надад эргэн буудаг  юм.

Тэгэхэд би их сургуулийн 2-р курсийн оюутан байлаа. Сар бүр Соросын сангаас өгдөг стефентээ авчихаад   шинэ жил болох гэж байгаа учраас загвар сайтай хирнээ давгүй зузаахан гадуур хувцас авахаар болов. Тухайн үедээ  моодонд орж байсан  сөдөн, цагаан курткагийг,  ноолууран малгайтай хослуулан худалдаж авав.  Ингээд шинэхэн куртка, малгайгаа хурдхан өмсөж сургуульдаа явах гээд  бүтэн сайныг арай ядан өнгөрөөж нэг дэхь өдөртэй золголоо.

Өглөө эртлэн босоод бүх юмаа жин тан хийн, хувцасаа өмсөөд 7 өнгөрөөгөөд гэрээс гаран Гандангаар уруудан бөмбөгөр зүглэн алхав. Гэгээ арай орж амжаагүй харанхуй, том том дэлбэгэр цас нэвсийтэл орон, жавартай салхи час хийсэн хүйтэн өглөө байлаа.  Миний шинэхэн куртка илч дулаанаа алдаагүй болохоор галтай  пийшин дээр хэвтэж байгаа юм шиг л халуун дүйгэн төөнөөд, малгай маань ч зөөлөн дулаахан гэж чигтэйхэн хүйтнийг үл анзааран дуу аялсан шигээ алхана. Бөмбөгөрийн баруун талын автобусны зогсоолын талбай өнгөрч явтал урдаас 8, 10 настэй болов уу хоёр жаал ирж явав.

Арай жижигхэн биетэй дүү нь бололтой жаал нь хавар намрын нимэгхэн курткатай, нейлон материалтай бэлтгэлийн хар өмдтэй, өмдний дотор давхар ноосон өмдгүй гэмээр л нөгөөх нь салхинд биегүй юм шиг  ийш тийш холбироод, чихнийхэн нимгэн арьс замын хажуугийн гудамжны шар гэрэлд нэвт гэрэлтээд, хацар нь жаварт хайрагдан мэнчийтэл улайчихсан харагдав. Өнөөх жаал, дэргэдээ яваа хүүд дөхөн юм хэлэхэд нөгөөх нь хүзүүндээ байсан урт хар ороолтыг тайлан жаал хүүгийн толгойг ороогоод үлдсэн хэсгээр нь хүзүүг нь хулмайлдлаа.  Магадгүй тэр хүү “Ахаа би даараад байна” гэсэн болов уу гэж би бодов.  Саарал цамцан дээр том хар пиджак өмссөн тэр хөвгүүн харин ч дүүгээсээ нимгэн хувцастай байсан юм. Гудамжны шар өндөр гэрэлтүүлэг, гол дүрүүдийг тодотгох мэт хоёр хүүг дагаж тусаад байх шиг санагдаж билээ.

Тас няс хийсэн хүйтэнд хоёр хүү дэргэдүүр өнгөрөх хүмүүсийг анзаарах ч сөхөө байхгүй биений илчээ алдахгүй гэсэндээ хамаг биеэ хумин хураагаад хурдан хурдан алхлан өнгөрөх зуурт “Энэ муу өвлийг. Өвөл болдоггүй байсан бол ёстой сайхан байхгүй юу тиймээ” гэх тэдний яриаг би сонсож амжив.

Магадгүй юм даа. Өмсөх зузаан хувцас, илч гаргах түлээ, орогнох дулаан гэртэй хүмүүс л өвлийн тас хийсэн жаварт дурлан цагаан цасыг магтаж, шинэ жилийг баяр хөөртэй угтдаг байх. Харин энэ бүхэн үгүй хэн нэгэнд хамгийн муухай тэвсэр тэвчээр шалгах хэцүүхэн улирал өвөл байдаг бизээ.

Олон жилийн өмнөх энэ нэгэн дурсамжтай холбогдуулан алдарт Ханс Кристиан Андрерсоны “Шүдэнз худалдагч охин” үлгэрийг оруулж байна. Аль ч цаг үеийн, аль ч нийгэмд сүүдэр мэт дагаж сүүдэр мэт амьдралаар амьдардаг, нийгмийн бас нэгэн өнгө болсон амьдрал байх юм даа.

Биднийг  задгай галын илчинд шилэн болор хундагыг харшуулан суух тэр мөчид бидэнтэй зэрэгцэн амьдарч буй  ийм нэгэн хувь заяагаас амьдрал нүүрээ буруулж байх нь бий.

” Шүдэнз худалдагч охин” Ханс Кристиан Андерсон

Цас манаран, оройн харуй бүрий улам харанхуйлан байсан тэр үдшийн    хүйтнийг ямар байсан гэж санана. Энэ бол шинэ жилийн босгон дээр ганцхан удаа болдог битүүний үдэш байсан хэрэг шүү дээ.  Ийм хүйтэн харанхуй цагаар хөл, толгой нүцгэн гуйранч, бяцхан охин гудамжаар гэлдрэн явав. Үнэндээ гэрээс гуталтай гарсан боловч хэтэрхий томдсон хуучин шаахай нь хөөрхий охинд тийм их тус болох байсан гэж үү.  Энэ шаахайг урьд нь охины ээж өмсч байсан гэж бодвол хэр зэрэг том байсан нь аяндаа тодорхой болно биз дээ. Хар хурдаараа давхин явсан хоёр сүйх тэрэгнээс айж, зам хөндлөн гүйж гарахдаа өнөө муу шаахайгаа унагачихжээ.

Шаахайныхаа өрөөсөнг эрээд цөхөөд олсонгүй.  Нөгөөхийг нь танихгүй хүүхэд булааж аваад алга болов.  Хоёр хөл нь даарсандаа хөхийж мэнчийгээд, улаан юм болжээ.  Хуучин хормогчны халаасанд хэдэн хайрцаг чүдэнз хийсэн байх бөгөөд нэгийг гартаа барьж, бүх л өдөржин яваад ганц ч хайрцаг чүдэнз зарсангүй, даан ч гаслантай ажээ.  Мөрөө бүрхэн намирсан сайхан мушгаа шаргал үсийг нь цасан ширхэг дарах нь үзэмжтэй боловч одоо түүнийгээ сайхан гэж яахин мэдэх билээ. Гэгээвч бүхнээс гэрэл цацран гудамжинд явахад шарсан галууны сайхан үнэр ханхална. Шинэ он болж байгаа учир аргагүй шүү дээ.  Хөөрхий охинд юу эс бодогдох вэ дээ.  Тэр гэртээ харих замд нь байдаг мөргөцгийг арай гэж олжээ.  Тэнд хөлөө атиран суулаа.  Хүйтэн ч улам чангаран, гэртээ харих тун хэцүү байлаа. Ганц ч чүдэнз зараагүй, ганц ч зоос олоогүй болохоор ингээд харивал эцэг маань зодно гэж мэдэж байлаа. Тэднийхэн хагархай хананыхаа зай завсрыг бүс даавууныхаа тасархай, сүрэл өвсөөр чигжин, хаанаасаа бол хаанаасаа салхи сийгсэн хонгилд аж төрдөг тул гэртээ харилаа ч гэсэн адилхан даарна гэж бодож байв.


Гар нь бүр бээрч орхижээ. Өчүүхэн чүдэнзний цог гарыг нь бүлээцүүлж яаж чадах вэ. Юу ч гэсэн чүдэнз зурж,  гараа бүлээцүүлье гэж зоригложээ.  Нэг ширхэг чүдэнз зүрх гарган аваад зурвал дүрсхийн асаад тун ч таатай байв. Чүдэнз жижигхэн лаа мэт гэрэл гарган асч, охин гараа ээн байлаа. Охины нүдэнд цагаан бүтээлгээр бүтээгээд үнэт шаазан эдлэл өрсөн ширээ бүхий тасалгаа үзэгдэн ширээн дээр нь сайхан үнэр ханхлуулсан шарсан галуу, алим чавгаар алаглуулан дүүргэсэн таваг харагдав.  Гэнэт бүр ч гайхалтай юм боллоо.  Өнөөх галуу нуруу руугаа шаасан хутга сэрээтэйгээ босч, ухасхийн шалан дээгүүр гуйван дайван гүйв. Галууг ядуу охин руу ирж явтал гай болж чүдэнз унтраад охины өмнө нэвтрэн гарах аргагүй хүйтэн зэгэл хана бахь байдгаараа байж байлаа.

Охин дахин нэг чүдэнз зурав. Тэгтэл Христосын мэндэлсний өдрөөр засдаг үзэсгэлэнт сайхан чимэг гялалзуулсан сүлд модны өмнө сууж байлаа.  Түүний чимэг нь тэр нэгэн баян худалдаачны байшингийн цонхоор харсан сүлд модны чимэг чимэглэлээс илүү сүртэй, сайхан, үзэмжтэй байлаа.  Гацуурын ногоон мөчир дээр мянга мянган гэрэл ярайн, дэлгүүрийн үзмэрийг чимэн байдаг өнгө өнгийн зураг, чимэглэл охины өөдөөс ширтэв. Нэг бяцхан жаал хүрч ирээд гараас нь барьж автал чүдэнз унтрах нь тэр. Гэрэл нь улам улам дээшээ болсоор гэнэт тодхон галалзах од болон хувираад одны нэг гэрэлт мөр үлдээн, тэнгэрт харвав. Нас бараад тийм их удаагүй энэ орчлон дээр охиныг бусдаас хайрлаж байсан эмэг эх нь од , харвахад “Од харвахад нэг хүн бурхан болдог” гэж хэлсэн болохоор “Хэн нэгэн үхлээ дээ” гэж бодов.  Охин дахин нэг чүдэнз хананд зуртал эргэн тойрныг нь мэлсхийтэл гийгүүлэх гэрэл гэгээний дундаас дөлгөөн болоод хар нүдтэй, энэрэнгүй бөгөөд энхрий хайртай эмэг эх нь гарч ирэв. Охин тэр даруй, “Эмэг эх минь намайгаа аваач дээ. Намайгаа аваач. Чүдэнз унтрах л юм бол түрүүний халуун пийшин шиг, түрүүний амттай сайхан шарсан галуу шиг, түрүүний гайхамшигтай гоё сүлд мод шиг замхарна шүү дээ. Намайгаа бушуухан аваач” гэж хашгирав.

Эмэг эхийгээ байлгаж байхын тулд охин хайрцагт үлдсэн чүдэнзээ хурдан хурдан зурсаар байлаа. Чүдэнз дүрсхийн асаад өдрөөс ч илүү гэрэлтэй болж байв. Эмэг эх нь хэзээ ч ийм сүртэй сайхан байгаагүй байжээ. Охиныг гэрэл гэгээ, баяр баясгалангаар гийгүүлэн, гар дээрээ өргөхөд хоёул өндрөөс өндөрт хөөрөн хөөрсөөр өлсч цангадаггүй, хүйтэн болдоггүй, айх аюулгүй оронд хүрэх нь тэр…

Жавартай тэр өглөө гэртээ харих замд нь байдаг өнөөх мөргөцгөөс охиныг олов. Хацарт нь улаан туяа татан, уруулд нь инээмсэглэл тодорсон байх боловч нэгэнт амьсгалаа хураасан байлаа. Хуучин жилийн сүүлчийн өдөр хөөрхий охин ийнхүү өөд болжээ.
Шинэ оны наран чүдэнз худалдагч охины амгалан цогцсыг гийгүүлнэ. Тэрбээр бараг бүтэн хайрцаг чүдэнз зурсан байв.
– Охин дулаацах л гэж дээ гэлцэнэ.  Гэвч ямар гайхамшигтай юм үзсэнийг, ямар сайхан ертөнцийн дотор эмэг эхтэйгээ хамт шинэ оныг угтсаныг нь хэн ч мэдсэнгүй.

Төгсөв. Хоёр хүүтэй таарсан тэр өдрөөс хойш  олон жил өнгөрчээ.  Тэр хоёр хүү хаана, юу хийж явааг бурхан л мэдэх байх. Хэрэв хүний орчлонгийн сайн мууг амтлаж яваа бол одоо нас бие гүйцэж өөрсдийгөө хүний дайтай авч явах идэрхэн насандаа дээрээ л байгаа.

Цаг цагаараа байдаггүй, Цахилдаг хөхөөрөө байдаггүй ээ гэдэг биз дээ …

9 Responses to “Шүдэнз худалдагч охин”

  1. Anonymous said

    өрөвдөлтэй юм аа

  2. haliun said

    ямар өрөвдөлтэй ям бэ
    хөөрхөн бас өрөвдөлтэй

  3. Anonymous said

    HI NAIZAA UDAAN CH UULZSANGUI YU HIIGEED BNA DAA?CHINII tavisan bichlegiig uzeed ohiniig urubduud uilaal suuj bna kk

  4. Badamdorj said

    Sain baina uu?

    Tanii bichsen blog bolon tavisan zohnioliig unshlaa. Nadad ih taalagdlaa. Tanii tsaashdiin uil heregt undruus undur amjilt huseye.

    Hundetgesen,

    Badamdorj

  5. орлоо дээр байгаа “цонх”- ыг чинь уншаад өөрийг тань зураач хүн юм болов уу гэж бодлоо. хэрэв танд төвөгтэй биш бол миний майл хаягаар хариу өгнө үү

  6. ээбээ said

    Уншлаа, гоё. Би хорооллоос Ганданг дайрч Бөмбөгөр лүү алхадаг бас байлаа. Ойролцоо л алхаад байж дээ…ххэхэ

  7. Oogiinoo said

    Ганга эгчид: Тиймээ. Өлсгөлөн зовлон, айдас хүйдэсгүй амьдрал хүн бүхэнд байгаасай гэдгийг би ч бас хүсэж байна. Сэтгэгдэл үлдээсэнд маш их баярлалаа

    Сум_Уулд: Уйл уйл. Нулимс нүдийг цэвэрлэж бас сэтгэлийг тайтгаруулдаг ш дээ. Дурсамжийн минь төгсгөл өөдрөг, бас эерэг байгааз. Тийм болохоор уйлахад нулимс чинь цагаахан байгаа байхаа.

  8. Sum_Uul said

    buur neh ih uilmaar sanagdchihlaa

  9. ganga said

    She wanted to keep her grandmother with her. And the matches shone with such a radiance that it was brither than the light of day… there was no cold, no hunger, no fear-they were with God.

    Mundag uguulleg, duudei mundag buulgajee.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: