Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    December 2013
    M T W T F S S
    « Nov    
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    3031  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

ЦЭЦЭРЛЭГИЙН ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙГ нэгтгэх, оролцоог нэмэгдүүлж, хандлагыг “эмчлэх” ХЭНД ХЭРЭГТЭЙ ВЭ?

Posted by Оогийноо on December 12, 2013

“Шүүмжилснээр юу ч өөрчлөгдөхгүй, цагаа бүү үр. Зөвхөн хариуцлага тооцсоноор л өөрчлөлт ирдэг юм”

Алински, АНУ-ын нийгмийн нэрт зүтгэлтэн

Анхны туршлага: Үлгэр эрт урдын цагт гэж эхэлдэг билүү. Тэгвэл “нэгэн зүйл” үйлдэл болохоосоо өмнө бодол байжээ. Гэтэл бодол гээч нь ганцхан хүний зөөлөн инээмсэглэл, дулаан тэврэлтээс улбаатай байж. Инээмсэглэл, тэврэлтийн өдөр 9-р сарын 1. Энэ өдрийг баярлаж хүлээхээс улдаар түгшин жингэнэж байлаа. Учир нь цэцэрлэгийн сүр дуулиант бүртгэл,  багшийн муухай ааш, цэцэрлэгийн хэцүү орчин гэх мэт шил дараалсан мэдээллээр байнга бөмбөгдүүлэх мань мэтийн залуу ээж нар цэцэрлэгийн тухай ойлголт нь сөрөг бүхнээр цэнэглэгдсэн  байдагтай холбоотой байдаг болов уу. Тиймээс хэн бүхэн амин хайртай үрсээ цэцэрлэгт өгөхдөө айдастай байх нь аргагүй. 9-р сарын 1-нд бага ангийхан бол үнэнхүү түгшүүртэй санж. Хүүхэд болгон ангийн хаалгаараа амь тэмцэн уйлж орно. Хүүхдээ өгсөн эцэг эх цонх болгон дээр нүүрээ наан өөр өөрсдийн хүүхдээ олоод харчих гэж тэмүүлэн шамбааралдана. Сүүлдээ бага ангийн багш гарч ирээд “та нар яасан яршиг төвөгтэй улс вэ. Хүүхдээ өгсөн бол яваач дээ, хүүхдүүд чинь цонх руу хараад аав ээжийгээ хайгаад уйлалдаад тайвширахгүй байна” гэж хөөж загнав. Яруугийн аав бид хоёр сүүл мушиган охины өгөхөөр нэрийг нь асуусан боловч нэр алга. Би ч “заа ашгүй дээ” гэж бодлоо. Харин аав нь их л ууртай цэцэрлэгийн эрхлэгч рүү шунгинаж ороод Миний охиныг бүртгээгүй байна гэхэд дунд ангид бүртгэсэн байгааг хэлэв. Ингээд Яруугаа аваад дунд ангид очтол аль хэдийн хүүхдүүд нь тойроод суучихсан, харин бага ангийг бодоход тайван, нам гүмийн байдалтай. Ангийн багшийг дуудан охиноо өгөх гэтэл залуухан бүсгүй тун сайхан инээмсэглэн “Өөө заа хоёр настай юм уу тээ. Заа алив миний охин нааш ир” гээд охиныг минь сурмаг тэврэн цааш оров. Яруугийн том ам харагдаж амжилгүй, уйлах дуу нь хаалганы цаагуур орлоо.

Ингээд залуу багшийн инээмсэглэл, охиныг минь чанга тэвэрсэн тэр тэврэлт сөрөг бодлыг минь хормын төдийд “эмчилсэн” юм даа. Харин би өөрөө охиноо дасгах гэж 1 сарын хугацаанд цэцэрлэгээр ойр ойрхон эргэлдэхдээ цэцэрлэгийн багш нарын ажлыг нүдээр харж, ачааллын хүндийг өөрийн биеэр жаал жуулхан мэдрэх болов.

Цэцэрлэгийн ачаалал, ачааллаас үүдэн бидний хүүхдэд учирч болох хор уршигийн талаар ярихаар зарим хүмүүс “Мэдсээр байж чи хүүхдээ аваад өөр хувийн цэцэрлэгт өгөөч” гэнэ. Гэхдээ үнэндээ хувийн, улсын цэцэрлэгийн хооронд олон зүйлийн асар том ялгаа бий /Үүнийг дараа дурдая/. Хүн амьд явах хугацаанд зөвхөн өөрийн барьж байгуулсан үлгэр домгийн мэт хашаан дотроо үлгэр домгийн мэт амьдрана гэж үгүй л болов уу. Хашаанаас гараад гишгэх газар минь аюулгүй, харилцах хүмүүс минь “эрүүл” байлгахын төлөө, аливаа асуудлаас зугтан өөрсдийгөө бөөцийлөхдөө биш дунд нь орж болох бүтэхээрээ гар бие оролцож явах нь зөв гэдэгтэй маргах хэн нэгэн гарахгүй л байх. Иймийн учир ганцхан өөрийн хүүхдээ төлбөртэй цэцэрлэгт явуулснаар улсын гэх цэцэрлэгийн өнөөгийн байгаа дүр төрхийг цаашаа цаашаа гээд өөрсдөөсөө холдуулах нь зохисгүй ч байж болох. Иймийн тулд эцэг эх бүр өнөөдрийн цэцэрлэгийн асуудалд “онош” тавьж, оношын дагуу “өвчлөлийг эмчлэхэд” гар бие оролцогч эмч нар байх нь зүйтэй гэсэн нэн түрүүний бодол байлаа.

УРДААР ОНОШЛОЁ: Жил бүрийн намар цэцэрлэг хүрэлцээгүй байна гэж шуугин үймж үймчихээд цэцэрлэгүүд хүүхдээ бүртгээд дууссаны дараагаар цэцэрлэгийн тухай яриа аажим аажимдаа таг чиг болдог. Өвөлжингөө  утаа, хаваржингаа жагсаал цуглаан, зунжингаа найр наадам амралт зугаалга гээд улирлын чанартай сэдвүүдийн сүрэнд дарагдах цэцэрлэг сургуулийн асуудал дараа намар хүртэл арын эгнээнд шилждэг. Нэг иймэрхүү байдлаар олон жил явсан нь цэцэрлэгүүд “цэцэглэх” нь байтугай “нахиалж” ч амжилгүй явсаах өнөөгийн “архаг хомсдол”-ын эмгэгт баригдчихаад байна.

Ер нь хүн ам өсөхийн хэрээр цэцэрлэг сургуулийн асуудлыг байнга давхар тооцож явдаг байсан бол өнөөдрийн “архаг хомсдол” даамжирахгүй мөн “ойрын арван жилдээ гэртээ “галд шатаж” байгаа хүүхдүүдийг хамруулах цэцэрлэг барьж дийлэхгүй” гэмээн төр нь шилээ маажихгүй байсан болов уу. Сүүлийн үед их яригдаж байгаа боловсролын шинэчлэлийн асуудлыг зөвхөн Кембрижийн сургалтын стандартыг Монголд нутагшуулах төдийхөнөөр яриад баймааргүй. Өөрөөр хэлбэл, боловсролын шинэчлэлийг иш үндэсээс нь шагаймаар санагддаг. Үнэндээ бидний үр хүүхэд “Кембриждүүлж” дэлхийн иргэн болохоосоо өмнө өнөөгийн цэцэрлэгийн орчин нөхцөлд  “кембиржээ” хүлээн авах хэмжээнд “сурч хүмүүжиж” чадаж байна уу үгүй юу гэдгийг бодолцох хэрэгтэй биз.

Тэгвэл яг одоогоор Улаанбаатарын хэмжээнд цэцэрлэгт хамрагдах байдал ямар байгаа бол?

Өнөөгийн  нөхцөл байдал: Өнөөдөр цэцэрлэгийн чадамж ямар байна вэ?

2013 оны 11-р сарын 20-ны байдлаарх цэцэрлэгт хамрагдалтын судалгаа

2013 оны 11-р сарын 20-ны байдлаар нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж буй төрийн болон хувийн 129 цэцэрлэгт 97010 хүүхэд хамрагдаж байна. Харин цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийн тоо 31345 байна.

Publication1

ЦЭЦЭРЛЭГИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ӨГСӨН “ДҮН”: Өнөөдөр улсын гэлтгүй хувийн цэцэрлэгүүдийн чадамж ямар байна вэ, энэ тухай хэр ярьж хэлж, хяналт шаардлага тавьж байх ёстой вэ? Үндсэндээ, бид өөрсдөө үр хүүхдээ бэлдэж чадахгүй байна гэхээс илүү бэлдэх ЧАДАМЖГҮЙ байна гэж бодож байна. Яагаад??? Яагаад гэвэл аливаа зүйлийг бэлдэхэд нөхцөл байдал, нөөц боломж, боловсон хүчин, даац чадал хүртээмж гэх асуудлыг ярих ёстой. Гэтэл өнөөдрийн улсын ч, хувийн ч гэлтгүй цэцэрлэгүүд тэр бүгдийг гүйцээх ЧАДАМЖТАЙ байгаа эсэхэд хариулт нэхэж байх нь зүйтэй бизээ.

Publication1

Хэрэв хүүхдийг хүмүүжүүлэхэд эдгээр 4 хүчин зүйл нэн шаардлагатай гэж үзвэл өнөөдрийн цэцэрлэгийн “архаг хомсдол” дээрх  хүчин зүйлсийг эрүүл, зөв байлгах боломжийг нь НӨХЦӨЛДҮҮЛЖ чадаж байна уу, үгүй юу?

Publication1

Хүүхэд өсөж бойжих, өглөөний 8 цагаас оройн 5 цаг хүртэл бүтэн өдөр өнгөрөөдөг цэцэрлэгт та ч гэсэн өөрийнхөөрөө үнэлгээ өгөөд үзээрэй!!!

Цэцэрлэгийн хүрэлцээгүй, хэт ачаалалттай байдал нь нэг өдөр гэнэт гараад ирсэн биш гэдгийг бид мэднэ. Энэ олон жилийн турш эцэг эхчүүд мөн өөрсдөө асуудлыг тавьдаггүй чимээгүй дуугуй, хүлцэнгүй ноомой байсны үр дагавар. Ганцхан намарт л  цэцэрлэгийн бүртгэл эхлэхээр дээд газруудаас хүүхдүүдийг нэмж ав ав гэсэн гал унтраах арга хэрэглэж, түүнд эцэг эхчүүд бид чимээгүй гар бие оролцсоор явсантай холбоотой. Одоо бид гал унтраалцахад гар бие оролцох биш гал дүрэлзэхээс өмнө асуудлыг тавьж, түүнийхээ араас хөөлцөлдөж, шийдвэрлүүлэхэд нэгдэж, эрүүл орчинд хүмүүжиж төлөвших эрхээ хамгаалуулахад дуу хоолойгоо хүргэж чадахгүй байгаа нялх үрсийнхээ өмнөөс  эцэг эх бид өөрсдөө дуугарч байх шаардлагатай байна.

Нэг үгээр цэцэрлэгийн асуудлыг ганцхан багш нар, тухайн салбарт ажилладаг ажилчид биш эцэг эхчүүд өөрсдөө хурцаар, байнга тавьж байх нь зүйтэй биш гэж үү?

Яагаад гэвэл дээр зураглаж үзүүлсэнчилэн цэцэрлэгийн “архаг хомсдолд” орсны үр дүнгийн золиос нь, муу үр дагаварыг бидний ХҮҮХДҮҮД ҮҮРЧ БАЙГАА учраас чимээгүй байх нь зохисгүй  юм.

Бидний хүүхдүүд ямар муу үр дагавар үүрч байна?

Орчин нөхцөл: Намарт хүүхдээ нэмж ав гэж шахаас, ачааллын үр дүнд одоо нэг ангид 60-70 хүүхэд байна. Гэтэл анхнаасаа 20-25 хүүхдийн нормативаар байгуулагдсан квадрат метр, анги танхим. Ийм анги танхимд 60, 70н хүүхэд өглөөний 8 цагаас оройн 5 цаг хүртэл байхаар хүүхдүүд маань хүрэлцэх агаар ямаршуухан байдалтай болохуу? Үүнд судалгаа байна уу?. Гэтэл цэцэрлэгийн нас бол хамгийн их эрчимтэй өсөн торниж байдаг, хамгийн ихээр хоол унд болоод агаар салхи хэрэгтэй байдаг үе нь. Агаараар хүүхдийн уушиг баярлах биш тэдний тархи давхар тэжээгдэн хөгжиж, “мишээж” байдаг гэдгийг санах хэрэгтэй. Ингээд бодохоор бид миний л хүүхэд намар цэцэрлэгт орвол болоо гэж бүртгүүлснээрээ ирээдүйд хүүхдүүддээ ХҮЧИЛТӨРӨГЧИЙН АРХАГ ДУТАГШИЛ гэдэг зүйл авч өгөөгүй биш биз?

Хооллолт: Хүүхдийн хооллолтонд маш сайн анхаарах ёстой 3 нас байдаг гэж үздэг. Тэдгээр 3 чухал наснуудад хүүхдүүд хангалттай шим тэжээл авах хоол хүнс хэрэглэж чадвал суурь өвчлөлөөс эхлээд дархлааны нарийн систем үндсээрээ бүрдэнэ. Энэ чухал нас гээчид 2-5 нас багтжээ. Гэтэл сар болгон өгдөг хоолны хувьсах зардалыг нь хүүхдийн тоогоор өгөхгүй байгаа нь цэцэрлэгүүдийг ямар зардалаар одоо байгаа хүүхдийн тоонд хүрэлцэх хэмжээний хүнсний асуудлаа шийд гэж үлдээж байгаа юм бол?

Цэцэрлэгийн багшийн яриа: “Өмнөх жил манай цэцэрлэг 295 хүүхэдтэй байсан. Энэ намар боловсролын газраас хүүхдээ аль болох нэмж ав ав гэж шахсаар байгаад бид өнөөдөр 370 гаруй хүүхэдтэй ажиллаж байна. Гэтэл хоолны мөнгийг нь яг өмнөх жилийн 295 хүүхдийн тоогоор бодож шилжүүлсэн. Бид үлдсэн 100 гаруй хүүхдийн хоол ундыг ямар эх үүсвэрээс гаргах уу?. ТА БҮХНИЙ ХҮҮХЭД ТЭГЭХЭЭР НЭГ ХҮҮХДИЙН ИДЭХ ХООЛЫГ 2 ХУВААЖ ИДЭЖ БАЙНА ГЭСЭН ҮГ ШҮҮ ДЭЭ” гэв.

Багш болон хариуцлага: Өнөөдөр миний хүүхдэд анхаарал халамж тавьсангүй гэж ганцхан багшид хариуцлага үүрүүлэхийг ярихаас илүүтэйгээр хэт их ачаалалтай ажиллаж байгаа багшийн ХАРААНААС гадуур юу болж өнгөрөх бол гэдгийг мөн бодмоор. Түүнд хэн хариуцлага үүрч, хэнээс бид хариуцлага нэхэх вэ? гэдгийг мөн давхар тунгаая.

Хүүхэд бол байнгын “үсэргээнтэй”, хөдөлгөөнтэй байж гэмээн орчин тойрноо танин мэдэж, тэр хэрээр хөгжин бойжиж байдаг биологийн онцлогтой. Хүүхдийн насны онцлогоос шалтгаалан тэдний “санах ой” дунд, өсвөр насныхнаас тэс ондоо. Ялангуяа 2-5 насныхан бол далайн гүехэн эрэг орчмын тунгалаг усанд түм бумаар бужигнаж байдаг өнгө өнгийн жараахай л гэсэн үг. Мөн “гэрэлтэй гялалзсан” болгон рүү савайгүйхэн хүрч очдог дэнгийн эрвээхэй адил. Иймдээ ч тэдэнд томчуудын хайр халамж, байнгын хараа хяналт хэрэгтэй болдог.

Гэх мэт зөвхөн миний харж байгаагаар олон муу үр дагавар эцэг эхчүүд БИД биш харин бидний ҮР ХҮҮХДИЙН эрүүл мэнд, сургалт хүмүүжилд ирээдүйд гарахгүй гэж үү? Олон цэцэрлэгийн туршлагаас харахад эцэг эхчүүд улсын цэцэрлэгийн орчин нөхцөлийг сайжруулахад хүүхдүүддээ хэрэгцээ шаардлагатай байгаа зүйл дээр хувь нэмрээ оруулах гэж хандив мөнгө цуглуулах гэх мэтчилэнгээр ажилласаар иржээ. Сайшаалтай. Гэхдээ бид одоо авч өгсөн тоглоомоороо тоглуулах, тохижуулж өгсөн цэцэрлэгтээ ая тухтай байлгах орчинг эрүүл бүрдүүлэх, багш нарыг сэтгэл ханамжтай ажиллуулах суурь нөхцөлийг мөн давхар ярьдаг больё.

ЭЗЭН БИЕГҮЙ АСУУДЛУУД: Дээр хэлсэн. Эцэг эхчүүд бүгдээрээ асуудлаа мэддэг, гэхдээ асуудлынхаа араас хөөцөлдөж явдаггүй гэж. Учир нь хөөцөлдөж явах эзэн бие нь эцэг эхчүүд байх байтал тэд үүнийг цэцэрлэгт ажилладаг хүний үүрэг гэж ойлгох мэт өөрөөсөө холдуулж байна.

Амьдрал дээр хохирогчид асуудлаа ярьж хэлдэг. Гэтэл архаг хомсдолын “хохирогчид” бидний үр сад.  Даанч тэд маань эрхээ хамгаалахад дэндүү балчир байна. Иймд энэ бүх асуудлаар эцэг эхчүүд дуу хоолойгоо байнга хүргэж, нэгдмэл байх нь чухал.

Нэг эцэг эх, нэг цэцэрлэгийн Эцэг Эхийн Зөвлөл үүнийг ярьж хэлэхэд хүч сульдаж, мохоно. Харин бүх цэцэрлэгийн эцэг эхчүүдийг Эцэг Эхийхэн Зөвлөлөөр нь дамжуулж нэгтгээд, :

  1. Бидний хүүхдүүд даац хэтэрсэн цэцэрлэгт явж байгаагаар яаж хохирч байгааг байнга
  2. Иймд нэмж цэцэрлэг бариулахыг байнга
  3. Бидний хүүхдийн төлөө ажиллаж байгаа багш нарын цалинг нэмүүлэх тухай байнга
  4. Цэцэрлэг барьж чаддаггүй юмаа гэхэд хоолны мөнгийг нь хүүхдийн тоогоор өгдөг байх тухай асуудлыг байнга
  5. Хүүхдийн тоогоор хоолны мөнгө төсөвлөсөн бол тэр мөнгө яагаад цэцэрлэг дээрээ ирэхгүй алга болж байгаа асуудлыг байнга
  6. Ийм үед багш нарынхаа ажлыг эцэг эхчүүдэд эерэгээр ойлгуулж, багшийн хөдөлмөрийг үнэлэх,  хүндэтгэх сэтгэл  суулгахад хамтарч ажиллах, захиалгаар байнгын сургалт зохион байгуулдаг байх. Эцэг эхчүүдээр өөрсдөөр нь энэ тухай яриулах, мөн ачаалалттай байгаа багш нараа амруулах тал дээр санаачлага гаргаж ажилладаг байхад нь ойлголт төрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулдаг байх.
  7. Анх хүүхдээ цэцэрлэгт өгч байгаа эцэг эхчүүд хүүхдээ дасгах байдлаар цэцэрлэгт хэдэн цагаар хамт яагаад байж болохгүй юм? хэрэв ийм хууль журам байдаг бол үүнийг хэрэгжүүлэхэд эцэг эхчүүд мөн хамтдаа хүсэмжилье

гэх мэт асуудлыг шаардан, “ХАРИУЦАХ ЭЗЭН” нь Эцэг эхчүүд өөрсдөө байя. Үүний тулд нэгдэх ёстой бизээ.

Хөгжингүй орнуудад СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН БАГА БОЛОВСРОЛЫН ДЭМЖИГЧ ЭЦЭГ ЭХИЙН ХОЛБОО гэх байгууллага байх юм билээ. Тэдгээр байгууллага нь байнгын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цэцэрлэгийн хүүхдийн хоолны орц найрлага, сургалт зэрэгт хяналт тавиж санал оруулахаас гадна хүүхдийн хөгжлийн хөтөлбөрүүдийг боловсруулж түүнийгээ хэрэгжүүлдэг өргөн далайцтай үйл ажиллагаа явуулдаг хүчирхэг, чадамжтай байгууллага байдаг.

БИД Ч МӨН ИЙМ БАЙХ БОЛОМЖТОЙ БИШ ГЭЖ ҮҮ.

Энэ миний хувийн үзэл бодол. Танд ч гэсэн бодол байгаа л биз дээ?🙂

One Response to “ЦЭЦЭРЛЭГИЙН ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙГ нэгтгэх, оролцоог нэмэгдүүлж, хандлагыг “эмчлэх” ХЭНД ХЭРЭГТЭЙ ВЭ?”

  1. hashnaa said

    Зөндөө санаа авмаар, их мэдээ баримттай нийтлэл. Би таны фен шүү

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: