Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    November 2017
    M T W T F S S
    « Dec    
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    27282930  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 53,097 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Archive for the ‘Өдрийн тэмдэглэл’ Category

ЦЭЦЭРЛЭГИЙН ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙГ нэгтгэх, оролцоог нэмэгдүүлж, хандлагыг “эмчлэх” ХЭНД ХЭРЭГТЭЙ ВЭ?

Posted by Оогийноо on December 12, 2013

“Шүүмжилснээр юу ч өөрчлөгдөхгүй, цагаа бүү үр. Зөвхөн хариуцлага тооцсоноор л өөрчлөлт ирдэг юм”

Алински, АНУ-ын нийгмийн нэрт зүтгэлтэн

Анхны туршлага: Үлгэр эрт урдын цагт гэж эхэлдэг билүү. Тэгвэл “нэгэн зүйл” үйлдэл болохоосоо өмнө бодол байжээ. Гэтэл бодол гээч нь ганцхан хүний зөөлөн инээмсэглэл, дулаан тэврэлтээс улбаатай байж. Инээмсэглэл, тэврэлтийн өдөр 9-р сарын 1. Энэ өдрийг баярлаж хүлээхээс улдаар түгшин жингэнэж байлаа. Учир нь цэцэрлэгийн сүр дуулиант бүртгэл,  багшийн муухай ааш, цэцэрлэгийн хэцүү орчин гэх мэт шил дараалсан мэдээллээр байнга бөмбөгдүүлэх мань мэтийн залуу ээж нар цэцэрлэгийн тухай ойлголт нь сөрөг бүхнээр цэнэглэгдсэн  байдагтай холбоотой байдаг болов уу. Тиймээс хэн бүхэн амин хайртай үрсээ цэцэрлэгт өгөхдөө айдастай байх нь аргагүй. 9-р сарын 1-нд бага ангийхан бол үнэнхүү түгшүүртэй санж. Хүүхэд болгон ангийн хаалгаараа амь тэмцэн уйлж орно. Хүүхдээ өгсөн эцэг эх цонх болгон дээр нүүрээ наан өөр өөрсдийн хүүхдээ олоод харчих гэж тэмүүлэн шамбааралдана. Сүүлдээ бага ангийн багш гарч ирээд “та нар яасан яршиг төвөгтэй улс вэ. Хүүхдээ өгсөн бол яваач дээ, хүүхдүүд чинь цонх руу хараад аав ээжийгээ хайгаад уйлалдаад тайвширахгүй байна” гэж хөөж загнав. Яруугийн аав бид хоёр сүүл мушиган охины өгөхөөр нэрийг нь асуусан боловч нэр алга. Би ч “заа ашгүй дээ” гэж бодлоо. Харин аав нь их л ууртай цэцэрлэгийн эрхлэгч рүү шунгинаж ороод Миний охиныг бүртгээгүй байна гэхэд дунд ангид бүртгэсэн байгааг хэлэв. Ингээд Яруугаа аваад дунд ангид очтол аль хэдийн хүүхдүүд нь тойроод суучихсан, харин бага ангийг бодоход тайван, нам гүмийн байдалтай. Ангийн багшийг дуудан охиноо өгөх гэтэл залуухан бүсгүй тун сайхан инээмсэглэн “Өөө заа хоёр настай юм уу тээ. Заа алив миний охин нааш ир” гээд охиныг минь сурмаг тэврэн цааш оров. Яруугийн том ам харагдаж амжилгүй, уйлах дуу нь хаалганы цаагуур орлоо.

Ингээд залуу багшийн инээмсэглэл, охиныг минь чанга тэвэрсэн тэр тэврэлт сөрөг бодлыг минь хормын төдийд “эмчилсэн” юм даа. Харин би өөрөө охиноо дасгах гэж 1 сарын хугацаанд цэцэрлэгээр ойр ойрхон эргэлдэхдээ цэцэрлэгийн багш нарын ажлыг нүдээр харж, ачааллын хүндийг өөрийн биеэр жаал жуулхан мэдрэх болов.

Цэцэрлэгийн ачаалал, ачааллаас үүдэн бидний хүүхдэд учирч болох хор уршигийн талаар ярихаар зарим хүмүүс “Мэдсээр байж чи хүүхдээ аваад өөр хувийн цэцэрлэгт өгөөч” гэнэ. Гэхдээ үнэндээ хувийн, улсын цэцэрлэгийн хооронд олон зүйлийн асар том ялгаа бий /Үүнийг дараа дурдая/. Хүн амьд явах хугацаанд зөвхөн өөрийн барьж байгуулсан үлгэр домгийн мэт хашаан дотроо үлгэр домгийн мэт амьдрана гэж үгүй л болов уу. Хашаанаас гараад гишгэх газар минь аюулгүй, харилцах хүмүүс минь “эрүүл” байлгахын төлөө, аливаа асуудлаас зугтан өөрсдийгөө бөөцийлөхдөө биш дунд нь орж болох бүтэхээрээ гар бие оролцож явах нь зөв гэдэгтэй маргах хэн нэгэн гарахгүй л байх. Иймийн учир ганцхан өөрийн хүүхдээ төлбөртэй цэцэрлэгт явуулснаар улсын гэх цэцэрлэгийн өнөөгийн байгаа дүр төрхийг цаашаа цаашаа гээд өөрсдөөсөө холдуулах нь зохисгүй ч байж болох. Иймийн тулд эцэг эх бүр өнөөдрийн цэцэрлэгийн асуудалд “онош” тавьж, оношын дагуу “өвчлөлийг эмчлэхэд” гар бие оролцогч эмч нар байх нь зүйтэй гэсэн нэн түрүүний бодол байлаа.

УРДААР ОНОШЛОЁ: Жил бүрийн намар цэцэрлэг хүрэлцээгүй байна гэж шуугин үймж үймчихээд цэцэрлэгүүд хүүхдээ бүртгээд дууссаны дараагаар цэцэрлэгийн тухай яриа аажим аажимдаа таг чиг болдог. Өвөлжингөө  утаа, хаваржингаа жагсаал цуглаан, зунжингаа найр наадам амралт зугаалга гээд улирлын чанартай сэдвүүдийн сүрэнд дарагдах цэцэрлэг сургуулийн асуудал дараа намар хүртэл арын эгнээнд шилждэг. Нэг иймэрхүү байдлаар олон жил явсан нь цэцэрлэгүүд “цэцэглэх” нь байтугай “нахиалж” ч амжилгүй явсаах өнөөгийн “архаг хомсдол”-ын эмгэгт баригдчихаад байна. Read the rest of this entry »

Advertisements

Posted in Хүүхэд бүр инээж байг, Цэцэрлэг, Ярилцлага нийтлэл, Яруугийн ээжийн тэмдэглэл | 1 Comment »

БИ ЦЭЦЭРЛЭГЧИН ЯРУУГИЙН ЭЭЖ :-)

Posted by Оогийноо on November 1, 2013

Image

Миний охин цэцэрлэгтээ дуртай явдаг. Хэдийгээр багш нар нь асар их ачаалалттай байдаг ч гэсэн эелдэг харьцаатай, хүүхэд бүрээ “Миний хүү, миний охиооон” гэж эелдэгхэн дуудахыг харахад надаа сайхан байдаг. Бүх цэцэрлэг ийм сайхан байгаасай гэж би хүсдэг.
Өнөөдөр цэцэрлэгийн багш нар 3-4 дахин их ачаалалттай хэрнээ цалин нь тэр хэмжээндээ өсөөгүй, гар дээрээ ердөө 350 мянган төгрөгний цалин авч байна. 20н жил ажилласан ахмад багш баахан нэмэгдэл гэж бичүүлж бичүүлж 500 гаруйхан төгрөгний цалин авдаг. Хийж байгаа ажлынхан ачаалалттай харьцуулахад энэ бол түй гээд аргуу гарах шүлс төдий л мөнгө. Read the rest of this entry »

Posted in Цэцэрлэг, Яруугийн тэмдэглэл, Яруугийн ээжийн тэмдэглэл | Leave a Comment »

Яруугийн ээжийн тэмдэглэл

Posted by Оогийноо on May 18, 2013

Яруу гэх нэгэн сайхан охиныг төрүүлсэний дараах Оогийноо хэмээх блогчин чухам ямархан ээж болсон, ээж байх тэр эрхэм ертөнцөд юу болж өнгөрөхүй, мөнхүү гэр бүлийн амьдрал хэрхэн өрнөж буйг энд мөн хаалттайгаар тэмдэглэн хөтлөх болно.

Posted in Яруугийн ээжийн тэмдэглэл | Leave a Comment »

Яруугийн тэмдэглэл

Posted by Оогийноо on May 18, 2013

Энэ буландаа үзэсгэлэнт бяцхан гүнж Яруугийнхаа тухай тэмдэглэлийг хаалттай хөтлөх болно.

Posted in Яруугийн тэмдэглэл | Leave a Comment »

Цаг хугацаа чамайг тэвэрье

Posted by Оогийноо on June 25, 2012

/Сэтгэлээ ил гаргаад сараачмаар санагдлаа/

Ээжээ, ааваа охин нь том болжээ. Охин нь ээж болсон. Бүүр охинтой болсон. Охин нь үртэй болсон болохоор том болох ёстой болсон. Үгүй ээ үгүй цаг хугацаа намайг том болгочихсон.

ЗҮҮДНИЙ АРГАМЖ

Эрхэлж ханаагүй байхад минь, үнсүүлж дуусаагүй байхад минь, та хоёрынхоо л дэргэд дур зоргоороо аашилмаар байхад минь хаяад явчихлаа гэж би та хоёрт “хорсдог” байсан. Хэзээ ч эвлэрч чадахгүй байсан болохоор ээжээ би таныгаа зүүдэндээ өдийг хүртэл яг 15 жил аргамжиж хүлээсэн. Таныг зүгээр л биднийг орхиод нөгөө л нэг явж явж байгаад зөндөө их чихэртэй ирдэг тэр л өдрүүд гэж бодоод би таныг зөндөө их хүлээдэг байсан. Яг одоо хаалга онгойгоод “Миний охин хоолоо хийсэн үү, ээж нь энэ цагаан сараас өмнө ахиад л амжиж ирж чадсангүй дээ” гэж хэлээд ороод ирнээ гэж 15 жил хүлээсэн. Өдөр ирэхгүй болохоор чинь зүүдэнд минь ирнэ дээ гэж бодоод зүүдэндээ таныгаа 15 жил аргамжиж хүлээсэн.  Уулзах бүртээ “Аав чинь холоо явсан гэхдээ ээж нь хүүхдүүдтэйгээ хамтдаа байнаа” гэсэн амлалтандаа хүрэхгүй бас л аавын араас биднээс залхаад орхиод явчихлаа гэж танд дандаа гомдож хүлээсэн. Зөрүүд, ааш муутай, дүү нараа зоддог охин нь гэрийнхээ ажлыг сайн хийгээд, дүү нараа сайн халамжлаад байвал өнөө маргаашгүй хаалга онгойлгоод л ороод ирнэ дээ гэж бодоод би таныг зүүдэндээ 15 жил аргамжиж хүлээсэн. Read the rest of this entry »

Posted in Өдрийн тэмдэглэл | 4 Comments »

Зүүрмэгхэн байна

Posted by Оогийноо on November 25, 2011

Өдөр хоног харавсан сумнаас ч хурдан өнгөрч байна.

Блогоосоо хөндийрөөд бусдын хэлснээр тэтгэвэрт гараад нилээн уджээ. Тэгээд залуу зандан  явсан үеийнхээ бичлэгүүдийг эргүүлж тойруулан уншиж суухнээ хуучны сарампай бүрээс минь олон янзын өнгө будаг ялгарч үнэртээд үнэхээрийн сайхан санагдаж байнаа гэж.

Нээрээ л ногоохон блог минь өдөр тутмын амьдралын хэмнэлд их үнэтэй орон зай эзэлж хормын төдийд хөндийрөхөд асар ихээр үгүйлэн санадаг байж билээ.

Гэтэл одоо яав. Гар хөл эд эрхтэнээрээ тэтгэвэрт суучихаагүй оюун санаагаараа тэтгэвэрт суучихаа юу даа гэж өөрийн эрхгүй л бодогдож байна. Оюун санаа минь сүүжээ нь даахаа байсан хөгшин эмгэн болж, хүсэл эрмэлзэл минь ичээндээ орсон баавгай шиг аниргүйхэн зүүрмэглээд байна уу гэмээр уйтай байна.

Хувцасаа ч давхарлаж амжаагүй суутал гадаа хүйтрээд цас унаад өвөл болжээ.

Сэргээхиймсан даа.

Posted in Өдрийн тэмдэглэл, Өдрийн өнгө | 2 Comments »

“Ээжээ” – Бүүвэйн дуу

Posted by Оогийноо on September 7, 2011

Хүн биеэрээ, өөр дээрээ мэдэрсэн юмаа л хамгийн сайн мэддэг гэдэг байхаа. Эхийн хайр гэдгийг ээж болж үзсэн хүн л мэдээж жинхэнэ утгаар хэлж чадах байх. Гэхдээ эх болсон хүн бүрээс үрээ хайрлах хайраа та үгээр илэрхийл дээ гэвэл бүх ээжүүд “үгээр хэлж боломгүй мэдрэмж” гэх болов уу.

Нэгэн хүний хэдэн жилийн өмнө хэлж байсан үг одоо их ойрхон бууж байна. Эмэгтэй хүн нөхөртэй болохоор ахин шинээр эмэгтэй хүн болж, эх хүн болохоороо жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болдог гэж. Үүнийг тайлбарлахад хэцүү юм. Гэхдээ л энэ үг их үнэн бололтой. Эмэгтэй хүний хамгийн нандин чанар болох хариу нэхэхгүй хайр, бас уян зөөлөн зан ааль хүний эхнэр болоод бас ээж болсоны дараа жинхэнээсээ төгс утгаа олдог болохоор тэр юм болов уу даа. Энэ мэтээр бодоход хариултыг нь заавал яг таг өгөмгүй хэрнээ сайхан бодролууд хөвөрч байгаа  биз дээ бүсгүйчүүдээ. Саяхан блогчин Ига-гийн фэйсбүүкээс “Хүмүүсээ хүүхэд гаргацгаая” гэж уриалсан сэтгэгдэлийг уншсан хэхэ. Бүсгүй хүн ээж болохтой холбоотой бас нэгэн бодол төрдөг болсон кккк. Хүний энэ насны амьдралд гайхамшигтай хувь тавилан болгон илгээдэг “ГУРВАН БЭЛЭГ”-ийн тухай бодол өдөр шөнөгүй эргэлдэх болсон шүү. Тэрийгээ нэг завандаа бичиж оруулах юмсан гэж бодож байгаа. Ямартай ч  хүний амьдралын, амьд байхуйн шалтгаан бас аз жаргалыг би “ХҮН” л гэж хэлнээ.

Нэмэлт болгоод энэ гоё богино өгүүллэгийг орууллаа. Өгүүллэгийг уншихдаа Игорь Крутой-ын “Бүүвэй”-н аязыг сонсоорой. Тайвширал дотроос мэдрэгдэнэ.

Дэлхий уруу явахаар дугаарлан зогсох олон хүүхдийн нэг нь БУРХАН-аас ийн асуулаа.
-Намайг одоо дэлхий уруу явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд …

БУРХАН:
-Чи санаа зоволтгүй ээ. Би бүх сахиусан тэнгэрүүдээсээ нэгийг нь чинийх болгож сонгосон. Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ маягаар чи түүний хайрыг мэдэрч, аз жаргалаар дүүрэн амьдрал, өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно.

-Аан тэгвэл, хүмүүс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох болж байна аа?
-Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсож, яаж ярихыг зааж өгнө.
-Гэвч дэлхий дээр маш олон муу хүмүүс байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ?
-Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө ч зориулахад бэлэн байж чамайг ертөнц дээрх бүх муу зүйлээс авран хамгаална гэх тэрхэн агшинд Диваажинд маш нам гүн болж, тэр хүүгийн ээлж ч болсон байлаа. Нэгэнт явах цаг ирснийг ухаарсан хүү эцсийн асуултаа асуусан нь:
-БУРХАН минь, БУРХАН минь би одоо явах нь ээ. Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэхэд БУРХАН:

-Хүү минь, түүний нэр тийм ч чухал биш ээ, харин чи түүнийг “ЭЭЖ ЭЭ” гэж дуудаж болно гэлээ.

Posted in АЯЛГУУ ЧИНИЙ ӨМНӨ-songs, Аз жаргал, Өдрийн тэмдэглэл | 1 Comment »

Recovering myself-I am smiling

Posted by Оогийноо on April 12, 2011

Хаврын тэнгэр шиг хувьсагнуур

Хачин сэвэлзүүр салхи

Үе үехэн шавхуурдана.

Өчигдөрхөн уйлж байсан би өнөөдөр инээж байхын гээч …

Уймарсан энэ ааш Хаврын салхины гижигдэлт үү

Аль эсвэл … “хоёр зүрхтэний” ааш юм уу гэж …

Posted in Өдрийн тэмдэглэл, Өдрийн өнгө | Leave a Comment »

Миний хэдэн ноорхой хуудас

Posted by Оогийноо on January 3, 2009

Юуны өмнө та бүхэндээ хайр дурлалынхаа мөнхийн гал манаач, аз жаргалтай амьдралынхаа тулганд мөхөшгүй бадрангуй оч нэмээч, өөрсдийн эрхэм бүхнээ цаг хугацаатай уралдан хойш тавилгүй хайрлан эрхэмлэж, хийсэн ажил, бүтээж буй үйл хэрэгтээ чин үнэнч эзэн нь байхыг хүсье.

Би олон зүйлийг сонирхон оролдож үзсэн. Тэр олон сонирхож хошуу дүрэн байсан зүйлсээс одоо хүртэл хайртай хэвээр байдаг, салж чаддаагүй сонирхол маань болсон, болоогүй сонингийн цаас … хэдэн ноорхой хуудас юм. 7-р ангиасаа эхлэн өдийг хүртэл цуглуулж байгаа сонингийн ноорхой цааснууддаа маш их хайртай. Нэг авдараар дүүрэн ангилсэн эвхээстэй энэ хуудаснуудын бичээс, өгүүлбэр бүрийг эргүүлж тойруулан харахад сонирхолтой санагддаг. Сонингийнхоо хайчилбартаа уншаад хадгалдаг номноосоо илүү хайртай байдаг нь миний олон жил цагаа гарган цуглуулж, бусдаас харамлан хадгалсных бизээ.

Он цаг улирах тусам нугалаасаараа өмрөн элэгдэж, бичиг үсэг нь балран арилж байгаа сонингийн хайлчилбараа харахаар харамсах сэтгэл төрөөд байдаг юм.

Цуглуулга маань ихсэх тусам сэдэвлэн ангилж нямбайлан хадгалсаар л байгаа. Магадгүй энэ хэдэн ноорхой сонингийн хайчилбар маань он цаг явж юм бүхэн цахим хэлбэрт шилжин цаасан зүйлээс татгалзах болсон энэ үед сонингийн цаасны нэгэн түүхийг өгүүлсээр наддаа үлдэх ч юм билүү гэж боддог. Сүүлд хараад байхнээ миний голлон уншдаг Өдрийн сонин, Өнөөдөр, Зууны мэдээ сонингууд цахим хэлбэрт шилжсэн байна лээ дээ.

20-р зууны сүүлийн 10нд цуглуулж эхлэсэн сонингийн хайлчилбар маань 21-р зуунтай золгон зуун дамжин байгаа нь сайхан биш гэж үү.
Ангилал маань уран зохиол, Сод хүмүүс, миний монголын түүх, танин мэдэхүй, эдийн засаг, сав шимийн ертөнц, нийтлэл гээд л явж өгч дээ.
Блог маань миний нэгэн сонирхол болсон учраас 10 гаруй жил цуглуулан, шарлан үнгэгдсэн ч хайртай сонингийн хайлчилбаруудаа бага багаар блогтоо оруулан цахим хэлбэрт хадгалах нь зүйтэй гэж саналаа.

Оогийноо, Гэрэлт ертөнцийн ноорхой хуудаснуудад:

НӨХӨШГҮЙ ДӨРӨВ
Дээлийг нөхөж болно, барилгыг ч гэсэн нөхөж, сэлбэж болно. Ой модыг ч гэсэн нөхөн төлжүүлж болно. Цоорхойг бөглөж болно. Хагархайг гагнаж болно. Ханзархайг оёж болно. Хагарсныг эвлүүлж болно. Ер юуг ч гэсэн нөхөж, сэлбэж, эргүүлж, сэргээж болох билээ. “Болно, болно, болохгүй юм гэж энэ хорвоод хаана байна?” хэмээн ярьдаг хүн цөөнгүй бий. Үнэндээ ч тийм мэт. Гэвч нарийндаа тулбал нөхөшгүй, сэргээшгүй, эргэшгүй юм гэж лав л дөрвөн зүйл бий ажээ.

Нэгд. Цагийн гарз нөхөшгүй ажээ. Цаг хугацаа бол хэнд ч, юунд ч захирагддаггүй, эргэшгүй, нөхөшгүй аугаа их урсгал юм. Цагийн тэрхүү хэн, юунаас ч хараат бус урсгал нь амьтай болгоныг ч, амьгүй бүхийг ч элэгдүүлэн элээж ардаа орхидог жамтай ажээ. Хамгийн хатуу чулуу ч цагийн урсгалд үжирдэг. Хамгийн ухаантай хүн гэдэг амьтан ч гэсэн цагийн их урсгалын өмнө яаж ч чадахгүй гундаж жаргалтай хүүхэд нас, баясгалантай залуу нас, намбатай хичээл насыг эргүүлж тогтоох аргамжаагүйн эрхээр зөвхөн дурсамж төдий ярьсаар хорвоогоос хальдаг билээ. Цаг хугацаа тэгэхээр туйлын дээд засаглал ба туйлын үнэтэй хүчин зүйл юм. Харамсалтай нь, хүмүүс үүнийг мэдэрдэг ч гэсэн “цагийн гарздалыг” тун ч дутуу үнэлсээр, заримдаа бүр тоохгүй явсаар нэгэн насыг дуусгадаг нь нийтлэг үзэгдэл бололтой. Урт наслах тухай боддоггүй, тийм ерөөл тавьдаггүй хүн энэ дэлхийд нэгээхэн ч үгүй. Гэвч санаснаар болдоггүй, ерөөөлөөр бүтдэггүй цаг хугацааны алдагдал яг л цоорхой саванд хийсэн ус шиг үргэлж гоожсоор нэг л мэдсэн хүн хөгширснөө, түүх улирснаа мэддэг ажээ. Цаг хугацааг эргүүлэх юм уу нөхөх арга ухаан хэнд ч байхгүй гэлээ гэхдээ түүнийг “эрхшээлдээ” авах ганцхан л арга байдаг. Тэр бол богино цагт ихийг бүтээх юм. Таван жилд хийдэг юмыг таван сард, таван сард хийдэг юмыг таван цагт хийж бүтээх юм бол цагийг захирч байнаа хэмээн хэлж болох ажээ. Хүн төрлөхтөн ийм замаар, ийм аргаар явж байгаа билээ. Харин хүн нэг бүр ийм байж чаддаггүй нь харамсалтай.

Морин өртөөгөөр гурав хоног явдаг байсан газрыг моторт хөлгөөр гуравхан цагт туулдаг, тэмээн жингээр тив дамжин сар жилээр аялдаг байснаа тийрэлтэт онцгоцоор хоногтоо хүрчихдэг болсон нь хүн цаг хугацааны ноёрхлыг даван туулсаар байгаагийн гэрч аргагүй мөн …….

Хоёр. Эрүүл мэндийн гарздал эргэшгүй ажээ. Бас нөхөшгүй буюу. Монгол улсын хүн ам бол энэ орны үнэмлэхүй дээд баялаг. Хүнээс үнэтэй зүйл гэж улс оронд маань байхгүй. Алт мөнгө, шүр сувд бол хүний чимэглэл болохоос биш өөр ашиг түүнд байхгүй. Хүнгүй цөлд алтан уул байгаад ч хэрэг байхгүй. Харин хүн бол бүхнийг бүтээж, бүхнийг хийж чадах дээд эрдэнэ. Тийм эрдэнээр Монгол улс тун ч ядуу. Дөнгөж хоёрхон сая хагас хүн амтай. Гэхдээ цөөхөн байсан тусмаа нэг хүн бүрийн үнэ цэнэ асар өндөр байх нь дамжиггүй. Гэвч хэдхэн хүн маань хэр зэрэг үнэлэгдэж байна вэ? Монгол улсын хүн ам цөөн ч гэсэн эрүүл бол цөөдөхгүй. Тэгвэл хүний үнэ цэнгийн гол хэмжүүр болсон эрүүл мэндий хохирол нөхөшгүй газрын нэг яриагүй мөн.

Гурав. Газрын хэвлий дэх баялагийн гарз нөхөшгүй билээ.
Бодлогогүй эх хүн хэвлий дэх үрээ зулбуулах нь элбэг боллоо. Үрээ хаясан ч хээл нь үлдсэн юм болохоор ахиал жирэмслэх магадал бий. Тэгвэл газрын хэвлий дэх баялагийг хоослон цөлмөвөөс тэнд ахиад алт, мөнгө, зэс, төмөр байтугай наад захын нүүрс ч ахин төлжих найдвар байхгүй туол хоосон хар нүх л усаар дүүрч үлддэг.

Монгол улс газрынхаа хөрсөн доорх баялагийг дор хаяад л хорин зууны турш хөндөөгүй үүцэлсэн бараг л цорын ганц орон байлаа. Өнгөрсөн түүхийг маань бүтээсэн өвөг дээдэс үр хүүхэд хойч үедээ яндашгүй их үүц нөөж үлдээсэн нь тэр билээ. Одоо бид Өгөдэй хааны таамаглснаар “Өөхөнд боосон ч нохой шиншихгүй Өвсөнд боосон ч үхэр үнэрлэхгүй” амьтад болчихоогүй байна гэдгээ харуулах цаг болжээ. Өвөг дээдсийнхээ захиж үлдээсэн үүцний авдарыг өөрсдөө ч онгойлгож чадахгүй харийханы хар гарт бэлэн түлхүүрийг нь хадаг дээр тавиад сарвайхдаа туллаа гэж үү? Онгойлгох түлхүүрийг нэгэнт өгсөн байлаа гэхэд онгойсон авдарынхаа эд баялагийг үр өгөөжтэй хэрхэн зарцуулахад ухаан оюуныг зориулах үлджээ …….

Дөрөв. Алдагдсан үгийг буцааж болдоггүйг Монголчууд гүн ухааныхаа аман хуульд үе дамжуулан шигтгэж өгсөн билээ.
“Агт алдвал барьж болдог, Ам алдвал барьж болдоггүй” гэж ард түмэн хуульчлан баталсаар иржээ. Гэтэл өнөөгийн манайд нийгэмд олон зууныг дамжин магадтай үнэнээ харуулсан энэхүү мэргэн сургамжийг үл ойшоож, “хамрынхаа доорх ангархайг” өөрийгөө болон бусдыг хууран мэхлэх хэрэглүүр болгосон хүмүүс хий үлээж дүүргэсэн бөмбөлөг шиг дээшээ хөвөн гарч ирдэг гаж үзэгдэл шүгэлжээ. Сайн юмны нэрээр халхавчилсан муу юм анхандаа нэг их танигдахгүйтэй адил сайхан амлалт өгдөг хүмүүсийг эхний харцаар танихад амаргүй болн энэ үед буюу хууль тогтоох нэрийн дор сонгогдоод улмаар засаглал тогтоох, засаглал унагаах хэрэглүүр болтлоо төрөл арилжсан УИХ-д гишүүнээр дөрвөн удаагийн сонголт хийхэд мөн ч олон хүн “ам алдаж”, алтан амлалт авч билээ. Урсгасан үгийг нь эргүүлж болдогсон бол монголын ард түмэн “ядуурал”, “ажилгүйдэл” гэдэг хоёр үгийг өдийд мартсан байхсан, бүтэн болоод хагас өнчин хориод мянган хүүхдийн тал хувь нь ч билээ элэг бүтэн байхсан …..

Сонин: Дал
Дугаар: 227 /3/ XVII жарны гаол улаан нохой жилийн хаврын адаг хар луу сарын шинийн гурваны наран өлзийт шарагчин үхэр өдөр
Зохиолч: Л.Түдэв

Posted in Өдрийн тэмдэглэл | Leave a Comment »

Өгүүлбэрээс төрсөн бодол

Posted by Оогийноо on December 18, 2008

Өнөөдөр сонины 18-ны Пүрэв гарагийн дугаарыг гарчиглан суулаа. “Амьдрал үргэлж сайхнаараа” телевизийн реалити шоунд оролцогсодтой хийсэн Б.Баабарын ярилцлагыг уншив.
Ярилцлагаас нэг өгүүлбэр таалагдав, бас өгүүлбэрээс урган гарсан эмх замбараагүй бодлууд намайг эргүүлдлээ.

“… МОНГОЛ УЛСЫН ИРГЭН УЛСАА ХӨГЖҮҮЛЭХ ҮҮРЭГ АВААГҮЙ. ХАРИН САЙН САЙХАН АМЬДРАХ ЭРХТЭЙ …”. Энэ өгүүлбэрийг уншихтай зэрэгцээд л юун түрүүнд энэ жилийн хүрд эргүүлэх боломж, сонголтгүй сонгуулийн тухай бодол төрлөө.
Бид хавар, зун, намаржингаа улс төрөөр амьсгалж, ааруул хатаах завгүй сонгуульдаагүй юу. Тэр үеэр телевизийн суваг, сонингийн хуудас, хаана тараалдсан газар бүрт нээх эх орондоо хайртайгаа мэдэрсэн том том нүүрнүүд гараад ирсэн дээ.

Тэр олон том “нүүрнүүд” аль нам эсвэл үл хамаараад бүгд нэгийг өгүүлнэ. Яг сайхан унтаж байтал зүүдэнд нь “чи л эх орноо хөгжүүлэхгүй бол цаана чинь дандаа хар гартай авилгачид улс эх орны тогоо цоолж байна. Чиний цаг болсон. Юун чиний хувь хүний, гэр бүлийн аз жаргал. Тэр улс эх орноо хөгжүүлэхэд зүтгэ” гээд өвөг дээдсийн үл амирласан сүнснүүд алин эсвэл хэн нэгний заримдаг саарал ч сүр бараатай дүрс ирээд шивнэхэд, зүүд нойроо хугаслаад үсэрч босонгуутаа сонгуульд нэрээ дэвшүүлчихэж гэнээ. Хэрэв сонгогдвол ханцуй шумлан, хормойгоо шуугаад хөлсөө цувуулан хөдөлмөрлөх юм гээд л мундаг мундаг эх оронч том том нүүрнүүд хаа сайгүй тааралдлаа. Зарим талаар бодохоор миний нүүрнээс бусад нь л сонгуульд нэр дэвшээд байгаам шиг. Сонгуульд нэр дэвших шалтгаан нь үнэнхүү бишрэн хүндэлмээр “Улс эх орноо л хөгжүүлэх”.

Улс эх орноо хөгжүүлэх, зүүдэнд буулгасан лүндэн тушаалыг хэрэгжүүлэх цорын ганц боломжит гарц бол сонгууль гэх. ТВ 5-ын улсын гавшгайч, улаан тугын одонт, шилдэг залуу хөтлөгч олигтойхон шиг логиктой асуулт тавиад телевизийнхээ сэтгүүлчийг хийх биш, мундаг банкны захирал нь ажилчдынхаа нийгмийн наад захын асуудлыг шийдэх ч биш, хэлний курсаас улс төрд лавхан шургалж байгаа лидер залуус бусаддаа олигтойхон шиг үлгэр дууриалалтайгаар үнэнгээсээ “худлаа ярих” ч биш, гудамжинд шог шүүрдэх бүүр ч биш гэнээ.

За энэ ч яахав. Дэндүү ихээр хадуурав. Яалт ч үгүй сонгуулийн синдром гараагүй одоо хүртэл ганц өгүүлбэр уншаад л туйлшираад сонгууль энэ тэр гэдэг болчихож.

Дээрх өгүүлбэрийг уншаад буу үүрүүлээд эзэнгүйдсэн хил мануулчихмаар сайхан эх орончидтойгоо мэдэрсэн сонгуулийн тухай бодол төрсөний дараа жендер бил үү, хүйсийн тэгш харьцаа билүү тэр асуудлын талаар нэг бодол төрлөө. Жендерийн тэгш эрх гэхээр л надад юун түрүүнд би хоол хийнэ, чи хоол хийнэ, би шал угаана, чи шал угаана, эсвэл хамтдаа угаана гэсэн гэр ахуйн цэвэрлэгээ, хоол ундны талаархи эхнэр нөхөр болж буй сүүлийн үеийн залуусын хэрүүл санагддагийн.

Би өөрийгөө сүүлийн үеийн залуусын тоонд багтана гэж бодоод байгаан. Тэгэхээр эхнэр болохоосоо өмнө эхлээд олон нийтийн газар хаях амаараа дүүрэн шүлсгүй болчихоод, 4 жил ухантаж сурсан англи үсгийн цагаан толгойгоо лавхан шиг цээжлээд, нэн даруй сар бүрийн тогтмол цалин авах хөшүүрэг болгох ухааны юм бодно. Тэгээд нэг ажлын бараа хараад авбал тогтвор суурьшилтай басхүү орон тооны цомохтголоор халагдагсдын тэргүүн эгнээд цохогдон бичигдэхээргүй ажилтан болохын тулд зүтгэнэ.

Бусдын ганц өдрийн хоолны мөнгөтэй дүйцэхүйц цалин авсан ч хамаагүй ажил л хийж байвал болоо. Гэхдээ гартаа улаан мөнгөгүй, хөрөнгө зоорьгүй би мэтийн улсууд өр тавин үнэтэй хувцас, өр тавин машин тэрэг, өр тавин гоо сайхан, өр тавин шоу цэнгээн гэхгүй ээ. Хэрэглээ нь тун энгийн сарынхаа цалинд тааруулаад л пирошкидно, сард нэг удаа Нарантуул хавиар эргэлдэнэ. Мөнгөнийхөө нэгээхэн хэсгийг банкинд хадгалуулж хүү бодуулан арвижуулах уу, алин эсвэл хувьцаа авч арвижуулах уу гэдэг ухааны юм бодно. Хувьцаа, хадгаламж хоёрын аль нь богино хугацаанд мөнгийг минь хэд болгох вэ хэмжээний эдийн засгийн мэдлэгтэй болсоныхоо дараа гэр бүлийн амьдрал бодохтойгоо болно.

Нөхөрт гарлаа хэхэ. Улс орны хөгжил, карьер марьер гэж амбицлаж байхаар нөхрөө ажилд нь явахаас өмнө эртхэн шиг босоод цайгаа чанаад хоол цайтай явуулах, хүүхдээ муу сурч байгааг нь гэнэт мэдэнгүүтээ уламжлалт эрүүдэн байцаах арга хэмжээ авах биш байдлыг урьдчилан хяналтандаа байлгах арга буюу хүүхдүүдтэйгээ илүү их цагаар ажиллах /гэхдээ нөхрөөсөө илүү цагаар ажилласны мөнгийг бодуулах эсэх дээр маргаан үүсгэхгүй эв найрамдлын шугамаар аль болох шийддэг байх/, ажлаа эртхэн шиг зохицуулаад нөхрөөсаа уртаж ирэн оройн хоолны ая тал боддог хормойгоо чирсэн хочтой гэрийн авгай болноо.

Юун тэр улс орны хөгжил. Эхлээд гэр бүлийнхээ аз жаргалыг шийдэх хэрэгтэй. Эхнэр нь гал тогоондоо, нөхөр нь хоймортоо байвал тун зүгээр гэж би боддог. Би эмэгтэй хэрнээ тэр жендерийн тэгш эрхийн эсрэг бүрэн зогсдог хүн л дээ хэхэхэ. Эхнэр нь улс орныхоо төлөө амь бие болоод гэр орныхоо аз жаргалыг гаргуунд нь гаргасан УИХ-ын гишүүн … УИХ-ын гишүүн эхнэртэйн улмаас сексийн дутагдалтай байгаадаа гомдсон нөхөр нь баар цэнгээний газрын байнгын үйлчлүүлэгч … хүүхдүүд нь гэрийн асрагчийн хортой хоргүй хоолны хусам долоогчид. Ийм байвал ямар уу. Таалагддаг эмэгтэйчүүд байдаг л биз.

Өгүүлбэрээс төрсөн эмх замбараагүй бодлоо эцэслэн дүгнэхэд /гэхдээ эмэгтэй хүний нүдээр шүү/ хэдийгээр би Монгол улсын иргэн мөн боловч би Монгол улсыг хөгжүүлэх үүрэг даалгавар аваагүй. Харин миний төлөө, миний аз жаргалтай амьдралын нөхцөл байдал хаана бүрэлдэн тэнд би амьдрах сонголтоо хийнэ. Харин гэхдээ!!!! энэ сонголтыг хийж байгаа хүний хувьд өөрийгөө хайрладөг, өрөөлийг энэрдэг, улмаар ханьдаа хайртай халамжтай эхнэр, үр хүүхэддээ энэрэлтэй ээж байж тэр бүгдээсээ хувийн аз жаргалаа хүртэж энэ хүмүүний амьдралыг төгсгөх минь.

Posted in Өдрийн тэмдэглэл | 1 Comment »