Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    February 2010
    M T W T F S S
    « Jan   Mar »
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Би багадаа

Posted by Оогийноо on February 24, 2010

Блогчин Бадрангуй буюу сэтгүүлч, яруу найрагч Ц.Галбадрахын “Би багадаа” төгсөшгүй цувралын дөрөвдүгээр дэвтэр хэвлэгдэн олны хүртээл болж буйтай холбогдуулан “Бадрангуй” блогт байдаг Бавуугийн Лхагварсүрэн гуайн “Би багадаа” нийтлэлийг хүргэж байна.  Бавуугийн Лхагвасүрэн гуайг олон олон хүн хүндэлж явдагийн адил би ч мөн адил ихэд хүндэтгэж явдаг бөгөөд  блогийнхоо “Гэрэлт хүмүүсийн сан хөмрөгөөс” буланд энэ их хүний тухай бага сага бичиж байсан юм. Блогчин Бадрангуйн тухай Соронзон ахын бичлэгийг эндээс дэлгэрэнгуй уншаарай. Заа энэ номыг  хурдан унших минь гэж л бодож байна даа.

Юм бүхэнд л хүрэхсэн гэж яарах. Сайхан хувцас өмсөх, шинэ дуу сурах, шүлэг бичиж, зураг зурах… ер юу эсийг мөрөөдөх вэ. Хүсэн тэмүүлсэн гэгээн цэлмэг зөн мөрөөдөл, зүүдэнд ирсэн хун шувуудтай хамт нисэх ч шиг. Хүүхэд нас аа гэж. Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Бавуугийн ЛХАГВАСҮРЭН “Надад бага нас байгаагүй” гэсэн шүлэг бичсэн байх юм.
…Хэрсүү хоёр хайрын уулын дунд
Хэлэх хөдлөхөө хүртэл битүү цэнэж
Зодуулах ах, шоглох дүүгүй орь ганц
Зоргоороо атлаа ижлээр дутаж өссөн болохоор
Надад бага нас байгаагүй… гэж ирээд л. Гэхдээ би түүнд бага нас байлгасан л юм даа. “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам” кино, “Тамгагүй төр”, “Хүйтэн сэнтий” драмын жүжиг, “Нарны домог”, “Нарны мөргөл” бүжгэн жүжиг, “Уянгын тойрог”, “Цагаан тэнхлэг”, “Ангир уураг”, “Гашуун өвс” нэртэй яруу найргийн ном бичсэн тэрбээр хүүхэд насаа ийн дурсах.

Ганцаараа эдэлсэн бага нас

-Би Төв аймгийн Өнжүүл сумын нутаг Баясгалан уулын өвөр Баянбулагийн дэнжид байгалийн дэлэн чинэх намар цагаар, сөл арай тасраагүй байхад төрсийм гэнэ лээ. Миний нутаг бол урагшаа харахад нэг их цэлийсэн талтай, Тавин жасын хөндий гэж. Тэр их талын дунд Бөтөөрий гэж зүрх шиг цохисон жижигхэн хар уул харагдах. Түүний ар дагзан дээр эхээс унасан хүн. Тал минь миний ааш араншинд нэг их оролцоогүй юм болов уу даа.

Бага нас минь бусадтай адил мөртлөө ганцаараа эдэлсэн бага нас байсан юм шиг ээ. Яагаад гэвэл би хүний ганц хүү. Миний эмээ Нацагням гэж хөгшин байв. Түүний ижий нь Тогооч. Их өндөр настай хүн байсан. Би эмээгийнхээ ээж дээр өссөн. Ээж минь айлын том нь болохоор эмээ айл болж гарахдаа ээжийг өөрийнхөө ээж дээр орхисон юм билээ. Тэгээд ээж намайг өөрийнхөө эмээ дээр өсгөсөн хэрэг.

Гурван нас хүртлээ би Өнжүүлд байсан. Өөрөөр хэлбэл, Өнжүүлийн цэцэг, чулуун дунд өвдгөө шороодож боссон. Тэгээд аавынхаа ажил албаны аясыг дагаж нутгаасаа жаахандаа “төөрсөн”. Аав аймгийн төвд ажиллах болсноор Зуунмод руу нүүсэн юм. Манайх томоо янхийсан сархинаг тоонотой гэртэй. Аймгийн төвд тийм том гэртэй айл тэр үед л лав байгаагүй. Ижийн ах хараагүй хүн манайд байх. Би тэр ахыгаа хөтлөөд Зуунмодны амыг уруудаж, өгсдөг байлаа. Хөөрхий минь төрөлхийн сохор биш. Цэргээс дөнгөж халагдаж байгаа хүүхдүүдэд янз бүрийн газраас л морь өгсөн аж. Харин манай ахад нэг гүү таарч. Гүүгээ унаад нутгаадаа явж. Морьтой олон залуус дарвиад ухасхийгээ л биз. Тэгтэл гүү нь бүдрээд уначихсан гэдэг. Гэртээ ирснээс хойш гурав хоноод л сохорчихсон гэж ярьдаг байв. Ах минь чулуу түүж алгандаа шажигнуулаад л, намайг тогло гээд өгөх. Өрөвдмөөр. Долоон настай байхад минь залуугаараа өнгөрсөн дөө, зайлуул. 33-хан настайдаа.
Багад үзсэн зовлон сэтгэлд үргэлж хадаатай байдаг. Хүнийг өрөвдөмтгий болсон минь түүнээс ч болсон биз.

Сургуульд орохын өмнөхөн даахийг минь үргээсэн

-Олон том хүний дунд өссөн болохоор тэр бүр хүүхдүүдтэй нийлээд байдаггүй, ер нь жаахан хувиа бодсон, харамчдуу хүүхэд байлаа. Ганц хүүхдийнхээ юмыг үрдэггүй, хаядаггүй юм байна. Намайг угаасан хонины шаант, баривч, багын даахь бүгд байгаа. Нандигнан хадгалдаг байж.

Найман настай нэгдүгээр ангид орохын өмнөхөн даахийг минь үргээсэн юмдаг. Нэг их гэзэгтэй, буруу энгэртэй дээлтэй хөгийн л юм явдаг байв. Даахь үргээхэд ардын ерөөлч Н.Тэрбиш гуай ирсэн. Манай аавын найз нь. Аавыг Өнжүүл сумын дарга байхад тэр сумын зарлага байсан юм гэнэ лээ. Галч ч хийж байж. Хоорондоо нас ойролцоо болохоор бие биеэрээ их тоглоно.

Хонгор гэзгээ
Хойш нь унжуулаад… гээд намайг ерөөж байсныг нь аав, ээж сүүлд ярьдаг сан. Би боддогийм. Тийм их бэлгэтэй сайхан хүн аман найргаар аравнайлсан болохоор би яруу найрагч болсон байх гэж. Түүнээс биш юу ч байх байсан юм билээ. Юмны учир, зөн совин, бэлгэ дэмбэрэл оргүй эд биш.

Наадмаар хүүгээ алдчих шахлаа

-Аймгийн төвд сургуульд орсон ч намайг нэгдүгээр анги төгсүүт манайх Лүн сум руу нүүсэн юм. Аав сум дундын шүүхийн даргаар тэнд очсон л доо. Хоёр жилийн дараа сум, нэгдлийн дарга болсон. Хичээл номдоо сайн сурагч байсаан.

Аав ээж хоёр аймаг, хот руу явчихна, заримдаа. Тэгэхэд нь би буурай эмээтэйгээ л үлдэх. Орой болохоор эмээ “Жадамба” гэдэг судар бариулаад гэрээ тойрч гороолоод ир гээд гүйлгэчихнэ. Гэрийн баруун талд явахад “Миний хүү хаа явна” гэх. Хоймрын алдад, бас хатавчин тушаа очиход ч дуудна. Гэрээсээ чимээлээд л. Би ч тойрч давхиж, давхиж байгаад ядарсан амьтан орж ирээд л унтаад өгнө. Энэ нь ч сүүлд хүү Хасартаа зориулж
“Уянгын тойрог” гэж шүлэг бичихэд араг яс нь болж сэтгэлд буусан даа.

Хонь мал гаргахад айлд гэдэс, зайдас хүргэж өгөхөөс эхлээд надад ажил мундахгүй. Би ер нь айл хэсэх дургүй, хүн юм өгөхөөр нь барьж сууж байгаад галынх нь дэргэд тавьчихаад гараад явчихдаг, тэгээд загнуулдаг хүүхэд байлаа. Хоёрдугаар ангид байхдаа ижийтэйгээ сумын наадам үзэж билээ. Би хүүхдүүдтэй тоглоод алга болчихоо л биз. Орой ирсэн хойно ижий “Өнөөдөр сумын наадам дээр хүүгээ алдчих шахлаа. Төөрөөд” гэж байсан сан. Сумын наадам хүн төөрөхөөр нүсэр болдоггүй шүү дээ.

Тавдугаар ангидаа хэдэн шүлэг хэвлүүлсэн

-Лүнгийн сургуулиас, манай нөгөө болон доод ангиас долоон гавьяат төрсөн дөө. Би уртын харайлт, гүйх мэтэд хоосонгүй. Янз бүрийн дугуйлан сургууль дээр хичээллэнэ. Тэр болгонд оролцоно. Тавдугаар ангид байхад юмдаг. Аймгийн “Туул” сэтгүүлд хэдэн шүлэг минь хэвлэгдэж байв. “Хоолонд”, “Сонгино”, “Дотуур байранд”, “Оргил” гээд хөгийн юмнууд байдаг юм. Шүлэг гэж хэлэхэд хэцүү. Тэр шүлгүүдийн гар ноорог нь одоо надад байдаг л юм.

Лүнгийн утга зохиолын дугуйлангийн эрхлэгч, малын их эмч Б.Бэгзсүрэн гэж яруу найрагч байлаа. Тэр хүн жинхэнэ айзам гэж, шүлэг гэж юу юм, яаж бичдэг юм гэдгийг надад зааж амлуулсан багш минь. Манай сургууль дээр шүлэг бичдэг багш хоёр, гурав байх. Лувсанжамбаа багшаа дууриан зурна. Зургийн хичээлд их сайн байсан. Уран зохиол, математикт бас гайгүй. Лувсандорж багш их олон номтой. Түүхийг их гоё заана. Тэр номонд нь архелогийн олдворын тухай их байх. Түүнд нь уруу татагдаад архелогич болох юмсан гэж мөрөөддөг байлаа.

Ер нь бүх юмны ул суурийг хангалттай тавьж өгч чаддаг байсан багш нараараа би бахархах дуртай. Цэдэндамбаа, Эрдэнэжав, Дамдинжав гээд.

Цаасан гинж наахаас шинэ жил эхлэнэ

-Намайг долдугаар анги төгссөн зун юмдаг. Ээж тэрүүхэндээ пөг пөг хийтэл инээгээд байна. Яасныг нь асуутал “Агваандорж овоон дээр гараад гутлаа тайлж, ороолтоо сэврээх гэтэл морь нь үргээд явчихаж. Тэгээд явган ирж гэнэ” гэдэг байгаа. Тэр хүн манай тэндээ л шивэртэйгээрээ алдартай хүн байсан юм. Тэгээд ижий надад “Миний хүү ч шивэргүй л дээ. Гэхдээ хөлөө сайн угааж байгаарай. Эр хүн чинь эмэгтэй хүний өвөрт хөлөөрөө эхэлж ордог юм шүү дээ” гэж билээ.

Туулын хөвөөнд үдээр шиг хөх юм л зуныг барна шүү дээ. Артелийн гуанзнаас хуушуур авч иднэ, алгын чинээ загас барина. Ерөөсөө л голын зах дээр. Гол амьдрал гол байв. Одоо энэ гавьяат жүжигчин Мягмарнаран, Идэрбат, эд нартай. Өвөл нь мөсөн дээр гулгана. Хөдөөгийн сургуулийн багш нар бүгд соён гэгээрүүлэгчид. Гулгана, тэшнэ. Хичээлээсээ гадуур өөрсдийгөө дуурайлгаад биднийг хүн болгодог байв.

Би өршөөлт Туулын хөвөөнд л хүн болсон доо. Гэхдээ үеийнхнээ бодвол бие бялдар тийм ч чанга байгаагүй. Жаахан улцгардуу хүүхэд байсан байх. Мөрөөрөө гэлдрээд л, юм ажиглаад л явдаг байв. Өмөөрөх ах эгч байхгүй болохоор өөрийгөө хамгаалах аргад суралцаж зодоон ч хийж сурсан. Хөдөө гадаа нэг их явахгүй ээ. Сумын төв бараадаад л. Суурин иргэншлийн бүтээгдэхүүн юм уу даа.

Шинэ жил, майн баяр, цагаан сар. Тэр үеийн шинэ жил их амттай болдог байв. Одоогийнх шиг юм болгон нь элбэг дэлбэг биш ч гэсэн. Цаасан гинж хийнэ. Түүнийгээ наана. Цаасан гинж нааж эхлэхээс л миний шинэ жил эхэлдэг байлаа. Цагаан сараар айлууд бэлэгт боов, чихэр, дэвтэр харандаа өгнө. Заримдаа манай ээжийн хүүхдүүдэд өгсөн боовыг айл хэсч яваад буцаагаад өвөртлөөд ирдэг л байв. Бэлэг нь эргэдэг цагаан сар дотор л өссөн дөө.

Аварга Ж.Мөнхбат охидод захиа бичүүлээд л…

-Намайг зараа гэж хочилдог байлаа. Би аймгийн төвөөс очсон болохоор хэрдээ л боловсон. Саарал пальтотой. Түүнийг хараад л тэгж нэрлэсэн юм байгаа биз. Даргын хүүхэд болохоор хангамж л арай илүү байсан юм болов уу даа. Унадаг дугуйтай. Түүнийгээ бусадтай хуваалцана. Миний дугуйг тэд л хэмхчинэ. Идэрбат, Мягмарнаран, түүний ах Баярням эд нар их зайдагнасан даа.

Би гэрээсээ хоол зөөнө, нөгөө хэддээ өгөх гэж. Борц хээр аваачиж чанаж иднэ. Лаазанд чанаад л цохичихно шүү дээ.

Одоо энэ дархан аварга Ж.Мөнхбат тавдугаар ангидаа Эрдэнэсантаас нэг том шар дээлтэй хүүхэд ирж байв. Надаас гурван анги ах. Мөнхбат намайг дагуулаад л явах. Охидод захиа өгүүлнэ. Би захиаг нь бичиж өгнө. Хичнээн охинд захиа өгүүлсөн юм, бүү мэд. “Яаж байна, нөгөөх чинь авсан уу” л гэх. “Авсаан” л гэх. Тэгсэн хэрнээ охидоос захианыхаа хариуг авдаггүй л байсан байх аа даа. Би долдугаар ангиа сурлага сайтай төгссөн болохоор Худалдааны техникумд орсон доо…

5 Responses to “Би багадаа”

  1. Oogiinoo said

    Bolorxon, Tsigaanaa 2-too setgegdel uldeesend bayarlalaa

  2. “Нулимстай дурсамж”-ийг нулимстай уншиж байж билээ. Б.Лхагвасүрэн гуайн ийм дурдатгалууд их гоё юмаа. Аа Бадрангуй гэж сайхан блог нээлээ. Ер мэддэггүй байсан юм байна шүү.

  3. Tsigaanaa said

    goy ym te.Baga nasaa neeren neg saihan ergetsvvlnee.Ingej saihan dursah ymtaim bolu. neeh hOgshin ch ym shig hehe.

  4. Oogiinoo said

    Сайн сэгсгэр эгч минь. Аанхаа тийн бий вий. Тэр номыг л олж авах санаа байгаам дааа

  5. segsger said

    huurhiin. Badranguitai urchigdar tursun udur deer taarch nomyg n harsooon /minii tursun udur bgaagui bolohoor nadaa uguugui kkkk/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: