Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    April 2010
    M T W T F S S
    « Mar   May »
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    2627282930  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

ХАДААС

Posted by Оогийноо on April 12, 2010

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ

Амьдралд ямар дүр бүтээхээр илгээгдсэн тэр дүрийг л чи бүтээнэ.

– “Ээжээ та айж байна уу.

– Ээжээ та даарч байна уу.

– Ээжээ та уйлаад байгаа юм уу даа” гэхчилэн хуруун чинээ өөдөсхөн үр нь ээжийгээ аргадан зогсоо зайгүй шулганана. Тас харанхуй өрөөнд эх хүү хоёр бие биедээ наалдан суусаар хэсэг хугацааны дараа царай царайгаа тодхон харахаар болжээ. Амьдрал хэцүү, амьд явах нь тэмцэл мэт санагдах хүний орчлонд бие биедээ гоморхон туньдаггүй хүмүүс бол эх хүү хоёр.

Ээж нь өвдөгөө тахирлан нугалаад хоёр хөлнийхөө завсар хүүгээ хийгээд суулгажээ.  Эх хүү хоёр энэ өрөөнд шөнийг өнгөрөөх нь ойлгомжтой болсон тул  нүдээ хүчилэн аниад унтахыг хичээнэ. Харанхуйн хаант улсад урилгагүй ирээд зай булаалдах эх хүү хоёрыг ад үзсэн өт хорхойнууд үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт арьсан дээгүүр эрх дураараа хэсүүчилэн гүйлдэж ирвэгнүүлнэ. Тэд зурвасхан хугацаанд дуг хийх  авч час хийх хазалтанд хар дарах мэт дав хийн цочин сэрнэ.

“Ээжээ та бид ийм амьдрал хүсэж энд ирээгүй биз дээ. Би том хүчтэй болонгуутаа л таныгаа эндээс аваад явнаа. Энэ тосгоны сүмд их сайхан сайхан хүмүүс цугладаг тиймээ. Бид хоёрт гоё хоол өгдөг тэр сайхан сэтгэлтэй мундаг том номлогч шиг хүн болонгуутаа л таныгаа аваад шууд эндээс яваад хоёулаа том хотод эсвэл Монголдоо очиж амьдрана. Тиймээ ээжээ.” гэж хүү нь ярьсаар л …

Ээж хүү хоёр энэ газар ирснээс хойш бүтэн сайны өглөө бүрийн  сүмийн мөргөлийг тэсэн ядан хүлээдэг болсоор 6 сарыг үджээ.

Сүмийн номлогч үл  ойлгох харийн хэлээр дуугаа нэг өндөрсгөж  нэг намсган заримдаа уйлах аргадахын завсарт хоолойгоо зангируулан уянгуулж,  хөл гараа савчуулан, нүүрнийхээ арьсыг есөн зүйлээр хувирган ихэд жүжиглэлтэйгээр ярих нь тун сонирхолтой санагдана. Эх хүү хоёр номлогчийн яриаг ухан ойлгохгүй ч хажуу зэргэлдээ суугаа итгэгч хүмүүсийн байр байдлаас сайн юм ярьж байгааг мэдэрдэг байлаа.

Тосгондоо л байхгүй хамгийн гоё, тансаг хийц бүхий барилгатай сүмийн тааз тээр өндөрт байх агаад ээж хүү 2 зөвхөн энэ л газарт амьдралын жаахан ч болов гэрлийг басхүү өөрсдийг нь хүн гэмээн дээдлэн харьцах тэрхүү эрхэм харьцааг мэдэрнэ.

Хүсэн хүлээдэг бүтэн сайны мөргөлийн энэ өдөр тусгай хөтөлбөртэй байсан тул цугларсан олонтой хоол идэн тоглож наадан суусаар нэг мэдэхэд үд дунд өнгөрсөнийг ухаарч гэртээ яаран ирэхэд будаан талбайд өдрийн тал ганцаараа ажилласандаа шарлахсан нөхөр нь эх хүү хоёрыг энэ өдрийн энэ шөнийг харанхуй пинд өнгөрөөх ялаар шийтгэсэн нь энэ байлаа.

Тосгоны ядуухан тариачны хог новшоо агуулдаг байсан пинг султган сүүлийн хэдэн жил ээж хүү хоёрыг гэсгээх шийтгэлийн гяндан болгон ашиглах болжээ. Салхивч, гэгээвч үгүй давчуу пинд шалавчилан дэвссэн сүрэл олон жилийн чийгт идэгдэн зөөлөрч ялзмагтаад огиудас хүргэм муухай үнэр тарьж, доороос намаг адил бамбалзуулан сорно. Босоод зогсоход толгойд тээглэх намхан таазтай учраас хагас суумгай байдлаар аль эсвэл нойтон ялзмаг сүрлэн дээр өвдөгөө нугалан суухаас зайлахгүй тул шөнөжин суугаад гарахад доод бөгсөн бие, хөлийн  арьс чийгэнд хөхөгдөн зөөлрөөд  идээлэн дэвтээсэн арьс мэт болдог ажээ. Эрүү шүүлтгүй ч аргагүй л гяндан гэлтэй.

ХОЁРДУГААР ХЭСЭГ

“Ээжээ та бид хоёр энэ амьдралыг хүсэж энд ирээгүй биз дээ” гэх хүүгийн дуу тодрон тодорсоор чихэн дээр бөмбөг тэсрэхтэй адил хэнгэрэгээс цус гоожтол чахрах дуунаар бүсгүй огил үсрэн орноосоо босон харайлаа.

Үүр цайх хараахан болоогүй ч өглөөний таван цагийн тахиа хоолой мэдэн орлино. Гэрэл асааж бусдын амгаланг үймүүлэхээс имээсэн бүсгүй хана тэмтчин явсаар ханын хуалинг нэг өдрөөр нэмэн тэмдэглэлээ.

Хүүгийн сураг тасран, цагдаагийн эрэл мухардаж, зүүдэнд айлгаж сэрээдэг энэ дуу хоолой бүсгүйн нойрыг хугасалсаар хоёр намрыг үзлээ.

Бүсгүйн өглөөний уншлага нь нар бүү мандаасай гэдэг хэдхэн үг. Нар мандахтай уралдан цагаан будааны талбайнд нуруу бөгтөртөж, хөлөө бэлцийтэл ажиллаж, нар жаргахтай зэрэгцэн аяганы амсар дуртай дургуй зуугаад өдөржин махийсан нуман нурууг модон нааран дээр тавихад эд эрхтэнээ гамгүй эдлэх эзэндээ гомдох нурууны хэдэн яс шар усаа гаслантайгаар тараан тэнийдэг билээ. Энэ бол бүсгүйн нэг өдрийн амьдрал.

… Хахир өвлийн хүндхэн саруудад  хамаг байдаг цуглуулсан хэдэн төгрөгөө нүүрсэнд өргөөд барьчихдаг бүсгүй хөл хөдөлгөөн ихтэй нэгэн зоогийн газарт ажилд орсоноор ямартай ч хоолны тавгаа сэтгэл зоволгүй дүүргэж идэхтэйгээ болжээ. Өдөр ирэх тусам хэрсүү сууж томрох хүүгээ яаж шуухан сургуулийн босго алхуулах вэ гэдэг нь түүний хамгийн том асуудал байлаа.

Яг энэ үед тэрбээр зоогийн газарт байнга хооллодог дотор хүнтэй танилцжээ. Үл уншигдах, цавчиж хөлбөрдөггүй бөглүү харцтай тэр хүнийг муу хүн гэж хэлэхэд түргэдсэн, сайн хүн гэхэд ахадсан дүгнэлт болчихмоор. Гэхдээ ангирын зулзага шиг байнга дагалдах хүү тэр хоёрт бусдаас арай дотно элгэмсүү хандана. 2 жилийн  турш хүүд нь байнга авчирч өгдөг амтат идээнд үү, долоо хоног бүрт гар татахгүй өгдөг хувцас, хэд гурван арватын дэвсгэртэд үү мэдэхгүй харийн залууг цаашаа гэхгүй болжээ.

Монголд хийж байсан гэрээт барилгын ажил дуусан нутаг буцахын алдад бүсгүйг нутагтаа аваачин хүүг нь сургуульд оруулж хамтдаа амьдрах санал тавьснаар бүсгүйн дараагийн амьдрал урд зүгт үргэлжилжээ.

Тэнгэрийн хаяатай нийлж захгүй үргэлжилэх шингэн ногоон тариан талбай, талбайг зурваслан хуваах явган хүний нарийн жим, далбагар сийрсэн малгайтай ахархан  хүмүүс, шар тоосгон намхан байшингууд, тэдгээрийн дотор тодоос тод үзэгдэх дээрээ загалмайтай христын сүм …

Адуун дэлэн дээр агсагнаж, тал нутагт тоос татуулан эрх дураар өсөж өтөлдөг тал нутгийн нүүдэлчин монголын үр сад болсон бүсгүй  тариалан талбайд тогоруу шиг тонголзох жижигхэн тосгоны энэхүү амьдралыг Монголд байхдаа хэрхэн төсөөлж чадахсан билээ.

Дөрвөн жилийн өмнө бүсгүй амьдрал минь дээшлэнээ гэсэн итгэл найдвартайгаар энэ тосгонд ирсэн байжээ …

ГУРАВДУГААР ХЭСЭГ

Энэ өглөөний нар тун хөгжилтэй мандлаа.

Бүсгүй будаан талбайн өмнөх өндөр уул давж үзүүр нь алдардаг машин зам даган тайван алхана. Уулын орой дээрээс гараа сарвачилан доош харлаа. Жин үдийн нар уулын баруун доохон энгэр бэл дэхь шар тоосгон байшин дээр зориулан гэрэлт илчээ онцгойлон тусгасан байх бөгөөд тэрхүү жижигхэн байшин дулаан зөөлөн харагдана. Гаднаа өнгө өнгийн цэцэгс нямбайлан тарьж тойруулан чимэглэсэн энэ байшин тосгонд ирээд үзсэн бүхий л оромжнуудаас хавьгүй илүү  илч дулаан ордон мэт санагдлаа. Бүсгүй болгоомжтойхон уруудсаар байшингийн үүдэнд ирэн шинэхэн нарс модны анхилам үнэртэй модон хаалгыг тогшихоор гараа алгуурхан өргөн завдлаа …..

“Үхээрийн муу тахиа чиний хүзүүг  мушигаад өд сөдийг чинь мулзлаад шараад идчихтэйн билээ” гэж бүсгүй үглэнэ. Сараар аргадуулж оддоор чимэглэсэн шөнийн зүүдэндээ л жаргалтайгаар амьдардаг бүсгүй тахиан дуунаар сэрэхдээ хэзээний дургуй билээ. Тиймдээ ч нар ургахтай зэрэгцээд шөнийн сартай хурдхан уулзахыг хүснэ.

Энэ тосгонд ирэхэд хүү нь 7 настай байсан. Нэгэнтээ нөхөр болсон харь залуугийн амлалтаар хүүгээ ном заалгах сургуульд биш намагт шигдсэн будаан түрүү “илэх” сургуульд оруулжээ. Ээж хүү хоёр өдөржин цагаан будаан талбай дээр тонгос тонгос хийнэ.

“Ээжээ тээр тэр уулыг давчих л юм бол бид хоёр гэртээ харьчих байх даа. Энд ирэнгүүт л намайг сургуульд оруулна гэж та хэлсэн биз дээ. Арай болоогүй юу. Заа яахав хүү нь таны хэлсэнээр будаагаа л сайн ургуулаад сайн ургац авбал сургуульд орох юм чинь тиймээ ээжээ” гэхчилэн хүү нь шулганадаг байжээ. Хүү нь алга болсоноос хойш түүний чихэнд шумуул жингэнэж, ялаа дүнгэнэхээс өөр үг үгүй болжээ.

Азаар энэ өдөр нар хурдан жаргалаа.

Шинэхэн нарс модны анхилам үнэртэй модон хаалгыг тогших гэсэн гарын  завдалтанд хаалга өөрөө онгойчихов. Анхилам сайхан үнэртэй модон тавилгаар тохижуулсан үүдний өрөөний дундах ширээн дээр тавиастай гурван аяганаас дөнгөж тавгалсан халуун хоолны уур савсана. Залгаа өрөөнөөс нүдэнд дулаахан насан өндөр хоёр буурал гарч ирэн хоолоо идэх  боловч гуравдахь аяганы эзэн гарч ирсэнгүй.

Бүсгүй хоёр буурлын гарч ирсэн өрөө рүү орлоо ……

Сайхан зүүдэндээ жаргалтайгаар умбасан бүсгүй 5 цагийн тахиан дууг алгасаад нөхөр болох харь залуугийн насан өндөр эмгэний таягны ёвролтоор сэрлээ.

Нар хэдийд мандаж шувууд хөгжөөнтэй дуулан жиргэж байх ажээ.

Уулын цаана өөр амьдрал буйг гадарлах ч үгүй энэ эмгэн бол ээж хүү хоёрын нүдэлж цагддаг харгалзагч. Цагаан будаан арвижих ширхэг бүхний шившилгээр эмгэний нуруу хэзээ ч тэнийхээргүй бөхийж, шувууных шиг жижигхэн хөл цаг хугацааны хатаасанд улам хатингаршираад тогтож гишгэхэд бэрх болсон хэдий ч ээж хүү хоёрын хөдөлгөөн бүрийг нягтлан харахтайгаа ажээ. Дотор газрын эртний заншил ёсоор  хүүхэд ахуй цагаас эхлэн бүсгүй хүний хөлийг лянхуа цэцгийн хэлбэртэй гуталт тааруулан хатаадаг эртний харгис заншилаас үлдсэн шинж тэмдэг нь эмгэний биедээ дэндүү багадсан бяцхаан хөл байлаа. Тэрхүү хөлнөөсөө болоод эмгэн бүх насаа дөрвөлжин хашаагаар хүрээлсэн алаг дарам газар өнгөрүүлсэн юм.

Хүүгийн гарахыг хүсдэг уул даван цувардаг туузан өргөн замаар  хүнд даацын тэрэг өдөржин сүлжилдэнэ. Нэгэн өдөр эмгэний зүүрмэглэх завсар бүсгүй хүүгээ аван уул руу гүйж  замын унаанд дайгдан монгол руу зүглэхийг боджээ. Хүүгээ чирсээр хөл мэдэн гүйсээр зам дээр  гар өргөн зогсох авч замын тэргэнүүд нүдгүй тоос үлдээн алга болно. Амьсгаадан тэмцсээр уулын оройд гарахын алдад  тосгоны эргүүлийн тэрэгтэй эмгэн, цагдаагийн хамт гүйцэж ирэн ээж хүү хоёрыг хүчээр суулгаж аваад харьжээ. Тэр орой нөхөр нь болох залуу ээж хүү хоёрыг ээлж дарааллан нэвширтэл зодож эцэс сүүлд нь шийтгэлийн харанхуй пинд хоёр шөнө хорьж шийтгэсэн билээ.

Энэ өдрийн нар бас л ахиад түргэн жаргалаа.

Бүсгүйг өрөөнд ороход цагаан цаасан дээр бийрээр зурсан зурагнуудыг ханаар дүүрэн өлгөжээ.

Ээж нь хүүтэйгээ тариан талбай дээр. Ээж нь хүүтэйгээ харанхуй пинд. Ээж нь хүүтэйгээ тэнгэрт нисэж буйгаар. Ээж нь хүүтэйгээ цэцэг түүж байгаагаар. Ээж нь хүүгээ сургуульд хүргэж байгаагаар.

Бүсгүй ханан дээрх зурагнуудыг хуулж аван энгэртээ тэврээд гартаа базлан эхэр татан уйлав. Зурагтай цааснууд бүсгүйн нулимсанд норон  өнгө бүрийн усан будгаар сүлэлдэн халтартаж зурагнууд одоо тэр гэхийн тэмдэггүй баларчээ.

Бүсгүй өөрийгөө сэрээлээ. “Үзэн яддаг  өглөөний нар чи яасан удаан мандана вэ. Бахирч орилдог үхээрийн тахиа чи өнөөдөр яагаад таг болов” гэж бүсгүй дотроо бухимдан хараагаад ханын хуанли руу ухасхийлээ. Олон жил сунжирч сарниулсан зүүд хүүг нь 3 жилийн дараа амьд гэдгийг хэлэх шиг.

Бүсгүй энэ өдрийн нарыг аз жаргалтайгаар угтаж, олон жил хүний бараа болсон эмгэнд эелдэг найрсагаар хандана.

Бүсгүй ажлаа цэгцлэх аядаад жаахан ундны ус богцлон хэзээ ч гарч байгаагүй тэрхүү уулын цаадахыг харахаар явлаа.

Хүүг алга болсоноос хойш бүсгүйн араас цагдаж захирах хүнгүй болжээ.

Бүсгүй ганц ч амралгүй мацсаар нэг мэдэхэд уулын оройд гарсан байлаа. Яг зүүдэнд гардаг жижигхэн тоосгон байшин уулын баруунтаа байх ажээ. Гурвын гурван жил бүдгэрч сунжирсан зүүдэнд гардаг яг тэр байшин. Бүсгүй бүдэрч унан өнхөрч ойчин гүйсээр байшинд ирэхэд аалзны тороор битүү хирж шивээлсэн хүнгүй байшин угтав. Хаалга хирсэн аалзны торыг гараараа урсаар үүдний том тасалгаагаар дамжин цаад өрөөнд ортол яг л зүүдэнд гардаг хар, шар, ногоон цэнхэр усан будгаар дурайтал зурсан зургууд шал, ханан дээр хөглөрч харагдана.

Ээж нь хүүтэйгээ тариан талбай дээр. Ээж нь хүүтэйгээ харанхуй өрөөнд. Ээж нь хүүтэйгээ тэнгэрт нисэж буйгаар. Ээж нь хүүтэйгээ цэцэг түүж байгаагаар. Ээж нь хүүгээ сургуульд хүргэж байгаагаар.

Зураг тэврэн цурхиран уйлсан бүсгүй эг мадаггүй эргэн өнөөх гэр лүүгээ гүйлээ.

Хүү нь хамгийн анх энэ тосгонд ирсэн, энд амьдарсан, эндээс алга болсон. Тэгэхээр хүү нь эндээс л ээжийгээ авах гэж ирнэ. Тэгэхээр хүү нь ээжийг хайсаар эргэн ирэхэд энд л байж хүлээх ёстой гэж эх бодон ханын хуалинг нэг нэгээр нэмэн амьдарч байлаа.

ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ

Хүү нь алга болж зүүдээр амьдарсан 3 жил, хүүгээ хүлээж уулын мухарт хадагдсан 7 жилийн дотор бүсгүй үрийн зулай үнэрлэж, нөхөр нь архаг хууч өвчнөөр нас барж тоосгон байшин, будаан талбайг сахин эмгэн, бүсгүй, хүү 3 үлджээ.

Бүсгүй цайруулсан будааг том түнтгэр гахайнд уутлаад хуурай пинд оруулахаар чирч гудчина. Бяд муутай бяцхан хүү уутны үзүүрээс дэмнэх боловч тус болохоосоо эс жин нэмнэ. Пинд арай ядан оруулчихаад даах хэмжээгээр хийхээс дээ гэж бодон аргашаа эргэтэл хуучин муу хашааны хаалга тар няр дуугарч онгойсоор албаны хүн орж ирлээ.

Халимаг тачирхан гял хар үстэй, ирмэг гарган нямбай индүүдсэн хар пансан өмдтэй, нимгэн цамцтай, гартаа жижигхэн саарал цүнх барьсан зэргээс харвал суурин газрын хүн бололтой. Нас идэр жавхаалаг хархүү бүсгүйд ойртон “Сайн байна уу ээжээ. Таныг авахаар хүү нь ирлээ” гэхэд бүсгүйн үг хоолой дээр ирээд хэг гээд гацчихжээ.

Олон жил зүүдээр амьдарсан бүсгүй энэ удаад бас зүүдэлж ч байж болох юм. Эвэршисэн мойнго хуруугаар гуяны дотор зөөлөн хэсгийг чимхэхэд өвдөлт мэдрэгдэх нь зүүд бишийг хэлнэ. Тэр нэгэн өдөр хүүгээ амьд гэдэгт баттай итгэсэн эх олон жил хүүгээ хүлээхдээ яаж уулзахаа хэзээ ч бодож байгаагүй байжээ.

Үерийн далан зад тавин тэсрэхтэй адил бүсгүй “Хэээг” гэж дуу алдаад шилэнд цав гартал муухай өнгөөр цурхиран уйллаа.

Хүү нь идэрхэн сайхан залуу болжээ. Тайвширсаны эцэст бүсгүй сайртаж эвэршисэн болхи гараараа идэрхэн залуугийн нүүр нүдийг тэмтчихэд хатуу ширүүн хуурай шиг гарын илэлтэнд залуун зөөлөн арьс ор гаран гүврүүтлээ.

“Шөнө дундуур намайг таниас нууж ороогоод ойрхон байх эмгэн өвгөн хоёрт үрчлүүлэх нэрээр хэдэн төгрөгөөр зарсан нь тэр хүний амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр байсан болов уу. Хүү нь тантайгаа уулзах гэж өдөр хоногийг хуруу даран тоолох болгондоо  таныг хүлээж байгаа гэдгийг өөртөө байнга итгүүлдэг байсан.  Үрчилж авсан эмээ өвөө хоёр ачлал буянтай сайн хүмүүс таарч би тэдний буянд өдий зэрэгтэй бусдаас дутаарахгүй хүн болж өслөө. Хүчтэй болонгуутаа л таныгаа авна гэж цаг үргэлж бодож байсан. Тэр ёсоороо хүү нь ирлээ. Одоо намайг түшээд хоёулаа Монголдоо очиж амьдарий” хүүгээ ингэж хэлэхэд бүсгүй олон жил хоосон хүлээгүйгээ мэдлээ.

Цаг хугацааны эрхээр яалт ч үгүй хорвоод хүн болж төрсөн үр, олон жил сахиул хийсэн эмгэнийг орхиод бүсгүй хаа хол явах билээ. Олон жил хүлээсний эцэст хүүтэйгээ уулзаж элгээ дэвтээж амарсан ч, хувь заяа бүсгүйг будаан намагт талбайд мөнхөд хадаастай байхаар зуржээ.

Хүүгээ харуулдсан цөхрөлтгүй хүлээлт ээжийг нь будаан талбайд хадсан бол одоо хувь заяаны зураас бүсгүйг яалт ч үгүй энд ахин үүрд хадааслахаар шийдсэн байлаа.

17 Responses to “ХАДААС”

  1. Baagii said

    эх хүү 2-ын сэтгэлийн далд хэлхээ гэдэг л энэ болов уу.хүү нь ээжийгээ том болоод энэ газраас аваад явна гэсэн бяцхан хүүгийн мөрөөдөл биелж байгаад баяртай байна, хэдийгээр ээж нь намаг дотор үлдэхээр болсон ч. Баярлалаа Баагий.амжилт хүсье,

  2. Mikarito said

    Perfect!!!

  3. eliya said

    солонгост яг ийм түүх болсон гэж би сонссон юм байна. харин хүү нь буцаад иржээ. надад ярьж өгсөнөөр бол хүүгээ эргэж ирнээ гээд тэнд ес дэхь жилдээ ажиллаж байгаа гэж сонссон юм байна. сайхан өгүүллэг байнаа

  4. yanjmaam said

    saihan uguulleg, daraagiin uguullegiig chini tesen yadan huleej baina

  5. Сэтгэгдэл бичсэн бүх уншигчиддаа бүгдэд баярлалаа.

    “энэ болсон явдалаас сэдвэлсэн юм шиг бнаа би дээр нэг энэ болсон явдалийн талаар уншиж бсан юм бна тэрэн дээр хэлэхдээ хүүн ээждээ [ийм амьдрал бэлгэлсэнд баярлалаа ээжээ] гэсэн зурвас үлдээгээд явсан бсан гэж бичсэн байсанийг санаж бна”. энэ сэтгэгдэлийг үлдээсэн зочинд баярлалаа. Та сайн санаж байна. Энэ бол болсон явдал. Нилээн хэдэн жилийн өмнө зуучилах газраар солонгос хүнтэй гэрлэсэн эмэгтэйд тохиосон азгүй гэмээр хувь заяа. Хүүхэд нь ээждээ ингэж бичээд өөрөө ээжийгээ орхиод алга болж одоо хүртэл ижий нь тэр газраа хүлээсээр байгаа гэдэг юм билээ. Харамсалтай нь хүү хаана байгаа нь мэдэгдэхгүй гээд … Харин энэ азгүй хувь заяаг би өөрөөр харахыг хүссэн юм. Хүү нь ижийдээ гомдоод ижийгээ тэрхүү аймшигтай шалбаагт орхиод явсан бишээр, бас хүү нь эргэж ирээд ижийгээ авахаар төсөөлөхөд надад сайхан байсан юм. Магадгүй тэр алга болсон хүү хэдэн жилийн дараа ингээд ирж болох ч юм шүү. Магадгүй дээр сэтгэгдэл бичсэн байгаа зочны “Монгол хүүгээс л гарах ухаан байна даа” гэж хэлсэнчилэн тэр хүү ижийгээ авахаар ирвэл жинхэнэ монгол хүү байна даа гэж бодох болноо.

    Хэдийгээр бодит байдал дээр хүү нь ээждээ эргэж ирээгүй байгаа хэдий ч би тэр азгүй хувь тавиланг өөрийнхөө энэ бичсэн байгаа шиг төсөөлөхөд надад сайхан байгаа юм.

    Ямарваа зохиол дандаа л амьдралтайгаа уялдаатай, амьдралаас ургасан гэдэг утгаараа би ч мөн адил эрт уншиж байсан нэгэн мэдээллийг ингэж ургуулан бичих гэж оролдсон ухаантай юм.
    Гэхдээ миний цорын ганц хүсэл бол өөрийнхөө үзгийн бийрээр л зурж, урлаж чадах тэрхүү эх хүү хоёрын хожмын учрал байсан юм шүү.

  6. Zochin said

    Сайхан ухаалаг төгсгөлтэй юм.

  7. Bayarlalaa said

    унэхээр сайхан бичсэн б.на таалагдлаа.ямарч хэтцүү тавилан бэ.Уунийг уншаад ийм тавилан монгол бусгуйчуудийг буу дайраасай.Бусгуйчууд маани уурсдуу ухаалаг байж уурсдийгуу боловсруулж ууруу уурийнхоо ирээдүйг ухаалгаар зов сонгож сураасай.

  8. Tiimuu said

    энэ болсон явдалаас сэдвэлсэн юм шиг бнаа би дээр нэг энэ болсон явдалийн талаар уншиж бсан юм бна тэрэн дээр хэлэхдээ хүүн ээждээ [ийм амьдрал бэлгэлсэнд баярлалаа ээжээ] гэсэн зурвас үлдээгээд явсан бсан гэж бичсэн байсанийг санаж бна

  9. Zochin said

    сайхан бичжээ.Үнэхээр их таалагдлаа. Баярлалаа

  10. Zochin said

    там там л гэх юм , тамтаггүй явах чинь тамийн зовлон шүүдээ хүүхнүүдээ.

  11. Zochin said

    ухаан сохор бол нуд сохор . хун ууруу шийдэж энэ зовлонг эдэлсэн бол тэр хуний уурийнх ни л буруу болох байх. хуурхий эхчүүд эмэгтэйчүүд мини бид чини монгол хуний голомтийг залгах урийг туруулж тэднийхээ тулуу ами нас амидрал бухнээ зориулдаг ч гэсэн ухаанаараа амидарвал зовохгуй алдахгуй амидарч болох л байх.амидралийн эрхээр л ийм зовлонд ортчих гээд байх ни хэтсүү умдаа. хэрвээ энэ явдал унэхээр болсон бол урувдултэй юмаа. монгол хуугийн ухаанийг биширмээр байна шуу.

  12. Гайхалтай сайхан байна. Их л олон талаас нь харсан байна шүү.

  13. Deppsu said

    Оо шээт. ямар гоё өгүүллэг вэ. үргэлжлэл нь хаана байгаан болооооооо

  14. oyunaa said

    sain bna uu? uurtei chin holbogdoj boloh uu? Hed heden zuil aasuuh gesen yumaa ?

  15. Nangaa said

    Uruvdultei yum aa unshij bhad nudend nulims tsiilegnej blaa. Iim goe uguulleg unshuulsand bayarlalaa. Emegtei hunii amidralaa gej…….

  16. Badmaa said

    yasan gunigtai tugsgul we!hyyg n daguulaad mongol yawuulchmaar l baina shyy

  17. glamour said

    хүн болгонд нэгийг бодуулж 2ыг сануулахаар сайхан бичлэг байнаа уншаад өөрийн эрхгүй нулимс дуслууллаа… хүн тэр тусмаа эмэгтэй хүн амьдралдаа зөв сонголт хийхгүй бол магад энэ эмэгтэй шиг хувь тавьлан хүлээх байх.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: