Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    November 2017
    M T W T F S S
    « Dec    
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    27282930  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 53,097 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Archive for the ‘Ярилцлага нийтлэл’ Category

ЦЭЦЭРЛЭГИЙН ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙГ нэгтгэх, оролцоог нэмэгдүүлж, хандлагыг “эмчлэх” ХЭНД ХЭРЭГТЭЙ ВЭ?

Posted by Оогийноо on December 12, 2013

“Шүүмжилснээр юу ч өөрчлөгдөхгүй, цагаа бүү үр. Зөвхөн хариуцлага тооцсоноор л өөрчлөлт ирдэг юм”

Алински, АНУ-ын нийгмийн нэрт зүтгэлтэн

Анхны туршлага: Үлгэр эрт урдын цагт гэж эхэлдэг билүү. Тэгвэл “нэгэн зүйл” үйлдэл болохоосоо өмнө бодол байжээ. Гэтэл бодол гээч нь ганцхан хүний зөөлөн инээмсэглэл, дулаан тэврэлтээс улбаатай байж. Инээмсэглэл, тэврэлтийн өдөр 9-р сарын 1. Энэ өдрийг баярлаж хүлээхээс улдаар түгшин жингэнэж байлаа. Учир нь цэцэрлэгийн сүр дуулиант бүртгэл,  багшийн муухай ааш, цэцэрлэгийн хэцүү орчин гэх мэт шил дараалсан мэдээллээр байнга бөмбөгдүүлэх мань мэтийн залуу ээж нар цэцэрлэгийн тухай ойлголт нь сөрөг бүхнээр цэнэглэгдсэн  байдагтай холбоотой байдаг болов уу. Тиймээс хэн бүхэн амин хайртай үрсээ цэцэрлэгт өгөхдөө айдастай байх нь аргагүй. 9-р сарын 1-нд бага ангийхан бол үнэнхүү түгшүүртэй санж. Хүүхэд болгон ангийн хаалгаараа амь тэмцэн уйлж орно. Хүүхдээ өгсөн эцэг эх цонх болгон дээр нүүрээ наан өөр өөрсдийн хүүхдээ олоод харчих гэж тэмүүлэн шамбааралдана. Сүүлдээ бага ангийн багш гарч ирээд “та нар яасан яршиг төвөгтэй улс вэ. Хүүхдээ өгсөн бол яваач дээ, хүүхдүүд чинь цонх руу хараад аав ээжийгээ хайгаад уйлалдаад тайвширахгүй байна” гэж хөөж загнав. Яруугийн аав бид хоёр сүүл мушиган охины өгөхөөр нэрийг нь асуусан боловч нэр алга. Би ч “заа ашгүй дээ” гэж бодлоо. Харин аав нь их л ууртай цэцэрлэгийн эрхлэгч рүү шунгинаж ороод Миний охиныг бүртгээгүй байна гэхэд дунд ангид бүртгэсэн байгааг хэлэв. Ингээд Яруугаа аваад дунд ангид очтол аль хэдийн хүүхдүүд нь тойроод суучихсан, харин бага ангийг бодоход тайван, нам гүмийн байдалтай. Ангийн багшийг дуудан охиноо өгөх гэтэл залуухан бүсгүй тун сайхан инээмсэглэн “Өөө заа хоёр настай юм уу тээ. Заа алив миний охин нааш ир” гээд охиныг минь сурмаг тэврэн цааш оров. Яруугийн том ам харагдаж амжилгүй, уйлах дуу нь хаалганы цаагуур орлоо.

Ингээд залуу багшийн инээмсэглэл, охиныг минь чанга тэвэрсэн тэр тэврэлт сөрөг бодлыг минь хормын төдийд “эмчилсэн” юм даа. Харин би өөрөө охиноо дасгах гэж 1 сарын хугацаанд цэцэрлэгээр ойр ойрхон эргэлдэхдээ цэцэрлэгийн багш нарын ажлыг нүдээр харж, ачааллын хүндийг өөрийн биеэр жаал жуулхан мэдрэх болов.

Цэцэрлэгийн ачаалал, ачааллаас үүдэн бидний хүүхдэд учирч болох хор уршигийн талаар ярихаар зарим хүмүүс “Мэдсээр байж чи хүүхдээ аваад өөр хувийн цэцэрлэгт өгөөч” гэнэ. Гэхдээ үнэндээ хувийн, улсын цэцэрлэгийн хооронд олон зүйлийн асар том ялгаа бий /Үүнийг дараа дурдая/. Хүн амьд явах хугацаанд зөвхөн өөрийн барьж байгуулсан үлгэр домгийн мэт хашаан дотроо үлгэр домгийн мэт амьдрана гэж үгүй л болов уу. Хашаанаас гараад гишгэх газар минь аюулгүй, харилцах хүмүүс минь “эрүүл” байлгахын төлөө, аливаа асуудлаас зугтан өөрсдийгөө бөөцийлөхдөө биш дунд нь орж болох бүтэхээрээ гар бие оролцож явах нь зөв гэдэгтэй маргах хэн нэгэн гарахгүй л байх. Иймийн учир ганцхан өөрийн хүүхдээ төлбөртэй цэцэрлэгт явуулснаар улсын гэх цэцэрлэгийн өнөөгийн байгаа дүр төрхийг цаашаа цаашаа гээд өөрсдөөсөө холдуулах нь зохисгүй ч байж болох. Иймийн тулд эцэг эх бүр өнөөдрийн цэцэрлэгийн асуудалд “онош” тавьж, оношын дагуу “өвчлөлийг эмчлэхэд” гар бие оролцогч эмч нар байх нь зүйтэй гэсэн нэн түрүүний бодол байлаа.

УРДААР ОНОШЛОЁ: Жил бүрийн намар цэцэрлэг хүрэлцээгүй байна гэж шуугин үймж үймчихээд цэцэрлэгүүд хүүхдээ бүртгээд дууссаны дараагаар цэцэрлэгийн тухай яриа аажим аажимдаа таг чиг болдог. Өвөлжингөө  утаа, хаваржингаа жагсаал цуглаан, зунжингаа найр наадам амралт зугаалга гээд улирлын чанартай сэдвүүдийн сүрэнд дарагдах цэцэрлэг сургуулийн асуудал дараа намар хүртэл арын эгнээнд шилждэг. Нэг иймэрхүү байдлаар олон жил явсан нь цэцэрлэгүүд “цэцэглэх” нь байтугай “нахиалж” ч амжилгүй явсаах өнөөгийн “архаг хомсдол”-ын эмгэгт баригдчихаад байна. Read the rest of this entry »

Advertisements

Posted in Хүүхэд бүр инээж байг, Цэцэрлэг, Ярилцлага нийтлэл, Яруугийн ээжийн тэмдэглэл | 1 Comment »

IQ –аас EQ болон SQ руу

Posted by Оогийноо on January 29, 2010

“Сайн байна уу” гэх мэндчилгээнээс бүх зүйл эхлэнэ.

Махан бие нь яах аргагүй хүн байдаг тэгсэн хэрнээ “сайн уу” гэх наад захын харилцааны үг хэрэглэж мэдэхгүй /сураагүй, заншаагүй, дадаагүй өөр одоо юу ч гэмээр юм вэ дээ/,  ямар ч хариу үйлдэл нийгмийн харилцаа үгүй гэвээс тухайн “биеийг” “адгуус амьтан” гэх үү … тэгэхээр арай доромжилсон болчих гээд байвал “хүнэнцэр” гэж хэлэх үү?

********************************************************************************************************

Намайг багад ганц ахтайгаа “нудрага зөрүүлдэг” адаар ааштай охин гэдэг байсан ч тухайн үед ахынхаа хэлж байгаа үгийг ойшоохгүй мэт царай гаргачихаад харин үг болгоныг угтаа хүлээж аваад ганцаарчилан боддог байлаа. Үнэндээ ах маань надаас хоёрхон насаар “хөгшин” ч их нухацтай “бурх” байдаг байв.

Хаврын конкурс болоход гуравхан сар дутуу.  Нэг группээр шалгалт өгөх найзуудтайгаа нийлээд бид хэд гэж нэг л их үстэй дээл нөмөрсөн нөхдүүд өглөөний 6 цаг болуу үгүй юу байрныхаа арын голын эрэг дээр цуглараад хичээл хийдэг байлаа. Хааяадаа бол үстэй дээлэндээ хамраа шургуулаад, дэвтэр дээрээ хамаг байдаг  шүлсээ гожуулаад унтчихдаг байв.

Read the rest of this entry »

Posted in Солонгосд бичсэн нь, Ярилцлага нийтлэл | 28 Comments »

“Ухамсарт үхэл үү” эсвэл улс төрийн өшөө авалт уу?

Posted by Оогийноо on May 26, 2009

Баасан гарагийн орой Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ру Му Хён “Тэсвэрлэж үл барах энэ шаналалыг төсөөлөн буулгахад бэрх байна. Миний үлдсэн амьдрал бусдад зөвхөн гай зовлон төвөг удна. Би одоо юу ч хийж чадахаасаа өнгөрсөн. Бүү гунигла. Амьдрах, үхэх гэдэг нь байгалийн жам ёс биш гэж үү? Хэнийг ч бүү зэмлэ. Энэ бол хувь тавилан. Намайг чандарлаад, гэрийн минь ойрхон оршуулаарай. Би энэ тухай удаан бодсоон” гэсэн богинохон зурвас үлдээгээд гэрийнхээ ардах уулнаас үсрэн амиа хорложээ.

Түүний үхэл залуучуудын бүтэлгүй хайрандаа гутран өндөр байшингаас “агшинддагаас” тэс ондоо удаан хугацаанд бодож гаргасан шийдвэр болох нь богинохон зурваснаас илт байлаа.

Сайн дураараа үхлээ даллаж өөрийгөө шийтгэх нь нүглээ наминчлах гэсэн арга уу, эсвэл амьдралд гутарч, зовлон шаналалаасаа хурдхан ангижрах гэсэн үйлдэл үү?

Амиа хорлох нь арчаагүй доройн шинж гэж Монголчууд үздэг. Мөн амиа хорлогсдыг диваажин ч, там ч хүлээн авдаггүй гэх. Гэтэл хүний үхлийн хамгийн дорд хэлбэрийг сонгон амиа егүүтгэсэн Солонгосын ерөнхийлөгч Ру Му Хёны үхлийг эх сурвалжууд 6 сая ам долларын хээл хахуулийн хэрэгтэй түлхүү холбон бичиж байна.

Улс төрийн тавцанд олон жил зүтгэхдээ олж авсан шудрага, хээл хахуулиас ангид гэсэн нэр хүндэд нь сэв суулгасан 6 сая ам долларын авилгалын хэрэг түүнийг амиа хорлоход хүргэж ард түмэн, нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа үхлээр цайруулж байгаа хэрэг үү?

Хэрэв 6 сая доллар авчихаад түүнийгээ ил тод хүлээн зөвшөөрч чадахгүйдээ шаналан амиа хорлож буй бол Монголд энэ мэт хэрэг үйлдсэн өч төчнөөн ихэс дээдэс шинэхэн сонгогдсон ерөнхийлөгчийн хийх ажилд “дэм үзүүлэн” ар араасаа уулнаас үсэрч, авилгалдаа ялзарсан Монгол амиа хорлох ухамсарт үйлдлийн үрээр дороо цэвэрших байх даа гэж!!!!!! …

Ямартай ч Хёнтэй холбоотой авилгалын хавтаст хэрэг түүний шарилын тагтай цуг хаагдлаа гэж Солонгосын хэвлэлүүдээр бичиж байна.

Ерөнхийлөгч асан Хёны үхлийн дараа Солонгосын Хууль зүйн сайд Ким Кён Хан “Түүнтэй холбоотой авилгалын хэргийг хааж байгаа. Харин экс ерөнхийлөгчийн гэр бүлтэй холбоотой мөрдөн байцаах ажиллагаа цаашид үргэлжлэх болно” гэж өнгөрсөн Бямба гарагт мэдэгдсэн.

Мэдээллийн эх сурвалжуудыг харахад ерөнхийлөгч асан Ру Му Хён яг өөрөө гардаж их хэмжээний мөнгө аваагүй ч түүний эхнэр, болон ойрын хамаатны хүмүүсийн олон сая доллар авч байсан үйлдэлүүд баримтаар хөдөлшгүй нотлогдсон гэж хууль хяналтынхан мэдээлж байгаа. Магадгүй сайн хүний нэрийг 3 худалдаж иднэ гэдэгтэй адил нөхрийнхөө нэр хүндээр түрүү барин өр барагдуулах зорилгоор түр хугацааны зээл гэмээн авч байсан сая сая доллар нь ханаж цадахаа мэдэхгүй сувдаг эхнэрийхэн гарын салаагаар урсаад дууссан байж болох талтай.

Сүүлийн жилүүдэд ерөнхийлөгч асан Ру Му Хёны гэр бүлийн гишүүдийн тансаглалын талаарх мэдээлэл Солонгосын шар хэвлэлийн хуудсыг дүүргэх гол сэдэв болж байсан гэх. Ерөнхийлөгчийн охины Америкийн нэгэн арлын далайн эрэг дээрх тансаг харш, 60 гарсан эхнэрийхэн насандаа ахадсан ямба, гоо сайхны мэс заслууд гэх сэдвүүд шар сонины сэтгүүлчдийн үзэгний бэхийг барж байжээ.

Гэтэл зарим нэгэн эх сурвалжуудын бичиж байгаагаар экс ерөнхийлөгч Хёны үхлийг Солонгосын одоогийн ерөнхийлөгч Lee Myung-bak-тай холбон тайлбарлаж байна. Биенээ үзэн ядахын дээдээр адалдаг улс төрийн 2 хүчин болох МАХН, Ардчилсан нам хоёр шиг эсрэг тэсрэг намаас гарсан хоёр төрийн тэргүүний хооронд улс төрийн өш хонзон байсан гэж сэтгүүлчид ид бичиж эхэллээ. Одоогийн ерөнхийлөгч Lee Myung-bak чамбай сайн найруулсан “хорынхоо” ачаар Хёныг сэтгэл зүйн гүн дарамтанд оруулж амиа хорлоход хүргэлээ гэж шуугих боллоо.

Баруун гар талаас экс ерөнхийлөгч Ру Му Хён, дэргэд нь одоогийн ерөнхийлөгч Ли Мүн Пак

Эрчимтэй хөгжиж яваа Өмнөд Солонгосын улс төрд буй үзэл суртал, эрх мэдлийн төлөөх тэмцэлийг Хён өөрийн үхлээр эцэс болгож, одоогийн ерөнхийлөгч Lee Myung-bak-ийн ардчлалыг аажим аажмаар хумиж буй нууцхан ажиллагааг илчилсэн анхааруулах дохио гэж бичиж байна.

5-р сарын 24-ны Ням гарагт экс ерөнхийлөгч Хёныг сүүлчийн замд үдэхээр Bongha тосгонд 200,000 гаруй хүн цугларч түүний зурагны өмнө хүндэтгэл үзүүлжээ. ӨӨР ОЛОН ЗУРГИЙГ

Ерөнхийлөгчийн зургийн өмнө хүндэтгэл үзүүлэхээр урт дараалалд 40 минут зогсох үед тэнд байсан хүмүүсийн амнаас “Lee Myung-bak killed him, Lee Myung-bak did it…” гэсэн үгс олонтой сонсогдож байлаа гэж тухайн үйл явдалыг сурвалжилж байсан Интернейшнл Кореа сонины сэтгүүлч Oh Yeon-ho бичжээ.

ӨМНӨД СОЛОНГОСЫН “ЛИНКОЛН”

“Ухамсарт” үхлээр өөрийгөө цайруулсан байж болох ерөнхийлөгч асан Ру Му Хёний түүхийг сонирхий.

Ру Му Хён нь Солонгосын түүхэнд их сургууль, коллежийн ширээ “илээгээгүй” анхны ерөнхийлөгч гэгддэг. Анхны ч гэж дээ. Одоо ч тийм хүн байхгүй. Харин Ру Му Хёныг Солонгосын түүхэнд анхны гэсэн олон гавьяаг байгуулсан хүн гэхэд хилсдэхгүй.

Доор өгүүлэх түүхээс түүнийг юунд анхных байсан гэдгийг мэдэх бизээ.

1946:
Тэрбээр 1946 онд Гимхай тосгонд ядуу тариачны гэр бүлд төржээ. Хёны ээж алсын хараатай, хүүхдийнхээ боловсролын төлөө сүүлчийн талхны мөнгөө ч зориулж чадах ухаалаг эмэгтэй байсан гэдэг. Ийм ч учраас тэрбээр ерөнхийлөгч болсон хойноо олон сонин сэтгүүлд ээжийнхээ тухай дурсан ярьсан нь олонтой байдаг байжээ. Ээж нь түүнд алдарт Кунзын сургаалийг уншуулдаг байсан нь Хёны ертөнцийг үзэх үзэл хийгээд үзэл бодол төлөвшихөд нь тулхтай багина болж чадсан байна.

1966: 1966 онд Пусаны ахлах сургуулийг дүүргэсний дараагаар нэгэн ахлах сургуулийн шөнийн харуулаар 2 жил ажиллан улмаар1968 онд цэрэгт явжээ. 3 жилийн цэргийн албанаас ирээд багийн дурлалт бүсгүй Вон Як Суктэй амьдрал зохиож нэгэн компанид загасны тор нэхэх ажил хийж байлаа. Гэвч Хёны цалин сар бүрийн байрны түрээс, идэж уух хоолны мөнгөнд бараг хүрэлцэхгүй шахам байжээ. Иймээс Хён амьдралаа өөд татахын тулд тухайн үедээ орлого сайтай хуульч болохоор шийдсэн байна.

Гэсэн ч түүнд их сургууль, коллежд суралцах мөнгө үгүй тул гэрээр хууль судалж, хуульч шүүгчээр ажиллах эрхийн шалгалтыг өгөхөөс өөр зам байсангүй.

1975: Ингээд 1975 онд 4 дахь удаагийнхаа оролдлогоор хуульчаар ажиллах эрхийн шалгалтыг амжилттай өгсөн нь өөртөө хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй амьдралаа бүхэлдээ өөрчлөх эхлэл байсан юм.

1979 онд Солонгосын Тагнуулын төв газрын дарга Chun Doo-hwan тухайн үеийн еөрнхийлөгч Park Chung Hee-ыг хөнөөж засгийн эрхийг авлаа. Тэрбээр нийгмийг шинэчлэж ардчилалыг өрнүүлж байна гэсэн нэрээр харгис аллага үйлдэж, их дээд сургууль, коллежүүдийг олноор нь хааж, сонин сэтгүүлийн амыг барих болов. Нэг үгээр Chun Doo-hwan цэргийн дэглэм тогтоож, цэргийн хүчээр төрийн эрхийг барих оролдлогыг эрээ цээргүй хийж байв.

Энэ үед Хён хүний эрхийн өмгөөлөгчөөр ажиллаж байжээ. Chun Doo-hwan-ийн цэргийн хүчээр Солонгосын эрхийг барих болсоны дараагаар оюутнууд нэгдэж түүний эсрэг цуглаан зохион байгуулахаар нууцаар цуглан ярилцдаг болжээ. Иймээс Chun Doo-hwan оюутнууд цуглардаг “Burim Incident” клубыг хориотой уран зохиол түгээн дэлгэрүүлж, буруунгуй онол судалж байна гэсэн нэрээр хааж, улмаар клубын гишүүн олон мянган оюутнуудыг эрүүдэн тамлаж эхлэв.

Шоронд эрүүдүүлэн тамлагдсан хоёр оюутны өмгөөлөгчөөр ажиллах үүрэг Хёнд ноогджээ. Хөлийн хуруунуудын бүх хумснууд нь унаж, нүдэнд нь цус хурсан 20 ч хүрээгүй залуусыг харсаны дараагаар Хён ихэд шаналж, цэргийн дэглэмийг түлхэн унагах хүсэл асар ихээр оргилсон гэж бичсэн байдаг. Энэ явдал түүнийг улс төрд ороход ч мөн нөлөөлсөн байна.

1987: 1987 оны 6-р сарын 10-нд Солонгосын түүх төдийгүй Хёны амьдралыг эргүүлэх бас нэгэн том өөрчлөлт гарчээ. Солонгосын орчин үеийн түүхэнд тодоос тод “6-р сарын хөдөлгөөн” /June struggle/ гэж тэмдэглэгдсэн энэхүү ардчилсан хөдөлгөөний томоохон лидер, манайхаар бол анхны“алтан хараацайнуудын” нэг нь яах аргагүй Хён байлаа. Нийгмийг өдөөн турхирсан гэж түүнийг 3 долоон хоног шоронд хорьсон ч дэмжигчдийн хүчээр суллагдаж байжээ.

1988: онд тэрбээр Үндэсний Ассемблейд сонгогдсон. Улс төрд ороод хийсэн анхны ажил нь авилгалд идэгдсэн засгийн газрыг мөрдөн шалгах тусгай хороог удирдах байлаа.

Улс төрд зүтгэсэн он жилүүдэд Хёнд сөрөг имижээс илүүтэйгээр эерэг имиж, нэр хүнд их байсан гэдэг. Ард түмэн түүнийг үндэсний бэлэг тэмдэг ерөнхийлөгч гэж үнэлж хүндэтгэж байсан. Улс төрчид, шүүмжлэгчид, нийгмийн идэвхитэй давхаргынхан түүнийг шудрага, голч ноён нуруутай гэж үнэлдэг.

Хёны нэр хүндийг тулах хоёр том хүчин зүйл байдаг гэж шүүмжлэгчид үздэг. Улс төр, засгийн эрхэнд орохоос өмнө буюу 1984 оноос эхлэн тэрбээр Байгаль орчныг хамгаалах асуудлаар амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг хүртэл дуу хоолойг нэгтгэж байсан ерөнхийлөгч. Энэ ч утгаараа төрийн өндөр албан тушаал хаших явцдаа хог боловсруулах асуудал, сэргээгдэх эрчим хүч, байгальд ээлтэй нийтийн тээврийн хэрэгсэл зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан оролцож байснаас гадна нийгмийн халамж үйлчилгээний талаар олон зүйл хийсэн гэдэг.

1997 онд Ким Дэй Жуны ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажилд идэвхийлэн оролцжээ. Сонгуулийн үеэр нийгмийн бүхий л давхаргад хүрч чадсан Хёны сонгуулийн бодлого нь Ким Дэй Жуныг ерөнхийлөгчөөр сонгогдоход нөлөөлсөн гэж улс төрчид үздэг байна.

Ингээд 1997 онд Ким Дэй Жуныг ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараагаа Хён Далай Тэнгисийн асуудал эрхэлсэн сайдаар ажиллах болов. Сайдаар ажиллаж байхдаа тэрбээр Солонгосын өнцөг буланд хүрч жирийн загасчин, томоохон бизнесмэн, иргэний нийгмийн байгууллагууд гээд бүх шатны иргэдтэй биечлэн уулзаж салбарынхаа асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн үзэл бодлыг түлхүү оруулдаг байсан учраас Хёныг ард түмний сайд байсан гэж нэрлэх болжээ. Иймээс ч ашиг, мөнгөний төлөө улайран зүтгэдэг бизнесменүүдээс илүү ажилчин ангид түүний хэрэгжүүлж байсан бодлого илүүтэйгээр таалагддаг байжээ. Сайдын хугацаанд хэрэгжүүлж байсан түүний яамны бодлого нь Солонгосын улс төр судлалд “мэдлэг дээр тулгуурласан” /практик дээр тулгуурласан/ гэдэг нэр томьёог оруулж ирсэн ч гэдэг.

2003: Ард түмэний дунд олсон түүний нэр хүнд, уясам дөлгөөн царай, сайхан инээмсэглэл зэрэг нь Хёнд 2003 оны Солонгосын ерөнхийлөгчийн суудлыг төвөггүй авчирч чадлаа. Тэрбээр илт давуу саналаар ерөнхийлөгч болсон байна. Хён бол Солонгосын түүхэнд хамгийн ихээр гоочлуулж байсан ерөнхийлөгч гэгддэг. Гэвч түүний хүний эрхийн төлөө тэмцэгч, ардчилалын анхдагч, байгаль орчны баримталж байсан бодлого, төрийн бодлогыг тэнцвэржүүлэхэд оруулсан хувь нэмэр зэрэг гавьяа нь түүнийг бүх зүйлээс цайруулж чаддаг байлаа.


“Цахим ерөнхийлөгч“

Хёныг ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Солонгосын хүн амын 70 гаруй хувь нь өдөр бүр интернет хэрэглэх боломжтой болжээ. Өнөөдөр захын жижигхэн тосгонд хүртэл интернет холболттой хавтгай дэлгэцээр дэлхийг тольдон харж болж байна.

Түүний засгийн газрын гол баримталж байсан бодлого нь төрийн бүх алба нэгжүүдийг цахим хэлбэрээр ажлаа явуулах “e-government” байлаа.

“Халтар царайт”
Солонгосын сэхээтэн нийгмийн давхрага болон сөрөг хүчнийхэн Хён-ыг “халтар царайт” гэж гоочилдог байлаа. Түүний элит биш удам угсаа Хёныг олон ч зүйл дээр гадуурхагдахад нөлөөлж байжээ.

Нээрээ л ажиглаж байхад Америкт боловсрол эзэмшсэн, англиар ярьдаг сэхээтнүүд Солонгосчуудын дунд хамгийн мундаг гэсэн “зүүсгэлийг” хүртдэг. Энэ ч утгаараа өнөөдрийн Солонгосын бүхий л шат дарааллын лидерүүд Америкт боловсрол эзэмшсэн, эсвэл тус улсад мэргэжил дээшлүүлсэн байдаг. Харин Хён ерөнхийлөгч болохоосоо өмнө Солонгосчуудын мөрөөдлийн Америкт сурах нь байтугай хөл тавьж ч үзэж байгаагүй гэдэг.

2003 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Хёны дорд угсаа гарлаар тоглоом хийсэн телевизийн рекламыг өрсөлдөгч сөрөг хүчнээс бэлтгэн цацаж байлаа. Гэсэн ч Хёныг Солонгосын “Линколн” гэж нэрлэх болсон нь түүнийг хоосонгүй илтгэж байгаа хэрэг биз.

Хён ерөнхийлөгчөөр ажиллах бүрэн эрхийнхээ хугацаанд засгийн газрын бодлогыг томоохон хотуудад тэнцвэртэйгээр шилжүүлэх ёстой, төрийн бодлогыг нэг газар төвлөрүүлэх нь буруу гэж үзэж энэ тал дээр багагүй ажлыг эхлүүлсэн байна. Иймээс Хёны засгийн эрхийн үед төрийн олон агентлагуудыг Тежон руу шилжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж байжээ. Түүний энэ бодлогын ачаар Тежон орчин үеийн дэвшилтэт хот болон хөгжих явц нь түргэссэн байна.

Төрийн эрх мэдэл, засаг захиргааны нэгжийг тэнцвэржүүлэх бодлого нь худалдаа бизнес, засаг захиргаа, соёл урлаг гээд бүх шатны бодлого 400 жилийн турш зөвхөн Сөүлд төвлөрч байсныг тэнцвэртэйгээр хувиарлаж, голлох бүс нутгуудад шилжүүлэх эхлэл нь байлаа.

Ямартай ч Ру Му Хён ард түмний дунд нэр хүндтэй ерөнхийлөгч байсан гэж бүхий л шатандаа үздэг юм билээ.

Харин түүний амиа хорлох болсон шалтгаан нь гэр бүлийхний их хэмжээний мөнгө бусдаас авснаас үүдсэн сэтгэлийн дарамт байв уу аль эсвэл хэвлэл мэдээллээр бичиж байгаа одоогийн ерөнхийлөгч Lee Myung-bak-ийн алсуур хийсэн улс төрийн өс хонзонгоос үүдэлтэй “аллага” байв уу гэдэг нь тайлагдашгүй үлдэж байна.

Англи хэлнээс эмхэтгэн нийтлэв.
Эх сурвалжууд:
http://news.bbc.co.uk/
http://cnn.com
http://www.japanfocus.org
http://www.s9.com/Biography/Roh-Moo-Hyun
http://www.koreatimes.co.kr/www/news/nation/2009/04/117_43503.html
http://english.ohmynews.com/ArticleView/article_view.asp?article_class=2&no=385276&rel_no=1
http://www.jejutimes.co.kr/news/articleView.html?idxno=56129tragedy
http://www.hani.co.kr/arti/society/society_general/344874.html

Posted in ОРЧУУЛЖ эмхэтгээд, Ярилцлага нийтлэл | 8 Comments »

Монголд хэн баян вэ – Надад сонголт байхгүй

Posted by Оогийноо on April 10, 2009

Саяхан болж өнгөрсөн найзуудын яриа:
“Монголд хэн баян юм вэ? Авдарныхаа хоосон, тогооныхоо цоорхойг “гайхуулан” Монгол нэрээр зээлийн барьцаа тавин хөлжигсөд баян. Баяжигсад Монголын нэрийг барьж гадаадаас зээл тусламж аваад тэрийгээ зөвхөн өөртөө зарцуулаад намайг хуурсан хүмүүс. Тэр Монгол гэдэг чинь би биш юм уу. Зөндөө олон “би”-гийн нэрийг барьцаалж авсан мөнгөө надаас нуугаад идчихнэ. “Би”-нүүд эцэст нь гадаадад “хар”-аараа дуудуулан эрхээ хасуулаад, хамгийн хүнд бэрхийг хийн хөдөлмөрлөж гэр бүлээ тэжээж байдаг. Тэр Энхбаяр, тэр Мянганбаярын унасан олон саяын машин “миний” машин. Би тэрний нэг шилийг хагалчихаад “энэ чинь миний эд хөрөнгө. Хүн луувангаа иднэ үү лаагаа иднэ үү хамаагүй гэдэг шиг би “өөрийнхөө” машины шилийг хагалаж байна уу үгүй юу чамд ер нь ямар хамаатай юм вэ” гэж болно шүү дээ гэцгээн багахан инээд болоод өнгөрч байлаа. хэхэ хульхидаад ч болов баяжсан нэгнийгээ хараад өөрөө чадаагүйдээ атаархаж байгаа Монгол “би”-гийн яриа.

Үүнийг бид хэн хүнгүй мэддэг мөртлөө өөдрөгөөр авч үзвэл инээд болгон онигоо мэтээр ярьж тэрүүхэндээ инээмсэглээд, ихээхэн сөргөөр ярьвал эднүүс бүгдийг идэж, уугаад дууслаа гэхээс цаашгүй үглэсээр явдаг хүмүүс юм даа.

Харамсалтай нь инээхээс цаагуурхыг сэтгэж өөрийн юм гээд шилийг нь хагалчихвал шууд гавлагдаад шоронд орох нь өнөөдрийн бодит үнэн.

Өнөөдөр нэт-ээс нийтлэл уншлаа. ААЛЗНЫ ТОР.
Үүнээс улбаалан эмх цэгц муутайхан бодол хөвөрсөнийг буулгахад:
Би гээч хүн эх орноос гараад нэн их хугацааг бараагүй ч өдөр бүр сонин эргүүлж мэдээ уншин тэр болгон мэдээллийн арын Пи Ар, хэний гар хөл хаана сарвагнаж байгааг хальт мулт мэргэжлийн хүмүүсийн амнаас сонсон араас нь өөрийн дүгнэлтийг тархины гүнд тунгаан суудаг байсан тэр боломж үгүй болоод багагүй хугацаа өнгөрлөө.
Нэт-д тавигдсан мэдээллээр Монголыг харж байна. Монголд байхдаа өдөр бүр сонин эргүүлэн, мэргэжлийн хүмүүсийн амнаас унасан “илүү үг”-ээр хачирлан дүгнэлт хийдэгтэй харьцуулахад нэт-р мэдээлэл авах нь бас л хязгаарлагдмал байх нь ойлгомжтой.

2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр миний бие улс төрийн томоохон хүчинд ажиллаж үзлээ. Энэ хугацаанд хамгийн ихээр мэдэрч харамсал төрсөн зүйл бол боомилогдсон хэвлэлийн эрх чөлөө /тэр үед үнэхээр үүнд бухимддаг байлаа/. Сонгуулийн үеэр хэвлэл мэдээлэл нь улс төрчид өөрсдийгөө сурталчилах хэрэгсэл гэхээс илүүтэйгээ өрсөлдөгчийнхөө араас буудах цэвэр хар Пи Ар-ын зэвсэг /би ажиллахдаа л ингэж бодсон/. Пи Ар гээч нь угтаа тархи угаах гэсэн үг юмуу даа. Магадгүй өрсөлдөгчөө матан доромжилоход хамгийн их мөнгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгдөг байж болох талтай.
Ингээд тухайн үед үнэн зөв мэдээллийг хэрхэн ямар сувгаар олж авах, эсвэл ямар мэдээллийг үнэн зөв байж болох вэ гэдэг асуултыг өөртөө эрхгүй тавих болов.
Энэ асуултандаа өөрөө “эргүүтдэг” байсан ч өдөр тутмын сонинг гарчиглан уншсаар л.

Гэхдээ үүнд нэг давуу тал байсан нь улс төрийн хүчнүүдэд үйлчилдэг сонингууд нэг сэдвийн мэдээлэл дээр хэрхэн өөр өөрсдийн өнцгөөс хандаж, хэрхэн өөрсдийн эрх ашигт нийцсэн Пи Ар явуулж байна гэдэг тун сонирхолтой санагддаг болов. Заримдаа бодит үнэнийг тийм гэж үү гэж итгэтэл гуйвуулан бичих сэтгүүлчийн ур чадвар, баримтыг гуйвуулан хөрвүүлэх нарийн торгон мэдрэмжийг нь гайхан бахдахад хүргэнэ.

Сонгуулиар монголын өдөр тутмын бүх сонингууд цусны эрчилсэн хурдтайгаар ажиллаж тэр хэмжээгээрээ ч “мөнгөждөг” нь ойлгомжтой. Улс төрийн хүчнүүд нэр хүндтэй сонингуудад өөрсдийн гуйвуулж, баг зүүсэн нийтлэл, мэдээллүүдийг тавихыг улайрч Ард түмний тархийг угаах хар Пи Ар-аа чадамгай хийсний эцсийн бүлэгт хөөрхий ард түмэн /улс төрчдийн ярьдагаар хар масс/ олон давтамжтай гарсан мэдээллийн жин дарсан хэсэг рүү далбийн сонгуулийн өдрүүдэд үнэхээр хөөрхийлөлттэй Утсан хүүхэлдэй болдог нь нууц биш. Бид үнэхээр том хар масс. Авсан мэдээллээсээ хамаарч бидний өнхөрөн хуйлрах чиг өөрчлөгдөнө. Үүний нэг тод жишээг бодитоор мэдэрсэн 7-р сарын 1.

Үнэхээр л, бэхийн дусал бүр нь гайгүй сайн үнэлэгддэг сэтгүүлчид энэ л үед хамгийн их хувийг халааслана. Хэдийгээр энэ нь амьдралын бүхэл бүтэн баталгаа болохгүй ч сарын цалингаас нь хамаагүй их байх бизээ. Тэдний үзэгний таталгаас урссан бэхний мөр бүр сэтгүүл зүйн салбарын шудрага зарчимыг хэлбийлгэж, амьдралын эрхээр гэдэг ходоодонд захирагдсан шүлстэй, сэтгүүлчийн ёс зүй газарт нулимагддаг. Мэдээж ходоод хоосон хүн шудрага ёс ярьсаар өлбөрч үхвэл хамгийн том “тэнэглэл” тэр болох бизээ. Гэхдээ өөрийнхөө мөн чанараа гээхгүйг хүсвэл ямар ч хүнд хоёрдогч сонголт, гарц байдаг гэдэгт итгэдэг.

2008 оны хавар. Мундаг сэтгүүлч болно гэсэн мөрөөдөлтэйгээр /бас эрэн сурвалжлах чиглэлээр ажиллана гэчихжээ. Залуу дэврүүн байждэээ гэж…/ би Монголын сэтгүүл зүйн салбарын нэгэн үеийг тодорхойлж явсан хурц үгтэй ирэмгий сэтгүүлч бүсгүйн гарын дор ажиллах хувь завшаан сайн сэтгүүлчдийн дэмжлэгтэйгээр тохиолоо. Мундаг туршлага, чадвартай “хурандаа”-гаар удирдуулсан “цэрэг” миний “байлдах” талбар улс төр байсан юм. яг УИХ-ын сонгуулийн үе таарч, Монголын томоохон улс төрийн хүчинд үйлчлэх болов. Хувь хүнийхээ хувьд амьдралын шуургыг сөрж яваа мундаг ч эмэгтэй. Түүний монголын сэтгүүл зүйн өнөөгийн нүүр царайг харан сэтгэлийнхээ гүнд шимширдэг шүүрс алдалтыг хэд хэдэн удаа мэдэрч байлаа.

Гэхдээ хэсэгхэн хугацаанд “улс төрийн” сэтгүүл зүйн салбарт ажиллах нь яг л дайны талбарт байлдах мэт санагдаж байсныг юунаас нуухав. Ядаж байхад яг тулаанд орж байгаа мэт шөнө дөлөөр түгшүүрийн дохио аван компьютер, бичиг хэргээ айн бэмбэгнэн зөөж, хуягт танк зэвсэглэсэн цэргүүдийг бэлэн байдалтай тушаал хүлээн зогсохыг харах ч бас л аймаар юм билээ. Ингээд надад сэтгүүлчээр ажиллах зориг бас дээрээс нь азаар сэтгүүлч хүнд зайлшгүй байх ёстой авьяас гээч дутав. Яг үнэндээ Монголд сэтгүүл зүйн салбарт ажиллаж хүний дайтай ар гэрээ авч явна гэдэг бол ёстой цэвэр эр зоригийн асуудал мэт санагдсан. Магадгүй цаг наргүй хамгийн хүнд хүчир ажил хийдэг мөртлөө хөдөлмөрийн хуулиар авах цалин нь үнэхээр маш бага. Би үүд бүх сэтгүүлчийн бичдэг салбар чиглэлийг биш харин яг нийгэмд хэрэгтэй гэсэн хурц асуудлаар бичдэг сэтгүүлчдийн тухай ярьж байгаам шүү.

Дарьны утаа үнэрлэн, газрын хаана нэгтээ бөмбөг дэлбэрэх бий гэсэн айдастай … үг хэлээ цэгнэн, бусдыг сэжиглэх нүдээр харж манайхан танайхан гэж талцан муудалцах, шаардлагатай бол өөрийнхөө итгэл үнэмшил, өөрийнхөө зөв /зөв бурууг гэхдээ хэн ч мэдэхгүй гэхдээ л тэд зөвхөн өөрсдийгөө зөв гээд дайрах нь аймшигтай/ -ын төлөө зодолдохоос цаагуур юм болох нь ойлгомжтой. Гэхдээ л эцсийн бүлэгт энэ бүхэн нэг л инээдтэй юман дээр тогтож байдаг нь МӨНГӨ. Нэг л инээдтэй шүү дээ тэр мөнгө гэдэг чинь хоосон цаас гэж хэлээд усан тэнэгээрээ дуудуулж байсан л даа.

Гэхдээ нам бүхэлдээ муу биш. Намаа дэмждэг түүнд зүрх сэтгэлээ зориулсан олон мянган шудрага чин үнэнч хүмүүсийн ачаар нам хүчтэй байдаг. Намын тогооноос гэдсээ хагарталаа ховдоглож байгаа тэр луйварчид, олигархууд одоог хүртэл тарганыхаа халуунд аахилан уухлан амь бөхтэй амьдарсаар ч байгаа биз.
Гэртээ идэх талхгүй ч төрийн минь хишиг гээд хүнд хүнд төмөр медалуудаа энгэртээ жирийтэл зүүчихсэн насны бөгсөнд медалаа ч даахгүй түүртэн “намынхаа байртайгаа цугтаа шатнаа” гээд нулимсаа дуслуулах тэр настангууд намд элсэхдээ буруу зүйлийг хүсээгүй, муу зүйлийг даллан дуудаагүй байсан нь лавтай.
Басхүү тэд ямар ч үед итгэл үнэмшилээсээ урваагүй дэмжигчид. Харин тэдний зүрх сэтгэл, итгэлийг буруугаар хөтлөн өөрсдийн хувийн эрх ашигт овжингоор завшиж байгаа тэр хүмүүс ….. үнэхээр аймшигтай.

ЖИЧ: Таныг ААЛЗНЫ ТОР нийтлэлийг уншсан гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр гадаадад байгаа олон монголчуудын адил сонголт хийх “эрхээ хасуулсан” ч энэ удаагийн сонгууль хоёрхон сонголтыг өгчээ. Эрхтэй байлаа ч энэ удаад НАДАД СОНГОЛТ БАЙХГҮЙ юм даа.
ХОЁРХОН Чавганц уралдвал нэг нь түрүүлнээ гэж

Posted in Ярилцлага нийтлэл | Leave a Comment »

Ү.ЮМЖИР: НАДАД ӨГСӨН ХАМГИЙН ТОМ БЭЛЭГ БОЛ МИНИЙ ГЭР БҮЛ

Posted by Оогийноо on February 17, 2009

Хэдэн сарын өмнө сэтгүүлийнхээ анхны дугаарыг гаргачихаад хөөрцөглөж байлаа. 2 дахь дугаарыг нь гаргах гэж явсаар байтал гарч амжилгүй “амьсгал хураачихав”. Уг нь 2 дахь дугаарт орох нийтлэл, бичлэгүүд бэлэн болчихсон байхад нөгөө л нэг хэдэн “халтар төгрөг”-нөөс болоод “амыг нь барьчихвоо” хөөрхий. Гэхдээ яахвээ. Ахиад гарганаа хэзээ нэгэн цагт, Харин ч маш сайхан зурагтай, өгүүлэмжтэй, гэгээлэг сэтгүүл гарганаа. Миний эх орны өв соёл, уламжлалт заншил гээд сайхан бүхнийг багтаасан, басхүү аль хэдийнээ толгойд зураглагдан хэвлэгдээд байгаа сэтгүүлээ сурч, судалж байгаа хэл дээрээ давхар орчуулаад гаргана гэсэн бодолтой байгаа. Блогчин анд Саншайн загварын шоугаа хийгээд удаагүй байхад нь түүнтэй ярилцсан юм. Гэхдээ хэвлүүлж амжаагүй ээ. Харин одоо блогтоо “хэвлэчихий”. Энэ ярилцлага сэтгүүлийн минь “Шинэ Үеийн Залуус” буланд зориулагдаж байлаа. Ингэхэд загвар зохион бүтээгч Саншайн маань ЭНЭ БЛОГИЙН эзэн юм шүү дээ.

Юун түрүүнд Glamour загварын шоугаа амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. “Эрт урдын үед биш
Энэ орчин цагт юм гэнэ
Ардын зураач Ядамсүрэн өвөөгийнхөө
Авъяаснаас амилсан охин тэнгэр нь болж
Төрийн соёрхолт Үржнээ аавынхаа
Түүхийг үргэлжлүүлэх хувь зохиолоор
Алтан нарны цацраг шиг үзэсгэлэнтэй
Авъяаслаг бяцхан охин мэндэлжээ …” гээд их гоё шүлгээр эхэлж байсан. Энэ шүлэгнээс аргагүй л гарын ур ухаантай сайхан гэр бүлд өсжээ гэх бахархал төрж суулаа. Бахархал төрөм сайхан гэр бүлийн тухай ялангуяа өвөөгийн тань тухай дурсамжаар яриагаа эхлэмээр байна.

Баярлалаа. Тиймээ би ийм сайхан гэр бүлд төрж өссөндөө баярладаг, бас гэр бүлээрээ бахархадаг. Миний өвөө төрийн соёрхолт Үржингийн Ядамсүрэн гэж эртний түүх соёлыг судалдаг, төвдөөр ном уншдаг эрдэмтэй буурал байлаа. Угсаатны зүй судлаач, урлаг судлаач, сурган хүмүүжүүлэгч тийм л хүн. Олон сайхан бүтээлүүд нь уран зургын галлерейд хадгалагдаж үлдсэн. Монголын олон үндэстэн ястаны хувцасыг судалж анх удаа бүрэн хэмжээний зурган албом гаргаж байсан нь одоо ч гэсэн угсаатны зүй төдийгүй урлаг соёл, түүхийн үнэт бүтээлд тооцогдож байна. Намайг 3-р ангид байхад өвөө маань бурхан болсон. Гурван хүүхэд нь бүгд аавынхаа мэргэжлийг өвлөн үлдсэн юм. Аав маань төрийн соёрхолт Ядамсүрэнгийн Үржнээ.
Миний аав Улаанбаатар хотноо байдаг олон сайхан түүх дурсгалын бүтээлүүдийг хийж төрийн соёрхолт зураач цол авсан юм. Зайсан толгойн эх загвар болоод доторх монументал чимэглэл, Лениний музейн гаднах чимэглэл, Гадаад Хэргийн яамны доторх Чингисийн хөргөөр хийсэн чулуун чимэглэл гээд л. Дурьдвал олон сайхан бүтээлүүд нь бий дээ.

Өвөөгийн маань өвгөн хуурч бүтээл нь ганцхан Монголд төдий биш дэлхийд танигдсан гэдгээр нь би бахархадаг. Монголчуудын бахархал болсон морин хуураар аялгуу тоглож байгаа тэр сайхан хөрөг бүтээл юм даа. Өвөө маань Лувсан гуай, Сүхбаатар, Хатанбаатар гэх мэт түүхэн бахархалт хүмүүсийн хөргийг бидэнд зургаар амилуулан үлдээсэн юм.

Авьяас билэгтэй энэ гэр бүлийн хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаан нь юунд байдаг болоо гэж асуумаар санагдаж байна. Анх тантай уулзаад ярилцахад “бүгдийг эерэгээр бодож, хүсдэг” гэж олон удаан хэлж байсан шүү.
Авьяас билэг гэхээс илүү хувь хүний хичээнгүй хөдөлмөрч зан чухал. Гэр бүлээс минь өгсөн хамгийн том бэлэг бол хөдөлмөрч зан, бага ч болов авьяас байлгүй яахав /кккккк инээв/. Аав, өвөө хоёр маань зүгээр сууна гэж нэгээхэн ч үгүй. Яг ажлаа хийж байхад нь Бид саад болохгүй гээд аль болох чимээ гаргахгүйг хичээнэ.
Ээж маань мөн сурган хүмүүжүүлэгч, их сургууль ТИС-д түүх, гүн ухааны хичээлийг олон жил заасан. Аавын ажлыг их дэмждэг байлаа.

Өвөө, аав хоёрынхоо тухай сайхан дурсамжаас хуваалцаач. Хүүхэд насны тань ой тоонд хадгалагдан үлдсэн бүхнээ?

Би багадаа тун дэггүй хүүхэд байлаа. Дэггүй гэлээ гэхэд аавыгаа юм хийгээд, бодоод сууж байхад хэнээр ч хэлүүлэхгүй чимээгүй болон их томоотой сууна. Намайг цэцэрлэгт байхад аав минь хөтлөөд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байсан хүүхдүүдийн зургийн уралдаанд оролцуулж байсныг их тодхон санадаг. Тэр уралдаанд эвтэй дөрвөн амьтан зурж шагнал авж байсан.

Сүүлийн үед залуу гэр бүл хүүхдээ балет, төгөлдөр хуураар хичээлүүлдэг болчихож. Би үүнийг хувьдаа зөв гэж бодож байгаа. Урлаг бол хүний сэтгэлийн боловсролыг төлөвшүүлэх хамгийн сайн арга зам байдаг. Мөн бодол санааг төвлөрүүлэх, тайвшируулах хамгийн сайхан хэрэгсэл шүү дээ. Урлагаар олон хүн хүмүүжиж, урлагийг олон хүн мэдрэх тусам тэр хэрээр миний эргэн тойрон амар амгалан тайван байх нөхцөл бүрдэх байх л даа. Хүнийг араатан шинжээс нь авч үлддэг хамгийн том арга зам гэдэгтэй би хувьдаа санал нэгддэг.

Залуу зураач, уран бүтээлчдийг дэмждэг “Ядамсүрэн” сан үйл ажиллагаа явуулдаг. “Ядамсүрэн” сангийн үйл ажиллагаанд яаж оролцдог вэ?
Залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор “Ядамсүрэн” санг байгуулсан. Жил бүр оюутан залуусын дунд зургийн уралдаан зарлаж залуу уран бүтээлчдийн бүтээлийг олонд таниулах боломжийг олгодог. Сангийн үйл ажиллагааг аавын маань дүү зураач Ү.Туяа эгч рхлэн явуулж байгаа. Мөн өвөөгийн минь нэрэмжит “Анима” зургийн дунд сургууль гэж байдаг.

Ү.ЮМЖИР: ХУВЦАС БОЛ ДҮР ТӨРХИЙН САЛШГҮЙ НЭГ ХЭСЭГ


Загвар зохион бүтээгч болохыг багаасаа хүсэж байсан уу?. Хэрэв уран бүтээлчийн гэр бүлд төрөөгүй байсан бол ямар мэргэжилтэй болох байсан бол?

Урлагийн л хүн болох байсан байхаа. Би чинь СУИС-ийн жүжигчний ангид орох гээд ардын жүжигчин Гантөмөр гуайд шалгалт өгөөд тэнцээгүй, “жийгдэж” байсан юм даг/ ккккк инээв/. Ер нь багаасаа л дуулж бүжиглэх их сонирхолтой байлаа.

Та банк, санхүүгийн салбарт ажилладаг загвар зохион бүтээгч. Дуртай ажлаа хэрхэн амжуулж байна?
Ажлынхаа хажуугаар Санхүү Эдийн Засгийн дээд сургуульд сурч байгаа. Гэхдээ ямар ч их ажилтай байсан зураг зурж, хувцас оёхоо амжуулна шүү дээ. Энэ өвөл сургуулиа дүүргэнэ дээ. Амжуулья гэвэл хичнээн ч ажлыг амжуулж болдог юм шиг санагддаг. Харин ч завгүй байх тусам ажил их амждаг гээч. Санаж явбал бүтнэ. Их ч зүйл санаж явдаг даа. Өглөө эртхэн босоод дэлхий ертөнц дээр надгүйгээр юу болоод өнгөрчихөв гэж бодно /кккккк инээв/. Надгүйгээр болж өнгөрсөн бүхнийг амжиж мэдэхийн төлөө урагшаа. Хамгийн гол нь цаг алгуурлахгүй, зогсохгүйгээр бага багаар ургашилах л хэрэгтэй.

Яагаад заавал энэ жил загварынхаа анхны шоуг зохион байгуулсан вэ?
Энэ жил загварын шоу хийдэг нь гэнэт ухаан орсоных болов уу /инээв/. Би мөрөөдөөд л яваад байсан. Гэтэл ганц ч хуруугаа хөдөлгөхгүй байхад тэр мөрөөдөл хэзээ биелэх юм вэ гэж нэг л өдөр өөрөөсөө асуусан. Тэгээд яг нэг жилийн өмнөөс яадаг ч байсан загваруудаа гаргая гэж шийдээд зураад эхэлсэн. Зурсан загвар маань 100 гарчихсан. Тэгээд л шоу хийхэд ямар зардал гарах бүхий л судалгааг хийж эхэллээ. Ингэж судалгаа хийхэд минь санхүү эдийн засгийн эдийн засгийн дээд сургуульд сурцалж байгаа тус болсон шүү.

Манайхны дунд загвар зохион бүтээгч л гэхээр загвар өмсөгч нарт зориулсан хувцас урладаг хүмүүс гэж ойлгох нь түгээмэл байдаг. Таны хувьд?
Загвар зохион бүтээгчдийг тэгэж ойлгох хүмүүс байдаг л байх. Загвар өмсөгчид маань хийсэн загварыг хүмүүст үзүүлж таниулдаг шүү дээ. Гэхдээ нэг үеэ бодвол хүмүүс загвар зохион бүтээгчдэд хандаад өөрт таарсан хувцас хийлгэдэг болчихож. Монголын бүх юм хөгжих шатандаа, илүү соёлтой чиг хандлага руугаа орж байна шүү дээ. Энэ нь ч гэсэн хувцас, хувцаслах соёлд нөлөөлж байна.

Стандартны бус гэж ярьдаг л даа. Тарган, хэт туранхай гэх мэт. Биенийхээ өө сэвийг дарсан хувцас оёулах гэхээр загвар зохион бүтээгчдийн хөлс харьцангуй өндөр байдаг. Тэгэхээр загвар зохион бүтээгчдийг зөвхөн халаас зузаан хүмүүст зориулж хувцас оёдог гэж ойлгож болох уу?
Тарган туранхай гэлтгүй хүнд хувцас хийж гаргах үнэ нь нэг ижил байдаг. Хамгийн гол нь махлаг хүнд хувцас оёход харьцангуй ажиллага ихтэй байдаг тал бий л дээ. Гэхдээ загвар зохион бүтээгч өөрийгөө яаж үнэлэнэ түүнээсээ шалтгаалах болов уу гэж бодож байна.

Давгүй гэсэн бүх загвар зохион бүтээгчдийг урлаг соёлынхон өмчлөөд авчихсан юм шиг байдаг. Энэ нь тухайн загвар өмсөгчийн чансааг илтгэдэг ч жирийн нэгэн мань мэт хүмүүс бас гоё баймаар байна ш дээ. Тэдэнд зориулсан тусгай үнийн ханш гаргаж болдоггүй юм болов уу? энэ талаар юу гэж боддог вэ? Нэг үгээр хүн бүрт хүссэн хувцасыг нь оёж өгөх талаар?
Би хүнийг ялгаж хувцас хийдэггүй. Надад хандсан хүн бүрт урлангийн үүд нээлттэй. Бүгд л адилхан хүмүүс шүү дээ. Гол нь урлаг соёлынхон бусдаас ялгарах өнгө төрхтэй хувцас хийлгэдэг болохоор үнэнд ахисан өөрчлөлт гардаг байх л даа. Тэрнээс биш ялгаж байгаа хэрэг биш. Ер нь хувцасны үнэ нь загвараасаа шалтгаалаад ямар материал сонгосноосоо болоод өөр өөр байна л даа.
Гэхдээ энгийн нэг хувцас захиалгын газар, хувцасын салоны үнэ өөр байх нь олон хүчин зүйлээс шалтгаална л даа. Нэгдүгээрт байрлаж байгаа байршилаасаа шалтгаалаад түрээсийн үнэ өөр байж болно шүү дээ. Тэр нь хувцас захиалгын үнэнд нөлөөлдөг гэх үү дээ.

Таны загварын шоунд хамгийн үнэтэй зарагдсан хувцас чинь хэдэн төгрөг байсан вэ?
Дандаа л үнэ асуугаад байна даа /кккк инээв/.
Үгүй ээ яахав өөрт таарсан хувцас хэдэн төгрөг болох вэ гэдэг их сонин байна л даа.
Хамгийн гол нь хийц загвар, ажиллагаа, материалаасаа болно.

Загвар зохион бүтээгч гэж чухам “хэн” бол? Тухайлбал эмч бол өргөсөн тангарагтаа үнэнч бүх хүнд ижил тэгш үйлчлэх ёстой гээд л мэргэжлийн нэг ёс зүй, жанжин шугам гэж байдаг даа. Тэр өнцөгөөс харвал?

Эмч хүн бол өргөсөн тангаратаа үнэнч бүх хүнд ижил тэгч үйлчилдэг бол загвар зохион бүтээгчид үргэлж шинийг эрэлхийлдэг, чөлөөтэй сэтгэдэг байх ёстойгоос гадна хүмүүсийн хүсэл сонирхолд нийцсэн хувцасыг хийж өгдөг байх ёстой. Хамгийн гол нь миний хийсэн хувцас тухайн хүнийхээ хэрэгцээ сонирхолд бүрэн нийцсэн л байх хэрэгтэй.

Надад нэг залуу чамд зориулаад энэ асуултыг заавал тавиарай гэж байсан. Эмэгтэйчүүд гэж угаасаа л цэцэг цэврүү шиг хүмүүс. Гэтэл энэ загвар зохион бүтээгчид яагаад эрчүүдэд зориулсан сайхан хувцас тэр бүр оёдоггүй юм вэ гэж. Энэ талаар?
Миний загварын 10 хувийг эрчүүдийн хувцас эзлэдэг. Дэндүү бага байна уу. Яг эрэгтэй хувцасаар дагнадаг загвар зохион бүтээгчид байдаг л даа. Гэхдээ эрэгтэй хувцас хийх нь хүнд байдаг. Жишээ нь эмэгтэй хувцасны нэг өдөрт хийдэг оёдолыг эрэгтэй хувцасан дээр 2 өдөр хийх ч юм уу. Элементүүд нь жаахан хэцүү л дээ. Жишээлбэл эрэгтэй пиджак гэхэд л халаас нь илүү их, хатуулга нь их байдаг гээд л. Оёдолчид сайн мэдэж байгаа даа. Эрэгтэй пиджак оёход үйлдвэрийнх яагаад илүү гоё байдаг вэ гэвэл индүүдлэг, наалт наах арга нь өөр л доо. Технологидоо байгаа юм.

Мэргэжлийн болоод загварын ертөнцийг сонирходог хүмүүс таны монгол хувцасыг их үнэлдэг юм билээ. Монгол дээл, монгол хувцас урлах тусгай арга ухаан танд байна уу?
Баярлалаа. Би үндэсний хувцасаар дипломоо хамгаалсан. Урьд өмнө нь эмэгтэй хүн бүр өөрсдөө дээлээ оёоод өмсчихдөг байлаа. Дээл оёж чаддаггүй хүн байгаагүй байхаа. Одоо тэр нь алдагдсан нь жаахан харамсалтай л байдгийн. Монгол хувцасны гол ажиллагаа, чимэглэл нь эмжээртэй байдаг. Гоё эмжсэн дээл ямар гоё харагддаг гээч. Тусгай арга ухаан гэж юу байхав дээ. Гол нь монгол хувцасыг энгийн үед өмсөхөд хялбар болгохыг зорьдог. Өмсөхөд эвтэйхэн, харагдахад аятайхан, угааж цэвэрлэхэд хялбар, даавуу ч сонгох гэх юм уу даа.

Өөрийнхөө загварын шоуг өвөөгийнхөө дурсгалд зориулан хийх нь таны нэг мөрөөдөл байсан гэж ярьж байсан. Тэгвэл одоо танд ахиад ямар мөрөөдөл байгаа бол?
/Инээв/. Мөрөөдлөө биелүүлчихээд мөрөөдөл биелэлээ гээд яриад сууж байх нь гоё юм болов уу даа.

Ү.ЮМЖИР: БИ МӨРӨӨДӨХ ДУРТАЙ
Эмэгтэй хүн юм оёж, сайхан хоол хийдэг байж жинхэнэ гэрийн эзэгтэй болно энэ тэр гээд л хүмүүс ярьдаг. Та ямар ч байсан уран гартай бүсгүй. Харин хоол хийх тал дээрээ?
Эмэгтэй хүн хувцас оёдоггүй юм аа гэхэд зүү утас нийлүүлдэг байхаа. Наад зах нь эр нөхрийнхөө уранхайг шидээд өгчих хэмжээний. Зарим эмэгтэй амьдралдаа зүү утас нийлүүлж үзээгүй гэхээр гайхаад л байдаг юм. Хоол хийх тал дээр гэвэл өөрөө жороо зохиогоод хоол хийх дуртай.

Залуу хүн ямар байгаасай гэж боддог. Тийм байгаасай л гэж боддог тэр чанар өөрт тань байгаа юу?
Залуу хүн бол жавхаалаг, эрч хүчээр дүүрэн, хөдөлмөрч байх хэрэгтэй. Эмэгтэй хүн их мундаг шүү дээ. Эрч хүчээр дүүрэн мөртлөө уян зөөлөн.

Сайн явах санааных гэж үнэхээр үнэн үг. Муу санаж байгаа хүний ажил бүтэхдээ ч муу, царай зүс нь хүртэл муухай болдог гэж санадаг. Сайхан сэтгэлтэй сайхан сайхан бодолтой хүний царай цаанаасаа гэрэлтээд сайхан байдаг шүү дээ.

Уучлаарай. Энэ эвгүй асуулт юм шиг санагдаж болох юм. Гэхдээ сонирхолтой санагдаад байна. Сувд гуайн хүү Бат-оргил “намайг жүжиглэсэн ч, дуулсан ч энэ залуу эмээ, ээжийнхээ далбаан дор яваа юм гэсэн хандлага гаргах нь надад их хэцүү санагддаг. Эцсийн эцэст бүх зүйл хувь хүнээс хамаардаг шүү дээ” гэж ярьсан байна лээ. Үүнтэй холбоотой асуухад өөрийн чинь сэтгэлээ гаргаад хийсэн зүйлийг таны хүч хөдөлмөр биш аав, эсвэл гэр бүлийн чинь нэг хэсэг мэтээр дүгнэж байсан тохиолдол гарч байсан уу.
Бат-Оргилтой санал нэг байна. Намайг юм хийлээ гэхээс илүү аавын нэр гарч ирнэ. Тиймээс би ямар ч үед нүүр улаахааргүй юм хийх ёстой гэж боддог. Төгс бүтээл хийчихээд би ч аргагүй энэ хүний үр удам шүү дээ гэж итгэлтэйгээр баяртайгаар хүлээн зөвшөөрөгдөөд байж байх шиг сайхан зүйл байхгүй. Шинэ үеийнхэн Үржнээ гэж хэн вэ гэдгийг мэдэх хүн байхгүй л дээ. Тиймээс мундаг аавынхаа нэр сүрийг өөрийнхөө уран бүтээлээр дамжуулан үе тэнгийн залуусдаа мэдрүүлэх юмсан гэж боддог, хичээдэг. Миний аав дээрээс хараад надаар бахархаж байгаа даа гэж бодох сайхан шүү.

Загварын сургуульд сурч байхад чинь энэ Ядамсүрэн гуайн ач, Үржнээ гуайн охин гээд багш нар бусдаас арай өөрөөр хандаж байх, давуу эрх элдэх тохиолдол байсан уу? байсан бол энэ үед ямар нэгэн зүйл бодогдох уу?
Тийм зүйл тохиож байгаагүй ээ. Яагаад гэвэл би оюутан байхдаа нүдэн дээр нь хийх зүйлээ хийчихдэг хичээнгүй оюутан байсан шүү. 2-р курсаасаа эхлээд мэргэжлийн дизайнеруудтай зэрэгцээд Гоёл наадамд бүтээлийнхээ хүчийг үздэг байсан. Гаргасан амжилт гэхээр зүйл үгүй ч мундаг мэргэжлийн дизайнеруудаас урмын үг сонсон, үнэлүүлэх нь үнэхээр сайхан байсан шүү.

Таныхаар хувцас бол?
Хувцас бол хүний дүр төрхийн салшгүй нэг хэсэг


Харин эмэгтэй хүн?

Бурханы харамгүй урласан тансаг бүтээл

Та өөрөө өдөр бүр гоё ганган байж чаддаг уу?
Өдөр бүр гангалаад байдаггүй ээ. Гангалах үедээ гангалан, ажил дээрээ бол ажил хэрэгч хувцасладаг.

Ингэхэд би Юмжир гэдэг нэрийг анх удаа л дуулж байна. Энэ нэр ямар утга учиртай нэр вэ?
Өвөө маань энэ нэрийг надад хайрласан. Хүүхэд байхдаа энэ нэрэндээ дургуй байлаа. харин одоо маш их дуртай, бас хайртай шүү. Утга нь Занабазарын 21 дахь дарь эхийн нэр гэж сонссон. Дуудах нэрийг эцэг эх дуурсах алдарыг өөрөө гэдэг байхаа. Нээх алдар хүндийн талаар боддоггүй ч, гэр бүлийнхээ нэр хүндийг өндөрт өргөж хайрлаж явах юмсан гэж хичээж яваа. Хийсэн ажилдаа эзэн шиг эзэн байхыг л боддог доо.

Өөрийн хэлэх дуртай хамгийн сайхан санагддаг үгээр ярилцлагаа төгсөх үү?
Амьдрал сайхан.

Posted in Ярилцлага нийтлэл | Leave a Comment »

Би баян болно гэдгээ цаг ямагт мэддэг байсан. Үүндээ нэг хором ч эргэлзэж байгаагүй. Варрен Буффет

Posted by Оогийноо on February 13, 2009

Мөнгө “үйлдвэрлэгч”
Forbes сэтгүүлээс жил бүр зарладаг тэрбумтаны жагсаалтыг 2008 онд шинэ хүн тэргүүлэв. Сүүлийн 13 жилийн турш дэлхийн тэрбумтануудын толгойд “заларч” байсан Билл Гейтсийн өмнө гишигсэн хүн бол түүний дотны анд, бизнесийн итгэлт түншлэгч Варрен Буффет байлаа.
77 нас сүүдрийг зооглож байгаа ч ануухнаараа, хөнгөн шингэн хөдөлгөөнтэй Варрен дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын компани Беркшайр Хатавэйг одоог хүртэл тэргүүлж явна. Варрен Буффетын хөрөнгө нэг жилийн өмнө 52 тэрбум доллараар тоологдож байсан. Дэлхийн хөрөнгийн зах зээл дээр Berkshire Hathaway-ийн хувьцааны үнэ гайхалтай өссөн нь түүний хөрөнгийг нэг жилийн дотор 10 тэрбумаар арвижуулан 62 тэрбум болгосноор Forbes-ийн “сэтэрлэгдсэн” тэрбумтан Билл Гейтсийг ардаа орхисон юм.

Варрен Бафетын дараа Мексикийн харилцаа холбооны “хаан” гэгдэх Карлос Слим Хэлу 60 тэрбум долларын хөрөнгөтэйгээр 2-рт бичигдэж, 58 тэрбумын хөрөнгө тоолуулсан Микрософтын вант улсын эзэн Билл Гейтс удаалсан байна.
Манай гаригийн хамгийн баян хүн Варрен Буффетын амьдралын хуудсыг хамтдаа сөхье.

6 настай “наймаачин” хүү
Үе тэнгийн 6 настанууд нь ээжээрээ өмдөө татуулан, мээмнээсээ ч гараагүй эрхэлж, тоглоом наадам эргүүлэн гүйж байх тэр үед Варрен хүү өвөөгөөсөө зээлсэн 25 центээр 6 багц Кока кола ундаа худалдан авчээ. Ингээд гудамжинд хүний хөл хөдөлгөөн ихтэй газарт нэг ширхэг Колог 5 центээр зарлаа. 1930 оны 8-р сарын 30-нд Ховардын 2 дахь хүү болон мэндэлсэн Варрен хүүхэд байхаасаа л хэн нэгнээс худалдаж авсан зүйлээ бусдад үнэ нэмэн зарж ашиг олдог “мөнгө хүүлэгч” байсан бөгөөд мөнгөө хэрхэн өсгөх тал дээр толгой нь гайхалтай ажилладаг овжин хүүхэд байлаа. Брокероос, Конгрессын гишүүнд өрсөлдөж явсан аавын сэргэлэн зан Варрен хүүд өвлөгдсөн нь тэр бизээ.

Кока коло жижиглэн зарж олсон ашгаараа 6 настай Варрен унадаг дугуй худалдан авч өөртөө бэлэглэв. Үүнээс 5 жилийн дараа буюу 11 настайдаа Cities Service-ийн нэг бүр нь 38 доллараар үнэлэгдсэн 3 ширхэг хувьцаа худалдан авчээ. Хувьцаа худалдан авсны дараахан 38 доллараар арилжигдаж байсан хувьцааны үнэ 27 болтолоо унахад Варрен маш их сэтгэл санаагаар унасан гэдэг. Гэтэл тэрбээр бууж өгөхийг хүссэнгүй хувьцаагаа тэвчээртэй хадгалж нэг бүр нь 40 долларын үнэтэй болоход зарж санаа нь амарчээ. Гэтэл тэрбээр бас л яарсан гэдгээ ухаарлаа. Учир нь хувьцаагаа зарсанаас хэдхэн хоногийн дараа Cities Service-ийн хувьцаа 200 доллараар арилжигдаж эхлэв. Энэ явдал нь Варренд “Тэвч. Тэвчээр бүхнийг ялна” гэдэг сургамжийг өгсөн гэдгийг тэрбээр хожмоо дурсан ярьсан байдаг. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээлд та ажиллахыг хүсэж байвал эсвэл энэ зах зээлээс мөнгө “уутлах” сонирхолтой бол сэтгэлийн хөдөлгөөнөө ил гарган донсолж, яарч болохгүй гэдэг алтан зарчимыг баримтлах ёстой гэж Варрен хэлсэн байдаг.

Пенсилваний их сургуулийн Вартен бизнесийн сургуулийн профессоруудыг мадалсан хүү Харвардад “жийгдсэн” нь
1947 он. 17 настай Варрен Буфет ахлах сургуулиа дүүргээд аавынхаа шахалтаар их сургуульд орохоор болов. 6 настайгаасаа наймаа хийсэн Варрены “хөрөнгө” энэ үед 5000 доллар болтол өссөн байлаа. 6 настайдаа хувьцаагаар бизнесийн гараагаа эхлэсэн Варрен хүү Вартены бизнесийн сургуульд орсон боловч сургуулийн профессоруудын заасан бүхэн чамлалттай санагдсан тул сургуулиа орхихоор шийджээ. Сургуулиа орхисон Варрен Харвардын бизнесийн сургуулийн магистрын сургалтанд элсэхээр шийдэн хүсэлт гаргасан боловч Харвардаас түүнд санаанд оромгүй хариулт ирүүлсэн байна.
Энэ нь Варреныг ердөө л Харвардын магистарын сургалтанд суралцахад дэндүү залуу байна гэсэн шалтгаан байлаа. Тухайн үед доромжлол мэт хүлээн авсан энэ явдал нь түүнд хожмоо амьдралынхаа ялангуяа бизнесийн “тулаанд” хүчтэй байлдагч болоход нь тусласан гайхамшигт багштай учруулах эхлэл нь байсан гэдгийг Варрен өөрөө ч мэдээгүй юм.
Асар том боломжийг нь салхинд туусан тэрхүү дугтуйтай захиа Варренд түүнээс том боломжийг нь нээсэн шидэт илгээмж байжээ. Харвардад бүлтгүйтсэн хүү Колумбийн их сургуульд хүсэлт гарган оюутан боллоо.

Варрен Буффетын бизнесийн загалмайлсан эцэг
Колумбийн их сургуулийн багш Бен Грахамд Варрен Буффет “яг л мөнгө үйлдвэрлэгч” л ийм байх ёстой болов уу гэсэн сонгодог шинэ дүр төрхийг сануулдаг байсан гэдгийг хожмоо дурсан ярьсан байдаг. Энэ ч утгаараа цовоо сэргэлэн, суусан газраасаа шороо биш бүүүр алт ганзгалдаг Варрен хүү Колумбийн их сургуулийн профессор, хөрөнгийн зах зээлийн гайхамшигт гарын авлага гэгдэх “Security Analysis”, болон “Intelligent Investors” номын зохиолч, Бен Грахамын хайртай шавь болсон юм. Бен Грахам, 21 настай Варрен хүүг хөрөнгийн зах зээлийн эргэлт буцалтгүй хөтлөсөн алтан шатыг дардан тавьсан хүн яах аргагүй мөн гэдэг.

Оюутан байхдаа “Хэн нь хэн вэ” номыг уншсаны дараа Варрен Буффет уг номонд гардаг GEICO гэх хэн ч мэдэхгүй даатгалын компаний захиралтай уулзахаар Вашингтоныг зорьлоо. Энэ үед Варрен 21 настай байсан юм. Бямба гарагийн өглөө Вашингттонд GEICO-ийн байранд ирэхэд түгжээтэй хаалга түүнийг угтав. Варрен хэн нэгэн тэр байшинд ирж хаалга онгойлгохыг хүлээн үд дунд хүртэл байрны гадаа суужээ. Компаний хаалгач ирэхэд Варрен компаний байранд хүн байгаа эсэхийг асуутал 6 давхарт хонон өнжин ажилласан хүн байгаа тухай мэдэв. “Гэрээ мартсан гэсэр шиг” ажилладаг энэ хүн бол тус компаний Санхүүгийн албаны дарга Лоримар Давидсон байсан юм. Энэ хүн Варренг даатгалын компанитай насан турш нь холбох гүүрийг тавьсан бөгөөд хэн ч мэдэхгүй жижигхэн компани ч Варрены ачаар дэлхийд нэртэй болж чадсан байдаг.

Залуу Варрен Буффет хөрөнгийн зах зээлд
Колумбийн их сургуулиа төгсөөд төрлөх хотдоо эргэн ирж аавынхаа брокерын пүүсд ажилд оров. Энэ үеэр Сюзи нэртэй бүсгүйтэй танилцан төд удалгүй 1952 онд гэрлэжээ. Варрен Буффет өдрийн цагаар аавынхаа пүүсэд ажиллаж оройгоор Омахагийн их сургуульд лекц уншин бүх цагаа мөнгө болгохын тулд хөдөлмөрлөж байсан ч гэр бүлийн амьжиргааг нь хангалттай залгуулж чадахгүй л байлаа.

Ингээд тэрбээр Нью Иорк руу нүүв. Их хотод ирээд S&P-ийн тайланг судлан хөрөнгө оруулалтын боломж бололцоог эрэлхийлэв. Яг эндээс Варрен Буффетын хувийн онол, баримтлал төрж энэ баримтлал нь түүнийг хожмоо хэнд ч дийлдэхгүй хүчтэй хөрөнгө оруулагч болгох суурийг тавьжээ. Компани хэрхэн ажиллаж байгаа, компаний бодлого нь тус байгууллагад ямар давуу талыг бий болгож буй зэрэг нь Варрены анхаарлыг илүүтэй татна. Энэ бүхнээс тэрбээр компаний менежментийн бодлого нь хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргахад хамгийн гол нөлөө үзүүлдэг хүчин зүйл гэдэгт бат итгэлтэй болж ирсэн юм. Харин Бэн Грахам компаний тайлан баланс, орлогын тайлан нь хөрөнгө оруулалт хийх шийдвэрийн гол чиглүүлэгч гэж үзэж байлаа. Нью Иоркод ирсэн Варрен өөрийн гэсэн заримчтай ч болж мөн анхны хөрөнгө оруулалт хийсэн 9,800 доллараа 140,000 доллар болтол өсгөж чадлаа.
Энэ мэтээр явсаар Варрен 1956 он гэхэд 300,000 долларын хөрөнгөтэй болсон байв. 100,000 ам долларын анхны хөрөнгө оруулалт нь түүний мөнгийг 300,000 болтол нь өсгөж чаджээ. 1960 он гарахад 3 сайхан хүүхэд, үзэсгэлэнтэй халамжит эхнэр, ирээдүйтэй, амжилттай яваа бизнес гээд аз жаргалтай амьдралын бүхэн Варрен Буффетад байв. Өсөлтөөс өсөлт рүү байнга тэмүүлэн амжилттай явж ирсэн түүний нууц нь Варрен хэзээ ч санаа амран хойш суухгүй яг л бүхнийг шинээр эхлүүлж байгаа юм шиг эрч хүчтэй хөдөлмөрлөдөгт байв. Тасралтгүй хөдөлмөрлөсний үр дүнд 1962 он гэхэд Варрены гэр бүлийн хөрөнгө 6,846,936 болжээ.
Мэдээж үүнээс хойш түүнд уналт гэж бараг байсангүй дандаа өсөлт, амжилт, ашиг гэсэн гинжин хэлхээнд эргэлдсээр 2008 оны Forbes-ийн тэрбумтануудыг тэргүүлж нэгд бичигдсэн билээ.

ПИЛАНТРОФИ – БУСАДТАЙ ХУВААЖ ИДСЭН ХООЛ МАШ АМТТАЙ БАЙДАГИЙН.
Варрен Буффет бол зүгээр нэг мөнгө эргэлдүүлэгч, мөнгө үржүүлэгч, тоо бодогч биш тэрбээр хүмүүнлэгийн үлгэр жишээ үйлстэн, пилантрофийг дэлхий нийтэд ойлгуулахад асар их ажил хийж яваа буянтан.
2006 оны 6-р сарын 27: Энэ өдөрт дэлхийн пилантрофийн түүхийн хуудсанд алтан үсгээр бичигдэх үйл явдал болсон гэж хэлж болно. Энэ өдөр манай гаригийн хамгийн баян хүмүүс болох Билл Гэйтс, Варрен Буффет нар дэлхий нийтийн ядуурал, өлсгөлөн, халдварт өвчний эсрэг тэмцэхэд 60 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт бүхий санг байгуулан гарын үсэг зуржээ.
Өөрөөр хэлбэл Варрен, Гэйтс хоёр хөрөнгийнхөө 80 хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгийг дэлхий нийтийн сайн сайхны төлөө гэрээслэн үлдээсэн гэсэн үг юм. 150 гаруй жилийн түүхтэй Америкийн пилантрофийн түүхэнд энэ явдал нь санаанд багтамгүй асар баялаг хөрөнгө оруулалт байлаа.
Нью Иоркийн төв номын санд сангийнхаа нээлтийг хийж гарын үсэг зурсан тэрбумтан найзуудаас гайхширсан сэтгүүлчид олон асуултыг тавьж байжээ. Сэтгүүлчид “олон жилийн турш хурааж хуримтлуулсан хөрөнгийнхөө 80 гаруй хувийг бусдад зориулах шийдвэрийг яагаад гаргах болсон вэ” гэсэн асуултыг нэгэн зэрэг сонирхож байв.

Энэ асуултанд Варрен Буффет “Өнөөдрийн баялагаа би өөрөө босгосон. Үр хүүхдээ би хэнээс дутахгүй хүн болгон хүмүүжүүлж чадсан. Миний хүүхдүүдэд миний мөнгө биш өөрсдийнхөө хөлсөөр бүтсэн баялаг амттай байх бизээ. Би эртнээс л 3 хүүхэддээ энэ бүхний та нарт өвлүүлэхгүй шүү гэдгээ хэлдэг байлаа. Варрен Буффетэд харьяалагдаж байгаа энэ бүх баялаг, эд хөрөнгө бусдын хөлс хүчээр бүтсэн зүйл. Иймээс би тэдний сайн сайхны төлөө эргүүлэн зарцуулмаар байна” гэж хариулсан гэдэг.

Хамтарсан сангийн хөрөнгө оруулагч Билл Гейтс “Энэ хөрөнгө оруулалтыг хүртсэн хэн бүхэн урдах ажлаа сэтгэлээсээ хийгээсэй гэж би хүсэж байна” хэмээн хариулсан байдаг.
Сайн үйлсийн /пилантроф/ сангийн нийт хөрөнгөөс жилд 3 тэрбумыг зарцуулах эрхийг сангийн ажилчидад олгожээ. 3 тэрбум нь АНУ-ын нэг улирлын төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө юм байна.
Билл Гэйтс, Варрен Буффет нарын байгуулсан сайн үйлсийн сан 500 гаруй ажилтантай бөгөөд Сэйтэлд байрладаг гэнэ.
2009 онд 79 настай золгож байгаа Варрен Буффет “сэтгүүлчид надаас та энэ их эд хөрөнгийг бий болгох хэр хүч хөлс хүч, он цагийг зориулснаа бидэнд яриач гэдэг. Үүнд ганцхан хариулт бий. Би хэзээ ч мөнгөний төлөө хөдөлмөрлөөгүй. Зүгээр л ажилдаа дур сонирхолтойгоор тэмүүлж, дуртай ажлаа бүхнээс сайн хийхийг л хүссэн юм. Гэхдээ би өөрийгөө баян хүн болноо гэдгийг мэддэг байсан юм шүү. Өөртөө төрүүлсэн итгэл маань бүхнээс хүчтэй болгож байсанд нууц нь бий болов уу гэж би хариулдаг” гэжээ.

Англи хэлнээс эмхэтгэн нийтлэв.

Posted in ОРЧУУЛЖ эмхэтгээд, Ярилцлага нийтлэл | 4 Comments »

Гал зүрхшээх гайхамшиг

Posted by Оогийноо on July 19, 2008

1922 оноос ноцож эхэлсэн их хэлмэгдүүлэлтийн гал 1930-иад оны үед ид дүрэлзэж, айл бүрийг гашуун нулимсанд живүүлж, олон зуун сүм хийд, дуганы шатаж буй утаанд тэнгэр харанхуйлсан он жилүүдэд цөвүүн цагийн аймшигт үнэнээр хуйларсан хэлмэгдүүлэлтийн шуурга халдаж зүрхлээгүй цорын ганц хийд бол Чойжин Ламын сүм музей юм.

Нийслэл хотын чанх төвд чимээгүйхэн хэрнээ ихэмсэг дүнсийх энэ сүмд анхны долоо гэгдэх Бодоо, Данзан, Сүхбаатар, Лосол, Чойбалсан, Догсом, Амар нар Монголын төрийг хамгаалагч Улаан Жамсран бурханы өмнө мөргөж хурууныхаа өндгийг ханан модон тагштай сүүн дээр цусаа дусаан хүртэж тангарга өргөн “нам нуугдаж, сэм нийлье” гэмээн Ардын намыг байгуулж, аугаа үйл хэргийг эхлүүлсэн бөгөөд манай үе үеийн төр, нийгмийн нэрт зүтгэлтэнүүд “ах” нарын нүд харуулдан нууцаар ирж сүмийн шүтээнд мөргөн залбирч төрийн хэргийг зөв тийш нь залж чиглүүлэх адислалыг гуйн залбирдаг байсан гэдэг.
Хожим хувьсгалын үйл хэрэг бүтэж их жанжин Д.Сүхбаатар Нийслэл хүрээнд ирээд Чойжин ламын музейн хойно /хожим тэр газар 1925 онд Сүхбаатарын талбайг байгуулсан/ ард түмэндээ үг хэлж, түр засгийн газраа ч мөнхүү сүмийн хойно байгуулж байсан юм. Хожим 1951 онд Засгийн газрын ордныг сүмийн чанх хойно барьсан нь муу зүгээс ирэх аливаа хорлолоос Монголын төрийг Чойжин Ламын сүм, чойжин сахисууд хамгаалж байдаг гэсэн утга агуулагдаж байгаа бөгөөд эдүгээ Төрийн хүндэтгэл ёслолын ордны төв хэсэгт намирах төрийн далбаа Чойжин ламын сүм музейн Гол Сүмийн алтан ганжиртай нэг шугаманд давхцсан байдаг нь тохиолдлын хэрэг биш буй за.

Өдгөө нэг сая хүнтэй түм түчигнэн бум бужигнасан Улаанбаатар хотод өдрөөс өдөрт нэмэгдэн өндийх шил толь мэт өндөр барилгуудын сүүдэрт нар “үгүйлэн” намбайх Чойжин ламын сүм музей халдашгүй дархан, дуусашгүй баялаг, сүрдмээр ихэмсэг, үнэн гайхамшиг юм.
Илүү сартай хаврын хахирган өдөр Чойжин ламын музейн хашаагаар ороход зуны мишээх нар ганцхан энд онцгойлон тусаж байна уу даа гэлтэй сэтгэгдэл төрж байлаа. Услаж тордсон хөрс, чийг үнэртэн нар амтлан дэлбээлэх моносын модод, дардан зассан чулуун зам … шувуун жиргээнд хөглөгдөж, шившээ салхинд үнсүүлэхэд зөөлөн агаад түмэн амарлингуйг их хотын үймээнт амьдралын тэхий дунд мэдрэх нь чилж ядарсан шуугиант хотын хүмүүн надад сонин хийгээд гайхамшигтай санагдана.
Сүм музейн босгоор хөл тавьсан даруйд миний бие 21-р зуунаас 19-р зууны эхэн рүү, их түүхийн дуусашгүй гайхамшиг руу хөл алдан орлоо. Зуун наст Чойжин ламын сүмийн сүрлэг нууцлаг ертөнц надад ийнхүү шивнэлээ:

Чойжин Ламын сүмийг анх 1889-1902 онд ард түмний хандив тусламжаар Зүүн Хүрээнд Монгол улсын сүүлчийн Эзэн хаан, Шашин төрийг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст VIII Богд Живзундамба хутагтын төрсөн дүү, Монгол улсын төрийн их Чойжин, хар зүгийн тэрсүүтний омгийг дарагч Лувсанхайдавт зориулан Их хүрээний нэрт уран барилгач Омбын удирдлаган дор бүтээжээ. Чойжин ламын сүм нь Монголын төрийг хар зүгийхнээс хамгаалж, төрийн мэлмийг гийгүүлэх увидастай учир Манжийн хаан сүмийг барихад ихээхэн дургүйцэж байсан гэдэг. 1903 онд Зүүн хүрээн дэхь Чойжин ламын сүм учир битүүлгээр шатсан түүхтэй.

Чойжин лам буюу Лувсанхайдав нь урд хойдохыг харах билэг оюун төгс нэгэн байсны учир цөвүүн цаг ирэхэд соёлын үнэт дурсгалт зүйлсийг хамгаалан авч үлдэх хувь зохиолтой сүмийг барьж байгуулах нь нэн чухал гэж үзэн удаах жил нь буюу 1904 оноос эхлэн Чойжин ламын сүмийг барих ажлыг яаравчлуулсан байна.
Төрийн хэргийг дээлийн ханцуйд шивнэлдэн, сүүдрээ хүртэл хардаж байсан цэвүүн цаг байсан тул Лувсанхайдав буюу Чойжин лам өөрийн хөрөнгөөр хоёрхон жилийн дотор сүмийг барьж, дотоод заслыг эхлүүлсэн байна.
Гэвч Манжийн хаан, Монголын төрийг хамгаалан Чойжин бууж байх сүм хийд барихыг зөвшөөрөхгүй, сүмийг нураах, ажлыг зогсоох явуулга хийн, тэр ч байтугай Монголын эрх бүхий хүмүүсийг дарамталж байжээ.
Энэ үед Лувсанхайдав лматан уран арга, ов мэх хэрэглэн Манжийн хааны толгойг эргүүлж чадсан гэдэг. Тэрбээр 1906 онд Манжийн хаанд өргөн барьсан бичигтээ “Манжийн хааны түмэн өлзийг бататган, шашин төрийн өмнөөс чойжин бууж, эх болсон хамаг амьтны тусын тулд залбирал үйлдэж, өдөр бүр ном хурах учир өөрийн хүчин чадал, ард түмний дэмжлэгээр 55 тасалгаа бүхий сүмийг барьж босгов. Таныг урт удаан наслах, манжийн төрийг өнө удаан оршуулах үүднээс чойжин бууж байх тул нэр хайрлахыг хүсэн, есөн цагааныг бэлэг болгон хүргүүлж байна” хэмээн бичжээ. Энэ бичигт урамшин хөгжсөн Манжийн Бадруулт төр хаан “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээх нэр шагнан олгожээ.

Ийнхүү Монголчуудын сүлд хийморь ивээсэн завшаанаар 1908 онд Чойжин ламын сүм үүдээ нээсэн байна. Монгол төр шашныг хослон баригч, Нарангэрэлт түмэн наст VIII Богд Жибзундамба хутагт “Хар зүгийн шулмасын аймгийн омгийг дарагч, их амгалангийн урвалтгүй зүтгэн бүтээсэн орд харш” хэмээн нэрлэж Зэмэр, Найчин, Дорж шүгдэн хэмээх гурван Чойжингийн өмнөөс Чойжин буудаг, төр шашны нууц үйл ажиллагаа явуулдаг эгэл ардад хаалттай сүм болгожээ.

Иймд Чойжин ламын сүмд зөвхөн төр, шашины зүтгэлтэнүүд саатан морилж, төрийн их сахиус шүтээнд мөргөн залбирдаг, харин эгэл ард түмэнд хаалттай газар байжээ.

Үг ярих бүү хэл амьсгаа авахад бэрх хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд Монгол орон даяар сүм хийд, дугануудыг үүд хаалгыг хааж, галдан шатааж, түүний дотор байсан судар ном, бурхан тахил, бичиг соёлын үнэт дурсгалыг устган үгүй хийж байсан хүнд бэрх цаг үе байлаа.

Энэ үед монголын нэр бүхий сэхээтнүүд шашин, соёлын үнэт эд өлгийн зүйлийг аймаг хошуудаас цуглуулан Чойжин ламын сүмд төвлөрүүлээд, төрийнхөө дээд байгууллагад албан ёсны бичиг хүргүүлсэн байна. Энэхүү бичигт Чойжин ламын сүмд Монгол урчуудын ур ухаанаа шингээн бүтээсэн түүх соёлын үнэт бүтээлүүд хадгалагдан буй учир төрийн хамгаалалтанд авахыг хүссэн байдаг.
Орос ахын нүднээс буруулж, 1939 онд Чойжин ламын сүмийг улсын 1-р зэргийн хамгаалалтанд авсны ачаар өвөг дээдсийн маань соёлын үнэт дурсгалууд бидний үед өвлөгдөн ирсэн түүхтэй. Чойжин ламын сүмийг хамгаалахад Маршал Чойбалсан онцгойлон анхаарч байсан гэдэг. Учир нь Чойбалсан, Чойжин буух эрдэм чадлыг эзэмшсэн Бодоо ламын гэрт өсөн хүмүүжсэн төдийгүй түүний өргөмөл хүү байснаас гадна дээр өгүүлсэнчлэн хувьсгалын үг яриаг энэхүү сүмд нууцхан шивнэсэн анхны долоогийн нэг байсан билээ.

1942 онд Чойжин ламын сүмийг “Шашны түүхийн музей” болгосноор 1969 он хүртэл судалгаа шинжилгээний ажил хийх, тусгай зөвшөөрлөөр гадаадын төлөөлөгчдөд захиалгаар үйлчилдэг хаалтай музей байсан юм. Харин 1962 онд Чойжин ламын нууцлаг ертөнц эгэл ард түмэндээ анх үүд хаалгаа нээснээс хойш Чойжин ламын сүм музей гэж нэрийдэх болжээ.

Чойжин ламын сүм нь Монголын төрийг муу зүгийн ад зэтгэрээс хамгаалах ариун дагшин газар төдийгүй соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг түүхийн нугачаанаас аварч гарсан гайхамшигт орд юм. Чойжин ламын музейд хамгаалагдан хадгалагдсан үнэт зүйлсүүдээс Богд хааны ордон музей, Занабазарын дүрслэх урлагийн музей, Улсын төв номын санд шилжүүлэн сан хөмрөгийг нь баяжуулсан юм. Тухайлбал IV богдын Түвдээс авчирсан 108 боть Ганжуур ном Лхашидын тарни гүн ухаан, анагаах ухааны бүтээлүүдийг багтаасан Түвдийн гар бичмэл 226 боть Данжуурыг /номыг XVI зууны үед Монгол хэлээр орчуулагдсан/ Монгол Улсын Үндэсний номын санд, харин Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей байгуулагдах үед түүх соёлын хосгүй үнэт бүтээл болох Өндөр гэгээн Занабазарын эх бүтээлээс язгуурын таван бурханы дөрвийг, Цагаан дарь эх болон цамын баг бүрэн өмсгөлийн хамт танка, зээгт наамлын бүтээл зэрэг олон бүтээлүүдийг шилжүүлсэн юм. Түүнчлэн Богд хааны ордон музейд 21 дарь эх болон танка, зээгт наамлын бүтээл зэргийг хүлээлгэн өгсөн билээ.

Уран барилга, өв соёл, төрийн мэлмийг хамгаалагч энэхүү Чойжин ламын музейн цогцолбор чуулганд Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урласан “Дэмчиггарав”, “Аюуш”, “Доржсэмбэ”, “Майдар”, “Рэнжүү”, “Минтүг” зэрэг сонгодог бүтээлээс эхлээд 1000 жилийн өмнө Энэтхэгт урласан хүрэл суврага, Ёнзонхамба Балданчоймболын занданшуулан хатаасан шарил зэрэг Халхын нутаг хошуудын алдартай уран гартны авьяас билэг, бурхан ухаан, сүсэг биширлээр, урлан бүтээсэн бурханы шашны түүх, соёлын үнэ цэнтэй 6500 гаруй бүтээлүүдийн дээжис хадгалагдан байдаг.

Ийнхүү илүү сартай хаврын хоног өдрүүдэд зунтай урьтаж золгосон Чойжин ламын музей надад түүхэн гарвалаа өгүүлсэн бол дараа дараагийн удаад өөрийн үнэт нандин бүтээлийн түүхийг нэг бүрчлэн дэлгэн ярихаа аминчлан шивнэлээ.

/Үргэлжлэл бий/ЗӨВЛӨХ ЗӨГИЙ сэтгүүлээс авлаа.

Posted in ТҮҮХИЙН ЖИМЭЭР, Ярилцлага нийтлэл | Leave a Comment »

Time сэтгүүлийн Оны Шилдэг Хүн Владимир Владимирович Путин

Posted by Оогийноо on December 28, 2007


Путины өмнөх Орос орон

20-р зуунд Зөвлөлт Холбоот улс дэлхий ертөнцийг үзэл сурталаар хоёр ангилан хуваахад голлох үүргийг гүйцэтгэж байлаа. Товчхондоо дэлхий ертөнц АНУ, Зөвлөлт Холбоот Улс гэсэн хоёр туйлд хуваагдан оршиж байсан юм. Хүйтэн дайны бэлэг тэмдэг болсон Берлиний Хана нуран унасаны дараа Орос орон АНУ-аас гэрэвших нь багассан. Хэдийгээр Зөвлөлт Холбоот улс, томоохон гүрнүүдийн хооронд явагдсан геополитикийн “бооцоот тоглоомд” ялагдал хүлээж, АНУын өмнө “сөхөрч” түүнчлэн хүчирхэгжиж байгаа Энэтхэг, Хятадын том “аманд” залгигдаж байгаа мэт дүр зураг харагдах боловч Орос орон өнгөрсөн, одоо, хэт ирээдүй ч дэлхий ертөнцийн “цөм” хэвээр байх болно.
Орос орон, Хятадтай 4200 километрээр хиллэж, дэлхийн хамгийн том зэвсэг үйлдвэрлэгч хэвээр байж, Саудын Арабын дараа орох хамгийн том нефт үйлдвэрлэгч болж, Ойрхи Дорнодын бүс нутгийн бодлого тодорхойлогч гол гүрэн хэвээр байсаар байна. Энэ ч утгаараа хэрэв Орос оронгүйгээр дэлхийн ертөнцийг төсөөлье гэвэл дэлхийн томоохон гүрнүүд 21р зуунд гүйцэлдүүлэхээр төлөвлөсөн бүхэн хөсөр хаягдана гэсэн үг.
21р зууны өнгө төрхийг тодорхойлогч Орос хэмээх Их Гүрнийг Владимир Владимирович Путингүйгээр төсөөлөхөд бэрх юм.

Time сэтгүүлийн оны шилдэг хүн Владимир Путин

Агуа Их Эх орны дайны жихүүхэн жилүүдэд 26 сая хүнээ алдан нулимсанд живээд байсан Орос орны баатарлаг Ленинград хотын нэгэн ажилтан ангийн гэр бүлд Путин мэндэлсэн гэдэг. Түүний төрсөн нь үнэн болохыг батлах мэдээллээс өөр хүүхэд ахуйн үеийн тухай тодорхой баримт байдаггүй юм. Гэхдээ түүний амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол коммунист дарангуйлагч гэгдэх Сталины тогооч хийдэг байсан өвөө нь гэж үздэг.

Тайм сэтгүүлээс жил болгон уламжлал болгон зарладаг оны шилдэг хүн хэмээх энэ шалгаруулалт нь бусдад өгч байгаа “хүндэтгэл бус”, бусдыг “сайшаан магтаж байгаа” хэрэг ч бус юм. Энэ бол тэмцээн уралдаан ч биш. Тайм сэтгүүлийн оны шилдэг гэсэн цолыг дэлхийн ертөнцийг “сайн”, “муу” аль хэсэгт хувааж чадсан тэрхүү хамгийн хүчирхэг “хувь” хүнийг олж харан дэлхий нийтэд танилцуулдаг шалгаруулалт юм.

Нэг үгээр, Тайм сэтгүүлийн Оны Шилдэг хүн болно гэдэг нь хүн төрлөхтөнд хүчирхэг, цуцашгүй удирдах чадвараа зүй ёсоор харуулж чадсан эрхэмд олгогддог цол юм. Путин бол Барууныхны дүгнэн хэлдэгээр ардчилагч биш. Тэр бол чөлөөт индэрийн төлөөлөл ч биш. Нэг үгээр, тэр Орос оронд тогтвортой байдлыг бий болгосоноос гадна Хүйтэн дайны уршигаар нэр хүнд нь унаад байсан Орос оронг эргүүлэн олон улсад үнэлэгдэхэд, олон улсын тавцанд байр сууриа эргүүлэн “тамгалах” нөхцөлийг бүрдүүлсэн гарамгай удирдагч юм. Путин, Орос орныг “чанга” нударгаар номхоруулж чадсан гавьяатан. Ийм учраас түүнийг Тайм Сэтгүүлийн Оны Шилдэг хүнээр зүй ёсоор зарласан болов уу.

Путины гүн цэнхэр “хөлбөрлөшгүй” харц, гадны ямар ч нөлөөнд авталгүйгээр биеэ авч явж чаддаг чадвар, сэтгэлийн хөдлөлөө төдийлөн ил гаргадаггүй “чанга” төрх, өөрийн санаагаа бусдад олон долоо үггүйгээр үйл хөдлөл, харцаараа ойлгуулж чаддаг зэрэг нь түүнийг амжилтанд хүргэх гол зэвсэг болсон гэж ажиглагчид үздэг. Тэр бол үнэхээр “чанга” удирдагч. Түүнчлэн тэрээр АНУ-ын өмнө ямар ч эргэлзээгүйгээр Орос орны ашиг сонирхолыг баттай илэрхийлж, ятган үнэмшүүлж чаддаг цорын ганц удирдагч билээ.

Шинэ Оросын Шинэ Хаан

Путин Орос оронд юу хийж чадсан вэ?. Путины ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2008 оны 3р сард дуусна. Оросын ард түмэн маш их итгэл найдвар өгч түүнийг улиран сонгосон. Үндсэн Хууль гэсэн саад байхгүй бол түүнийг ахин сонгох ч сонирхолтой байгаа нь нууц биш. Орос орон Путинд яагаад итгэл өгсөн вэ?.
Зөвлөлт Холбоот улс задран унасанаас хойш үгүй болоод байсан тогтвортой байдлыг бий болгож, ард түмний дунд их гүрний бахдам үзлийг эргүүлэн авчирч чадсан удирдагч юм. Тэр ерөнхийлөгч болсоныхоо дараа Оросын эдийн засгийг бүхэлд нь атгаж улмаар улс орныг мафийхан уландаа гишгэж байхад бүгдийг нь зоригтойгоор “арчин хаяж”, 2003 онд дундаж иргэний цалинг хоёр дахин нэмж, Оросын хөрөнгө эрх мэдэл хэдхэн баячуудын гарт атгагдсан байсныг задрааж, жирийн ард иргэдийн амьдралыг бодитоор өөд нь татаж чадсан гавьяатай.

Хүйтэн дайны шуурганд сөхөрч байсан хүчирхэг “баавгай”-г ахин сэргээж чадсанаараа Путин Оросын ард түмний дунд гавьяатай. Дээр нь бас Дэлхийн тавцанд өөрийнхөө нөлөөллийг ганцхан зэвсэглэл үйлдвэрлэл, нийлүүлэлтээр бус нефт, хийн түлш болон модны экспортоор бататгах болсон юм. Орос орон,
Дэлхийн ертөнцийн хурцадмал асуудал дээр Орос ямар байр суурьтай вэ?. Америкийн оолон улсад нөлөөллийг сааруулахад далдуур “өдөөн хатгагч”, Солонгосын Хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох, Ойрхи Дорнод, Ираны асуудалд голлох яриа хэлэлцээрч болж байна.

Путины засгийн газар Орос оронд тогтвортой байдлыг авчирч, мафийхны үйл ажиллагааг намжаахад бас л багагүй зүйлийг золиослох хэрэгтэй болсон. Нэг үгээр хүчтэй, хүнд нудрагны амтыг үзүүлэх шаардлагатай болсон юм. Нэг үгээр тэд хүний эрх, эрх чөлөөгөөр тоглох хэрэгтэй болсон гэсэн үг юм. Путин засгийн эрхэнд гарсаныхаа дараа оросын хэд хэдэн телевизүүдийн суваг, сонин сэтгүүлийг хааж кремлийн суурийг ганхуулахад хүргэж Оросын улс төрийг үнэгүйдүүлэхэд нөлөө үзүүлж байсан хөрөнгөтөнүүдийг үг сүггүй шоронд хориж, Путины засгийн газрыг эсэргүүцэгчдийг баривчилан хорьсон. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл Путины рейтинг хэзээ ч 70ээс доош орж байсангүй. Энэ түүнийг ямар улс төрч, удирдагч болохыг нотлож байгаа хэрэг юм.
Энэ утгаараа шинэ үеийн Орос орон судлалаар мэргэшсэн, Никсон Төвийн ерөнхийлөгч Димитри Саймэс “Путин бол шинэ үеийн дарангуйлагч. Тэр бол орчин үеийн Петр хаан” гэж дүгнэсэн байдаг юм.

Путины улс төрийн карьер

Зарим тохиодолд Путины улс төрд орсон явдалыг аз тохиосон явдал гэж үзэх хүн олон байдаг. Путин өөрийнхөө залуу насны амьдралыг халаас нимгэн, зодоон цохионд дуртай байнга шарх сорвитой явдаг байлаа гэж дурсан ярьсан байдаг юм. Шаливхан биетэй ч эр хүн шиг эр хүн болоход нь бөхөөр хичээллэдэг байсан нь нөлөөлсөн байж болох талтай.
Оросын Тагнуулын төв газар, гудамжны атаман гэгдэх Путиныг жинхэнэ эр хүн болгон хүмүүжүүлж чадсан. 1975 онд Ленинградын Их Сургуулийн оюутан залуугийн амьдралыг бүхлээр нь өөрчлөх үйл явдал болсон нь үл таних нэгэн этгээд ирж түүнд шууд л “Би чамтай ирээдүйд хэн болох талаар чинь ярилцмаар байна. Гэхдээ яг хэн гэдгийг нарийн яримааргүй байна. Зүгээр л надад итгэ” гэж хэлсэн гэдэг. Энэ бол түүнийг сөрөг тагнуулч болгоно бэлтгэх гэсэн санал байсан юм. Ингээд 1980иод оны дунд гэхэд Путин анхныхаа нууц даалгаварыг аван Зүүн Берлин руу явж НАТО болон Германы улс төрчдийн талаар мэдээлэл цуглуулах даалгавартай ажиллаж байлаа. Хүйтэн дайны үед тэр Германы Дрезденд ажиллаж байсан гэдэг. Харин Берлиний хана нуран унасаны дараа түүнийг Зөвлөлт Орос руу эргүүлэн татсан бөгөөд хамтран ажиллагч нөхдийн хамт Зөвлөлт Оросын үед тагнуул хийж байсан тухай бүх баримт бичиг, нэрсийг галдан шатааж улмаар Шинэ оросд шинэ хүний амьдралаар амьдарч эхлэсэн юм. Нийгэмд гарсан өөрчлөлт түүнээс энэ бүхнийг шаардаж байлаа.
Энэ бүгдийн дараа Путин Санкт Петербург хотын захирагч байсан Анатоли Собчактай танилцсан нь түүний хувьд өнөөдрийн Орос орны нүүр царайг тодорхойлогч залуу лидер байх үндэс суурийг тавьж өгсөн билээ.

Англи хэлнээс эмхэтгэн нийтлэв.

Posted in ОРЧУУЛЖ эмхэтгээд, Ярилцлага нийтлэл | Leave a Comment »

Хустайн Нуруу буюу Хүний хүний сайхан сэтгэл /үргэлжлэл/

Posted by Оогийноо on August 2, 2007


/Óóëàí äýýð áàéãàà õàäûã ßí Âàóíû íýðýýð ìºíõºëæýý./
Өмнө нь, би Хустайн Нурууг зөвхөн хэдэн тахь үржүүлэн нутагшуулдаг төдийхнөөр ойлгож байсан юм. Харин Хустайн Нуруун байгаль хамгаалалтын менежер Тоогий ахтай Хустайн Нуруун зоогийн газарт нэг оройг ярилцаж сууж өнгөрөөх аз тохиосон нь, Хустайн нуруун тухай төсөөлөл минь, өөрийнхөө өмнөх бодлоос ичтэл 60 градус өөрчлөгдөж билээ. Одоо би Хустайн Нурууг тахь үржүүлдэг гэхээс илүү сайхан сэтгэл, чин хүслийн ачаар бүтсэн цогцолборт сахиусан тэнгэрийн орон хэмээн баярлан бахдан хүлээн авах болсон юм. Учир нь Хустайн Нуруун үндэслэгч Ян Вауны талаархи эгэл хүний агуа түүхийг олж сонсоод өөрийн эрхгүй баярлаж бахдах сэтгэл халиглан цалиглан нөгөө ООГИЙгийн чинь нүд гялалзаад ирсэнийг нуух юун /ООГИЙгийí сэтгэлд ямар нэгэн зүйл таалагдахаар нүд нь гялалзаад, үг нь урсаад ирдэг юм/.

Ян Ваун гэж хэн вэ?
1970 иод оны сүүлээр Ян Ваун хэмээх байгальд элэгтэй Голланд эр, Зөвлөлт Орос оронд айлчилах үеэрээ амьтны хүрээлэнгээр нь оржээ. Тэрээр Оросын амьтны хүрээлэнгийн торонд хоригдон өнгө зүс алдсан хоёр тахийг олж харжээ. Онгон зэрлэг байгальд эрх дураараа идээшин дассан хээрийн салхинаас өөрийг нуруундаа гаргаж үзээгүй зэрлэг адуу хүний гарт орж хашаанд хоригдсоноор өнгө зүс алдан ноолрон нозоорсоныг хараад сэтгэл нь эрхгүй өвджээ. Яг энэ үед Ян Ваун амьтны хүрээлэнгийн хамгаалагчаас тус амьтны талаар тодруулахад “Олон жилийн өмнө Монголоос оруулж ирсэн юм. Эх нутаг нь Монгол боловч тус оронд одоо тахь нь устаж үгүй болоод Улаан Номд бичигдээд” байгаа талаар дуулгажээ. Хамгаалагчийн энэ хэдэн үгс угаасаа байгаль дэлхий ан амьтад хайртай Ян Ваунд өрөвдөлтэй хоёр тахийг эх оронд аваачин нутагшуулах чин хүслийг төрүүлсэн гэдэг.
Ингэж Ян Ваун дэлхийн аль ч хэсэгт оршин байдгийг мэдэхгүй Монгол оронтой хожмоо салшгүйгээр холбогдох эхлэлийг тавьжээ. 1970иод оны сүүлээс эхлэн Ян Ваун Монгол гэгч чухам ямар улс болох, тахь мөн түүнчлэн Монголд яагаад тахь устаж үгүй болоход хүрэв гэхчилэнгээр судалж эхлэжээ. Ингээд Ян Ваун 1980 иод оны эхээр Монголын тухайн үеийн засгийн газарт тахийг Голланд болон бусад орнуудын амьтны хүрээлэнгээс эргүүлэн худалдан авч, Монголд нутагшуулахад туслалцаа үзүүлэхийг хүссэн захиа илгээжээ. Харамсалтай нь манай тухайн үеийн засгийн газар, хөрөнгөтөн орныхонтой хамтарч ажиллах боломжгүй гэдэг үзэл сурталын шалтгаанаар түүнд татгалзсан хариу өгсөн гэдэг. Арга мухардсан Ян Ваунд өрөвдөлтэй хэдэн тахийг харж суухаас өөр зам үлдсэнгүй. 1990 иод оны эхээр Монголд ардчилал эрх чөлөөний дуу хоолой цуурайтаж улмаар Ян Ваун олон жилийн хүслээ биелүүлэх таатай боломж нээгдэж байгаа мэдэрчээ. Ингээд тэрбээр өөрт байсан хэдэн төгрөгөөр амьтны хүрээлэнгээс нэг тахийг 40 мянган доллараар үнэлэн дөрвөн тахь худалдан авч Монголд оруулж ирэн нутагшуулахаар зориг шулууджээ. Аав ээжийн болоод өөрийн хураасан бүхий л хөрөнгөөр тахь худалдан авсан түүнд тахиа Монгол руу тээвэрлэх мөнгө үлдсэнгүй. Ингээд Ян Ваун хоёр дахь тусламж хүссэн захиагаа Монголын шинэ засгийн газарт хаяглав. Түүний захианы хариуд хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлж чадахгүй ч Монголд нутагшуулгахад гар сунган дэмжих тухайгаа илэрхийлжээ. Энэ захиа түүнд мөнгө авчирч өгөөгүй ч зорилгоо биелүүлэх чин хүслийг нь улам бүр хурцлаж өгсөн гэдэг. Тахиа, Монгол руу тээвэрлэх мөнгө олохын тулд Ян Ваун Голландын нийслэлийн төв гудамжинд сайн санааны гуйлга гуйж олон байгууллагын хаалгыг тогшиж гутлынхаа улийг эргэтэл хандив цуглуулжээ. Сайн санааны үзүүрт тос гэхчээр түүний сайн үйл, сайхан сэтгэл нь зорилгоо биелүүлэх замыг нь тэгшлэн зассан байна. Олон жилийн цаг хугацааны хүлээлт, шантрашгүй зорилгын хүчээр Монгол тахь, эх орондоо 1992 онд эргэн иржээ. Тахийг Монголд оруулж ирэхэд төвөгтэй байсны адил нутагшуулах үйлс ч амар байсангүй. Анх Монголын тахь Говь Алтай аймгийн Хустайн Нуруунд нутаглаж байсан түүх бий. Монголд оруулж ирсэн тахийг даруй хол газар ахин тээвэрлэх боломжгүй байсан тул Хустайн Нуруун байгалийн бүтэц, тахь нутагших хамгийн тохиромжтой мөн хотод ойр газар гэмээн Төв аймгийн Молцог элсийн тал хээрийг сонгон авчээ. Төв аймгийн Лүн сумын Хустайн нуруунд тахийг нутагшуулахын тулд тус нутгийн ард түмний дунд эхний дөрвөн жил бараг л бяцхан дайн дэгдсэн гэнэ. Нутгаа өгөхгүй гэж гүрийх ард түмний өмнө, Ян Ваун болон түүний нөхөд өвдөг сөгдөн гуйхаас, өглөг барьц барих хүртэл тайлан тавьжээ. Мэдээж сайхан сэтгэл, сайн санаа өнөөдөр биш ч, маргааш улам ихээр үнэлэгддэг нь үнэнээс хойш, он цаг өнгөрөхөд нутгийн ард түмэн өөрсдөө нутгаа чөлөөлж өгсөнөөр барахгүй өнөөдөр Хустайн Нурууны ажилчидад хамгийн их тусладаг сайн дурынхан болж чаджээ. Учир нь тус бүс нутагт тахь нутагшуулсанаар ойр орчмын газрын гарц илт сэргэж, бүсийн эко систем өмнө нь байгаагүйгээр сайжиран, ан амьтан араатан жигүүртэн нь элбэгшиж ирсэн нь нутгийн ард түмэнд илт мэдрэгдэж эхлэсэн байна. Энэ бол зөвхөн тахь нутагшуулах төдий бус, бүс нутгийн байгаль орчинд зохистой тэнцвэрт байдлыг хадгалах их үйлс байсныг нутгийн ард түмэн бэлэхнээ ойлгожээ.
Хустайн Нурууг үндэслэгчийн талаар товчхон, цухас дурьдахад ийм буй. Өдгөө түүний гэгээн дурсгалд зориулж түүний нэрийг мөнхлөх зорилгоор судалгааны төвийн урд талын уулын оргилыг Ян Вауны толгой хэмээн нэрлэжээ.
Эцсийн эцэст тэр хүнд Монголд тахь нутагшуулаад манайхны дээр дооргүй улайран шунàхайраад байдаг мөнгө хүртээгүй юм. Мөн түүнчлэн тэр хүн Монголд тахь нутагшуулаад хэдэн төгрөгний ашиг олохоо ч тооцоолоогүй юм. Зүгээр л сайхан сэтгэл, ариун үйлсэд хил хязгаар байдаггүйг нотлон сэтгэл зүрхний дуудлагадаа хөтлөгдсөн их үйлс нь өнөөдөр олон зуун Монголчуудад ажлын байр бий болгож, Монголд устсан тахийг эх орондоо эргэн нутагших нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ бол ганцхан жишээ.
Өнөөдөр Хустайн нуруунд ганцхан тахь нутагшуулахаас гадна цэвэр цусны Монгол банхарын судалгаа, олон төрөл зүйлийн ургамал амьтаны судалгаа мөн түүнчлэн ойр орчмын нутгийн ард түмний амжиргааг сайжруулах төсөл хүртэл хэрэгжиж байна. Хустайн Нуруу дархан цаазтай газар болохоор машин зам дээр хөндөлдөн хэвтчихээд босдоггүй даварсан таварга, хүнээс айдаггүй боохойг энд л харлаа.
Эцэст нь хэлэхэд өнөөдөр чи мөнгөнд гүйцэгдэж халаас хоосон гэдэс өлсгөлөн байгаа ч өөрт тань уулыг эргүүлэн усыг хөрвүүлэх ариун зорилго байгаа бол яг маргааш тэр чинь үнэлэгдэж ирээдүйд чи болон чиний эргэн тойрон тодоор гэрэлтэх болно.
Хустайн нуруун энэ төсөл өнөөдөр Монголын засгийн газар болон Монголын талаас ямар нэгэн санхүүлжилтгүйгээр зөвхөн Голландын засгийн газрын хөрөнгө оруулалтаар хэрэгжисээр байна.

Posted in Зүүлбэр ..., Ярилцлага нийтлэл | Leave a Comment »