Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    May 2024
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 58,852 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Archive for the ‘БУДДИЗМ …’ Category

Тархины парадокс буюу сэтгэлээг чөлөөлөхүй

Posted by Оогийноо on July 3, 2010

Хүн аливаа зүйлийг танин мэдэхдээ хүн хэд хэдэн шат дамжлагыг давдаг. Тухайлбал, хүнд алим үзүүлэхэд юуны өмнө тэр хүнд харах, сонсох, эсвэл амтлах зэрэг мэдрэхүйгээр дамжаад анхны дохио тархинд очдог. Бөөрөнхий хэлбэртэй, улаан өнгийн гэх зэргээр. Read the rest of this entry »

Posted in БУДДИЗМ ... | 4 Comments »

Тархины фитнесс

Posted by Оогийноо on July 3, 2010

ТАРХИНЫ ФИТНЕСС

“Боннын” Т Алтангэрэл

Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь 2004 онд тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ. Тэрээр лабораторийн туршилтандаа энгийн хүмүүс болон байнгын бясалгал хийдэг буддын лам нар тэр дундаа маш залуугаараа бясалгалын мастераар шалгарсан Мингүр Ринбүүчийг Далай багшийн санал болгосноор оролцуулсан аж. Тархины нарийн мэдрэмжтэй тоног төхөөрөмжийг ашиглан судлахдаа бүх оролцогчдыг хайр энэрэл, нигүүлсэлийн тухай бодохыг даалгав. Ердийн шинжилгээнд нийт арван зургаан мэдрэгч электродыг хүний толгойд зүүж хэрэглэдэг бол Мингүр Рибүүчийн толгойд маш нарийн шинжилгээ хийх үүднээс нэг зуун хорин найман мэдрэгчийг зүүжээ.

Read the rest of this entry »

Posted in БУДДИЗМ ... | Leave a Comment »

Ахин дахин бодмоор …

Posted by Оогийноо on February 3, 2009

Эрж хайж олдохгүй, хүсэвч үл сонсогдох сайхан үгс гэж буй. Энэ амьдралд нялуун чихэрлэг үгс өч төчнөөн хүртэвч сэтгэлд хадагдаж, ухаанд шингэх нь ховорхон. ТИТЭМ ҮГ цувралын энэ хэсэг илүүтэйгээр таалагдлаа. ӨӨРИЙНХӨӨ БУЯНТ ҮЙЛСЭЭР ГАЙХУУЛДАГ ХҮНЭЭС БОЛГООМЖИЛ

Бусдын төлөө буян үйлдэх нь эрдэнэт хүний, адгууснаас ялгагдах олон шинжийн нэг билээ. Өвдөж зовсон хүнд хоол цайг нь дөхүүлж өгөх нь томоос том буяны тус. Гэтэл өвдөж дордсон маланд өвс усыг нь хамт бэлчиж яваа ижил сүрэг нь дөхүүлээд өгдөг бил үү, үгүй шүү дээ. Хальтраад унасан хөл муутай хүнийг татаад босгох нь тааралдсан хүн бүрийн хийх ёстой буянт ажил. Турж эцээд, өеөдөөд унасан малыг бусад мал нь татаад босгодог бил үү, бас л үгүй. Бусдад буян үйлдэж байна гэдэг нь хүн, хүнээрээ байгаагийн тодоос тод илэрхийлэл. Хүний төлөө хийж байгаа сайн үйлс бүхэн буянтны үйлдэл. Буяны тус багаддаггүй. Буян санаж үйлдсэн гялтайх жижигхэн тус ч биенээсээ хавьгүй том сэтгэлийн гэгээ гэрлийг дагуулан ирдэг юм. Бусдын төлөө буян үйлдэх нь хүн болж төрснийх нь утга учир мэт ухаарч санаж явдаг хүмүүс бий. Тэд буяны үйлсийн төлөө энэхэн нас, эгэлхэн биеэ бүхэлд нь зориулсан байдаг. Эд нар цаглашгүй буянтнууд.

Буянтнуудын тусыг хүртдэггүй хүн энэ хорвоод үгүй. Буянтны тусыг тосон авахад ч, буян санаж өгөхөд ч учир бий. Авах ёстойгоос илүүг авах гэж бүү шуна. Бас өгч чадахаасаа илүүг өгөх гэж бүү шанал. Чин зүрхнээсээ өгөх нь ч, авах нь ч аль аль нь сайхан. Хариу горьдолт, харамж тооцоо энд байх ёсгүй. БУЯНЫ ТУС НАЙМАА БИШ. Чи тус болсон хүнээсээ урмын үг, баярын нулимс шаардах ёсгүй. Харин урмын үгээ хэлж, баярын нулимсаа арчих эсэх нь буянтнаас хишиг хүртэгчийн ёс суртахууны хэр хэмжээний асуудал. Жинхэнэ буянтны сэтгэл нь нээлттэй, ам нь хаалттай байдаг юм. Ер нь буяны үйлсийн талаар тус болсон нь дуугүй байж, тусыг хүртсан нь дуугарч байх нийтлэг нэгэн зарчим бий. Их ч бай, бага ч бай буянт үйлсээрээ гайхуулан шагшуулах хэрэггүй. Өөрийнхөө буянт үйлсээр гайхуулдаг хүнээс болгоомжил. Тийм хүмүүс гайхуулаад байх буянтнууд төдийлөн биш, ажлаасаа ам нь давчихсан байх нь элбэг. Аль эсвэл буянт үйлс бүтээсэн ч түүнийгээ нийтийн тусыг бодож хийгээгүй, хувийн ашиг хонжоо бодож үйлдсэн байх нигууртай. Буянт үйлсээр гайхуулагсадаас их буяныг хүлээгээд нэмэргүй. Жинхэнэ буянтай үйлсийн эзэд намайг хэн юу гэж магтах бол гэж горьдлого тээн, чих тавин чагнадаггүй. Яруу алдраа даяар цуурайтуулан зогсч байгаагаар төсөөлөн, сэтгэлээ зогоон хүлээдэггүй. Хийх ёстой зүйлээ хийсэн гэж бодно. Харин дутуу хийсэн болов уу, тус болж чадсан болов уу гэж сэтгэлээ чилээн, санаа зовж явна. Буянтай үйлсийн үнэ цэнэ өөртөө шингэн үлддэг болохоос үнэ хүргэх дуудлага худалдаанд хэзээ ч ордоггүй билээ. Итгэл алдарч, гуниж гутарсан хүнд урам хайрлаж, зориг нэмсэн шидэт үгийг хэлэх нь буяны дээд буян. Энэ үгс бөхөн алдаад байсан итгэл найдварын гэрлийг зүрхэнд нь эргүүлэн асааж өгнө. Санаа зовон, сэтгэл түгшсэн хүнийг сэтгэл засах бүлээн дулаан үгээр тайтгаруулан тайвшруулах сайн санааны үйл нь усгүй ээрэм талд ундаасаж ангасан хүнд уух ус өгч, ангаа цангааг тайлах буянтны үйлдэлтэй адил ижил.

Тэр надад хэзээ ч туслахгүй гэж бодож байсан хүн нь ядарсан үед буяны гараа сунгаж туславал дээдийн буян болоод зогсохгүй сэтгэлийн гэгээ, нүүр дүүрэн мишээл баярыг хамт хайрлана. Ийм буяны тус хэд дахин үнэ цэнэтэй. Тэр надад зайлшгүй туслана гэж итгэн хүлээж байсан нөхөр нь урмыг хугалан чимээгүй байх нь сэтгэлд асч байсан итгэлийн зулыг үлээн унтраахтай адил. Тэгэхдээ энэ хорвоогийн найдваргүй араншинг зүрхэнд тултал сануулна. Үүнээс адгийн хорлол тэр бүр байхгүй. “Хүмүүст ихийг өгч, өөртөө багыг шаарддаг хүн сайн, бусдад багыг өгч өөртөө ихийг шаардагч муу хүн байдаг” гэдгийг эргэцүүлэн бодоорой. Ер нь хэн ч байлаа гэсэн авах болохоор ухасхийдэг, өгөх болохоор гэдэсхийдэг байж таарахгүй.

Бурууг нь шүүмжилж, болохгүйг нь сануулж, болзошгүйг нь сэрэмжлүүлж байгааг инээд алдан, гараа тосон хүлээж авдаг хүн төдийлөн олон биш. Уг нь чиний унтсаныг сэрээж, умартсаныг сануулж байгаа тэр хүн ачлал буянтан. Тэдний үгийг чих тавин сонсдоггүй юм аа гэхэд чихнийхээ хажуугаар яавч бүү өнгөрөө. Болохгүйг сануулах хүнгүй бол болохгүй бүтэхгүйн намагт гүн гүнзгий шигдэнэ. Бурууг шүүмжлэх нөхөргүй бол буруу бусармагийн хөлгүй далайд живнэ. Сэрэмжлэхийн дээдээр сэрэмжлэхгүй бол ялагддаг юм.

Гатлахуйяа бэрх зовлон бэрхшээлтэй тулгаран шантрах үе чамд тохиож магад. Хийх, бүтээх оргилсон их хүсэл эрмэлзэлээр шатаж явсан эрч хүч чинь ямар нэг шалтгаанаас болж саарах мөчтэй тулгарч болзошгүй. Шантрах цагт нь хурцалж, саарах цагт нь шавдуулж байх салшгүй сайн нөхөд чамд хэрэгтэй. Шантрах цагт нь хурцалж, саарах цагт нь шавдуулж байгаа хүмүүс чиний хувьд цаглашгүй буянтнууд. Тэд байгаагүй бол чи саарсан хүчээ нөхөж, шантарсан сэтгэлээ сэлбэж чадах байсан уу, үгүй юу гэдгээ эргээд бодож байгаарай. Тэд өглөгийн дээдийг өгч, буяны дээдийг хүртээсэн буянтнууд мөн байжээ гэдгийг чи санан дурсаж, баярлан талархах болно. Зовлонтыг өрөвдөн энэрч, золгүйг өмгөөлөн аврах нь зол буяны дээд. Өр зүрхний гүнээс оргилон гарсан өрөвч сэтгэл жинхэнэ буянтных. Өрөвч сэтгэлтний дүр эсгэсэн хий хоосон хөөрхийлөл буянтны багтай буруу бодолтных.

Буянтай байна уу, нүгэлтэй байна уу чиний амьдрал бол чиний л бүтээл. Чамд тохиосон уйтгар гуниг, сэтгэлийн зовиурт чамаас өөр хэн ч буруугүй. Энэ бол чиний тарьж суулгасан үрнээс соёолж ургасан ургац. Тийм байтал бурууг өөрөөсөө биш, бусдаас эрж хайх гээд байдаг мунхаг төөрөгдөл ихэнх хүмүүсийг ноцон хоргоож байх юм. Бурууг бусдаас хайх шиг амархан юм байхгүй. Гэхдээ тэндээс олох олдвор бүр ч байхгүй. Сэтгэл чинь чамайг есөн шидээр уруу татна. Тэндээс төөрөх түмэн сэжүүр, будилах буман нугачаа үүснэ. Эдний нэг нь бурууг бусдаас хайх мөнхийн төөрөгдөл юм. Ер нь бэртэгчин сэтгэл бурууг гаднаас эрж, хариуцлагаа ямагт гадна тал руу чихдэг араншинтай. Бурууг бусдаас хайгаад, хариуцлагаас яаж ийгээд мултрах гээд оролдоод байгаагаа мэдэрвэл бэртэгчин сэтгэлд улам бүр хүлэгдэж байна гэдгээ эртхэн ухаарч, засахыг хичээ. Энэ бол өөрөө өөртөө үйлдэж байгаа том буян шүү.

Өөрийнхөө орон зайг баттай эзэл. Эс тэгвээс чи шоовдор хүүхэд мэт гадуурхагдаж, шахагдан тусгаарлагдана. Чиний орон зайг эзлэх гавьяагүй өөр нэгэн эзлэн, хээв нэг сууна. Эзлэх ёстой орон зайгаа эзэлж чадаагүй хүн бүх юманд сэтгэл дундуур, битүүхэн гомдол тээж, түүндээ хэн нэгнийг дотор сэтгэлдээ буруутгаж явах болдог. Өөрийнх нь орон зайг эзлэхэд нь хүмүүст тусал. Энэ тун их буянтай ажил. Энд хөрөнгө мөнгө, эрх мэдлийн тус дэм хэрэгцээгүй. Чи зөвхөн бурууг нь шүүмжлэн хэлж, дутууг нь гүйцээхэд нь тусалж, хөдөлгөөнгүй зогссон байр сууринаас зөв зүгт хөдөлгөхөд нь амьдралын ухаан далайгаасаа дусал дуслаар хайрла, ачлал буянт зөвлөгөө санамжаа тун тунгаар харамгүй өг. Энэ бүхэн мартахын аргагүй буян болно.

Аливаа буянтай үйлийг чин сэтгэлээсээ үйлдэж бай. Сэтгэлээсээ үйлдсэн буяны үйл урт настай, удаан жаргалтай. Сэтгэлээсээ үйлдээгүй буяны үйл сэмэрч үжирссэн даавууны л настай, тус нэмрээр бага. Албан шахалтаар үйлдсэн буянт үйл аваа өгөө төдий л зүйл болохоос амь сүнсгүй, үнэ цэнэгүй. Шударга бус явдлаас зайлсхийх нь шударга үйлдэл төдийгүй буянтай үйлс. Шударга бусыг үйлдэгсэд буяндаа бузар хийж байгаагаа мэдээсэй. Шударга бусаар үйлдсэн аливаа зүйлийн үр дүнд буян хишиг өчүүхэн ч хуралдан цуглахгүй, харин нүгэл хилэнцийг хангалттай хураан бөөгнүүлнэ.

Тус хүргэж, буян үйлдсэн хүний ачийг марталгүй санаж яв. Тус болж, буян үйлдсэн хүний ачийг үл санах нь тусыг усаар хариулахаас онцын ялгаа үгүй. “Санаа зөв бол заяа зөв”. Буруу санаатай хүнд буяны хишиг хүртдэггүй юм гэсэн шүү. Чамд буян хүртээсэн буянтандаа талархаж сур. Сэтгэлээсээ хэлсэн чиний цөөхөн зөв үгийг сонссон буянтны сэтгэлд наран гийж, зүрхэндээ баяртай үлдэнэ. Тэгж чадвал чамд буян хурна. Өөрийнхөө буянт үйлсээр гайхуулах хэрэггүй, харин гайхамшигтай буянт үйлсийг бүтээж амьдар. Буяны эзэн чамайг хүмүүс аяндаа хайрлан хүндэтгэх болно.

Posted in Аз жаргал, БУДДИЗМ ... | Leave a Comment »

Нээх сайхан бас гоё

Posted by Оогийноо on July 23, 2008


НИГҮҮСЭЛ, ТЭВЧЭЭР, БОДЛОГОТОЙ байх явдал хүмүүст маш чухал хэрэгцээтэй зүйлүүд юм.
Тийм учраас хүндрэл гарах үед эдгээр шинж чанарыг өөртөө хөгжүүлэх хэрэгтэй.
Харин хэн тийм боломжийг бий болгодог вэ?
ДАЙСНУУД
Тэд л бидэнд гай зовлон авчирдаг.
Тийм учраас ямар нэгэн зүйлд суралцахыг хүсвэл ДАЙСНАА хамгийн сайн БАГШАА гэж бодох хэрэгтэй.
Тэд л бидэнд хүлээцтэй хандах, сэтгэлийн тэнхээтэй байхыг сургадаг.
Үүнээс гадна, хувийн болон нийгмийн амьдралд дайснууд ч гэсэн тухайн нөхцөл байдлаас шалтгаалан найз нөхөд болдог тохиолдол байдаг.
Үерхэл нөхөрлөлд хүрэх хамгийн сайн зам нь НИГҮҮСЛЭЭР ДАМЖСАН ЗАМ юм.
Элэгсэг дотно сэтгэл л хүмүүсийг хооронд нь хамгийн сайн найз болгож чаддаг.
Бусдыг халамжилж, тэдэнд тусалж, үйлчилж, тэдний сайн сайхны төлөө санаа тавьж, аль болох олон найз нөхөдтэй болж, болж өгвөл үргэлж инээмсэглэж байх хэрэгтэй.
ТУСЛАМЖ БОЛОН ҮЙЛЧИЛСНИЙ ҮР ДҮНГ ХЭЗЭЭ Ч БОДСОНЫ ХЭРЭГГҮЙ.
Үүний үр дүнд тусламж шаардагдсан үед туслах хүн маш олон гарч ирнэ.
Өнөөгийн нийгэмд танд эрх мэдэл, мөнгө байсан цагт найз нөхөд хангалттай мэт санагддаг.
Гэвч энэ бүхний үр дүн бий болсон найз нөхөд бол жинхэнэ биш ЗҮГЭЭР Л ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧИД юм.
Та өөрийн эрх мэдэл, эд баялагийг алдсан цагт эдгээр нөхөд чинь өдрийн цагт дэнлүү бариад явсан ч олдохгүй.
Хамгийн гол зовлон бол бидний өдөр тутмын амьдралд сайн сайхан явж байгаа цагт бидэнд ямар ч найз нөхөд хэрэггүй мэт бид өөрсдөө бүгдийг хийж чадах мэт санагддаг явдал.
Гэвч байдал бишдэж, бие өвдсөн цагт л бид өөрсдийн алдааг ухаардаг.
Тиймээс энэхүү цаг үед биеэ бэлдэхийн тулд ямар ч цаг тусалж дэмжих жинхэнэ найз нөхөдтэй байх нигүүсэлийн үрийг тарих хэрэгтэй.
Би маш олон найз нөхөдтэй болох дуртай. Би үргэлж инээмсэглэж явдаг. Тиймээс миний өмнө хэрхэн шинэ найз нөхдийг олох вэ? яавал аль болох чин сэтгэлээсээ инээмсэглэсэн хүмүүстэй байнга учирч явах вэ? гэсэн бодол байнга байдаг.
ИНЭЭМСЭГЛЭЛИЙГ ЯАЖ ТӨРҮҮЛЭХ ВЭ?
Хүмүүс ч гэсэн тэр бүр адилгүй олон янзаар инээдэг.
Тэдний зарим нь ёжилсон янзтай, зарим нь албархуу хийгээд хиймэл инээдэг хүмүүс ч цөөнгүй бий.
Эдгээр инээмсэглэл баяр баясаглан эсрэг этгээддээ аваачихгүй бөгөөд харин буруу сэдэлийг төрүүлдэг.
Үнэн сэтгэлээсээ инээх нь цоо шинэ итгэлийг буй болгодог.
Хэрвээ бид жинхэнэ инээмсэглэлийг хүсвэл хамгийн түрүүн бидний хийх зүйлс инээмсэглэлийг төрүүлэх үндсийг тавихад оршино.
Тэгвэл хэрхэн сайн найз нөхөдтэй болох вэ?
Мэдээж хэрэг үзэн ядаж муудалцсанаас бол болохгүй. Жинхэнэ нөхөрлөл бол чин сэтгэл, хамтын ажиллагааны үндсэн дээр бий болох хийгээд энэ нь танд нээлттэй сэтгэл, халуун зүрх байх ёстой гэсэн үг юм.

Дээрхийн Гэгээнтэн, 14-р Далай Ламын сургаалиас
Ахын блогоос авав.

Posted in БУДДИЗМ ... | Leave a Comment »

Сэтгэлгээний зөв хандлага НЭГ – Stupa Cafe of the Buddhist Center

Posted by Оогийноо on February 17, 2008

Надад эндхийн Монгол хэв маягтай интерьер засал нь их таалагддаг. Дээр үед манайд байдаг байсан хээтэй сандал ширээ гээд л нэг л дулаахан

“Суврага” кафены жижигхэн хөөрхөн булан. Энд Англи хэл дээр зөндөө гоё ном байдаг. Welcome to read

Өглөө бүр шинэ амьд цэцэгс угтана. Энэ удаад шар сарнай

Эндээ гэрийн бялуу хийж зардаг. Би алимны бялуунд нь нугасгүй. Төрөл бүрийн цайтай.

Энэ бол Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Буддийн Төвийн “Суврага” кафе. Олон жилийн өмнөөс би энэ газрын байнгийн үйлчлүүлэгч болоод байгаа. Ганцаараа байхыг хүссэн үедээ, хэн нэгэн надад саад болохгүйгээр өөрөө өөртөө юм бодохыг хүссэн үедээ, орчуулга эсвэл юм бичихэд анхаарлаа төвлөрүүлэхийг хүссэн үедээ энэ газар ирдэг юм. Ёстой л нөгөө эерэг энерги өгсөн газар. 2 жилийн өмнө би энэ газрын Буддийн сургааль, бясалгалын цуврал хичээлүүдэд сууж эхэлсэн нь, өмнө нь бусдын адил ном уншуулж хийморийн сан тавиулахын төдийд бүх зүйл бүтнэ гэж андуу ташаа бодож явсан бодлоо, Буддийн сургааль, Бурханы шашины талаархи буруу ойлголтоо энд гээсэн гэж хэлж болно. Одоо би энэ төвийн хичээлд суухгүй, бясалгалд нь явахгүй байгаа боловч “Суврага” кафены байнгийн үйлчлүүлэгч хэвээр. Ширээний бөглөөс болоод …. “ООГИЙНОО” гэдэг тэхийн зогсоолтой хэхэ. Хүмүүс нь намайг мэддэг болохоор одоо ч кафед мянган төгрөг барьж ороод л үйлчлэгчид нь “нөгөөхөө өнөөхтэй нь авчихья” гэхэд л боллоо. Тэгээд л өдөржин юм уншаад, юм бичээд, орчуулга хийгээд суучихна даа. Та ч бас тэгэж болно ш дээ. Хэрэгтэй байж болох юм гээд би энэ төвөөс сурсан жаалхан зүйлээ бичье. Таалан болгоно уу. Ингэхэд би энэ газраас Франц хэлнийхээ багшийг, амнаас нь байнга хэрэгтэй үгс цуварч байдаг Баттулга ахаа, одоо гаргах гэж байгаа номныхоо ивээн тэтгэгчийг олсон юм. Надад үнэтэй “Stupa community”- г би эндээс бүрдүүлсэн.

Бясалгал миний ойлголтоор – Анхаарлын хувьсал.
Бясалгал бол анхаарал төвлөрүүлэх дадалыг бий болгодог хамгийн шилдэг арга зам юм. Анхаарлаа төвлөрүүлж сурах энэ аргыг Буддийн шашинд Самьгардаар “шамата” гэх бөгөөд энэ нь ямар ч зовлонгүйгээр хичнээн ч цагаар хамаагүй анхаарлаа нэгэн зүйл дээр төвлөрүүлж чадах бясалгалын цогц арга юм. Хүмүүс бясалгалыг янз бүрээр ойлгодог юм билээ. Сүүлийн жилүүдэд Монголчууд төрөл бүрийн л бясалгалд идэвхитэй явах болсон нь сайн хэрэг. Гэхдээ хүн, аливаа зүйлийг хийхдээ ямар учир шалтгааны улмаас хийж байгаагаа мэддэг байхтай адилхан, бясалгал нь хүнд ямар үр ашигтай гэдгийг, өөрөө ямар учраас бясалгал хийх хэрэгтэй болсон зэрэг шалтгаанаа сайтар мэдэж байвал зохилтой юм шиг. Харин манайханы дунд ажиглагдаж байгаа нэг том алдаа нь бусад нь “сайхан, сайн” гэж хэлэх төдийд сэтгэл нь хөөрч хамрагдаад байх шиг. Энэ шалтгаанаар бясалгал хийвэл хэрэгтэй зүйлээ олж авч чадахгүй л болов уу.
Ямартай ч, бясалгалын үндсэн гол үр ашиг бол минийхээр, хүний анхаарлыг дээд зэргээр төвлөрүүлж сургасанаар таны ажлын бүтээмжийг урьд хожид байгаагүйгээр нэмэгдүүлж, амжилтанд хүрэхэд тань туслах юм. Өөрөөр хэлбэл, та гурван цаг суугаад хийдэг байсан ажлаа, бясалгал хийж анхаарлаа төвлөрүүлж сурсанаар нэг цагт амжуулах чадвартай болж, улмаар үлдсэн цагаа найзуудтайгаа уулзах, шоудах, бүжиглэх, зугаацах зэрэгтэй зарцуулан энэ олдсон амьдралаа аз жаргалтай өнгөрөөх боломжийг өөртөө бий болгох юм гэсэн үг л дээ. Би тэгэж боддогийн.
Зөв бясалгал хийж чадвал та өдөржин суудаг ажлаа хэдхэн цагийн дотор л амжуулаад үлдсэн цагаа үр ашигтай зарцуулах боломжтой болно гэсэн үг юм.
Бясалгал зөв хийгээд сурчихвал, ямар ч шуугиантай, хүн хөл ихтэй газар анхаарлаа төвлөрүүлээд төвөггүй сурчихна. Нэг нэгээр бусдаас хамааралтай бус байх … гэхдээ бясалгал хийж сурахад тэвчээр хатуужил, олон удаагийн дадал хийх хэрэгтэй болдог.
Хэрэв та сар, 2 сар бясалгалын анхан шатны хичээлүүдийг хийж чадах аваас цаашид санхүүгийн эрх чөлөө гэдэгтэй адил ЦАГ ХУГАЦААГ ЗАХИРЧ ЧАДАХ ЭРХ ЧӨЛӨӨНД ХҮРЭХ юм шүү. Олон зүйл нуршаад яахав. Хажуу хавирганы хүмүүсийг ажиглаад байхад үр ашиг нь их юм билээ. Гэхдээ өөрөө бясалгаж сураагүй л явна. Надад тэвчээр дутаад байгаа юм. Харин нэг хүнээс, Төвд рүү аялалын багт багтан сар явах санал аваад байгаа боловч шийдвэртэй хариу гаргаад зориглоод явчихаж хараахан чадахгүй л байна. Уг нь явчихвал хайрт нойтбүүкнээсээ нэг сар хагацсан байлаа гэхэд тэрнээс ч их юм хожих боломжтой ч юм билүү хэхэ. Гэхдээ бас тэнд очоод бясалгал хийчихвэл, хаяаа хаяаа надаас гадна олон хүнийг сандаргадаг “гэлэнмаа” болох хүсэл маань “конвертлагдаад, тамга дарагдаад” сахил хүртчих вий гээд “имээгээд” байгаа хэхэ.
За тэр ч яахав. Шийдвэр гарвал явчих л байх. Харин та бясалгалын талаар (Шри Шри биш шүү) илүү ихийг мэдэхийг хүсвэл Санта Барбара хотын Ухамсар Судлалын Хүрээлэнгийн тэргүүн, эрдэмтэн, чадварлаг зохиолч, Төвдөч, орчуулагч Буддизм болон шинжлэх ухааны харилцан холбооны талаар олон лекц уншиж алдаршсан Алан Уаллесын бичсэн “Анхаарлын хувьсал” номыг “Суврага” кафегаас авч уншаарай гэж зөвлөх байна.

It is only one place maintained with purely and spiritually relaxing atmosphere in Ulaanbaatar, Mongolia.
Here you should read books, newspapers and magazines in English and daily newspapers in Mongolian and also to enjoy your time by chatting intellectual, open-minded and educated people. So you can meet English, French and Japanese native speakers and improve your foregin language skills.
I am happy to find my French-language teacher from the Stupa.
Most important thing I feel in the Stupa is that no one disturbs my self-thinking and independent being.
Only come and free your soul.
It is absolutely different from the religious doctrines and so on you imagine.
Maybe, the Stupa could be said like a heaven in the human being world.

Posted in БУДДИЗМ ... | 2 Comments »

Монголд Бурханы “шашин” хэрхэн түгсэн вэ

Posted by Оогийноо on January 21, 2008

Гарчиг хэсэг дээр шашин гэдэг үгийг яагаад хашилтанд хийж байгааг, хэрэв та миний өмнөх бичлэгийг уншсан бол ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Монголд Бурханы шашин яагаад тархсан вэ гэдэг дээр хүмүүс янзан бүрээр л ярьдаг. Ихэнхи хүмүүс Бурханы шашин Монголчуудын баатарлаг, цөс ихтэй, дайчин зан чанарыг дарж номхоруулан хүлцэнгүй байлгах үүднээс зориудаар оруулж ирсэн мэт ярих нь элбэг. Бурханы шашин, Монголд түгэн дэлгэрсэн шалтгаан, энэ арай биш юм л даа. Ингээд яагаад биш гэдгийг миний бие бээр баримттай өгүүлэх нь:
Бурханы шашин, Монголчуудын цөс ихтэй, дайчин баатарлаг зан чанарыг номхотгон, бусдад хүлцэнгүй дагаар байлгахын тулд анх нэвтрүүлсэн гэж үзвэл үүнийг Манжийн дарангуйлалтай холбон ойлгохоос өөр аргагүй бус уу. Өөрөөр хэлбэл, бид Манжийн дарангуйлалд 200н жил байж, 20-р зууны эхэн үед ангижирсан гэж түүхэн бичиг баримт дээр тэмдэглэсэн байдаг нь үнэн болвоос Бурханы Шашин, Монголд 1700-иад оноос анх нэвтэрсэн гэж үзэх үндэстэй билээ. Гэтэл үгүй юмаа. Бурханы шашин Монголд “хамгийн анх” (анх гэдэг үгний өмнө хамгийн гэдэг үгийг авч хамгийн анх гэж хэлэх утгагүй ч энэ удаад ингэж хэлмээр санагдлаа) 1500-иад онд буюу бүр тодруулбал 1578 онд Монгол нэвтэрсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Энэ үед нэвтрэхдээ зорилго нь, Бусдыг мунхруулах бус, Бурханы сургаалийн үндсэн ухаан болох “Бурханы хутагт хүрэхийг хүссэн энгийн хүмүүст зориулсан зам мөрийг заадаг Энэ зам мөр нь бусдыг хорлохгүй байх ариун сахил санваарыг сахиж амьдрахаас эхлэх ба түүгээр дамжуулан өөртөө амар амгалан бүрдүүлэх замаар бусдад амар амгаланг түгээх” гэх түгээхэд оршиж байсан билээ. Харин бусдыг мунхруулах гэдэг дээр бол мэдээж Монголчуудын олноороо гүнээ сүсэглэж байсан тэрхүү ухаан дээр одоогоор бол жаахан өөр менежмент хийгээд, хар PR шургуулаад, тархи угаах зэвсэг болгохоор Манжууд хожмоо өөрчлөлт хийж мушигсан нь илт байдаг. Энэ бол одоо ардын дунд шүүмжлэгдээд байгаа “мөнгө төлүүлэн ном унших” бизнес гэмээр халуурал билээ. За одоо ингээд Бурханы сургааль буюу шашин Монголд түгсэн түүхийг өгүүлэх эх сурвалжит баримтыг сөхөе. Таалан болгооно уу Хүмүүн та Минь.

Арванзургаадугаар зууны үед Монголын цэрэг дайчид, Хятадад “Гэлүгвэ” (Шар Малгайтан) ёсны нэгэн хуврагыг олзлон баривчилжээ. Хуврагын биеэ авч явах намба байдал нь, цэргүүдэд гайхагдсан тул өөрийн Алтан Хаанд аваачжээ. Монголын их хаанд өнөөх хуврага өндөр сэтгэгдэл төрүүлсэн тул хуврагын багш Содном Жамцыг Монголд ирэхийг тушаалаа. Энэ зарлиг нь цаанаа, хэрэв ирэхгүй бол Төвд орныг Төвд орныг дайрна гэсэн утгатай байжээ. Тиймээс 1578 онд Содном Жамц Монголд морилж Алтан хааны багш боллоо. Хаан зарлиг буулган Бурханы шашиныг Монголчууд шүтэх болсон билээ.
Алтан хаан Содном Жамц багшдаа “Далай мэт гүн мэдлэгтэй” гэсэн утгыг бэлгэдэн “Далай лам” хэмээх болжээ. Гэлүгва ёсыг үндэслэгч Богд Зонховын хоёр их шавийн нэг Гэндэн Дүвийн хойд дүр Гэндэн Жамц, Гэндэн жамцын хойд дүр нь Содном Жамц байсан учраас Гуравдугаар “Далай Лам” хэмээн алдаршуулжээ. Өмнөх хоёр дүрд энэ алдрыг мөн адил дуурсгах болжээ.

Монголд түгсэн түүх товчхондоо ийм буй. Монголчуудад Бурханы шашин шүтэхийг хүчээр хэзээ ч тулгаагүй юм. Урьд байгаагүй цэргийн амжилтаар Монгол удирдагчид болон цэргүүд хүссэн эд зүйлээ олон, эрх мэдэл, эд хөрөнгөтэй байсан ч хүссэн аз жаргалд хүргэж чадахгүй байсан нь, Бурханы сургаалийн үндсэн үнэнд сэтгэлээ нээхэд хүргэсэн юм. Өнөөдөр хөгжилтэй орнуудад Бурханы шашиныг сонирхож байгааг мөн ийм шалтгаанаар тайлбарлаж боолно. Өөрөөр хэлбэл, жаргалд умбаж, элбэг хангалуун амьдрах тусмаа сэтгэл улам ханахгүй олон зүйлд шунах нь их болж, урам хугарсаар хүний сэтгэл өөрөө хоосордог. Иймээс хүмүүс ихэнхи тохиолдолд амьдралаас зовлон, жаргал гэж чухам юу болохын учир шалтгааныг хайх болдог юм. Харин зовлон, жаргалын шалтгаан, утга учрыг тайлж өгдөг ганц зам бол Бурханы сургааль билээ.

БИЧЛЭГИЙГ ДУУСТАЛ НЬ ТЭВЧЭЭР ЗААН УНШСАН ТАНЬД ТУЙЛААС БАЯРЛАЖ БАЙНА. ХЭРЭВ ТААЛАГДСАН БОЛ ЦААШ НЬ ТҮГЭЭНЭ ҮҮ. Түгээвэл таньд жаргал ирнэ эсвэл ингэ тэгнэ гэх олон зүйлийг хэлэхгүй ээ. Зүгээр л таалагдсан бол л, гэж хэлж байгааг минь ухаарна гэдэгт итгэж байна. Гэхдээ олон хүнд түгээх бүрт, Бурханы сургаалийн зөв утгыг буруугаар ойлгож байсан тэрхүү гажмал ойлголтоос та, ганц ч хүнийг болов ангижруулж чадах учраас энэ бол та өөрийнхөө сэтгэлд нээсэн буян юм. Магадгүй, үүгээрээ та өөрөө ч мэдэхгүй олон хүнд зөв тийш зүглэх үүдийг нээж өгөх буй за.

Posted in БУДДИЗМ ... | Leave a Comment »

Ом мани бадмэ хум

Posted by Оогийноо on January 17, 2008


Энэ зүрхэн тарнийг өдөр болгон ганц удаа ч болов уншиж чадвал таны сэтгэл цэвэр ариун байх болно. Цэвэр ариун, хир буртаггүй оюун ухаанаар энергийн хууль зохицуулагддаг бөгөөд таны ажил ямар ч эргэлзээгүйгээр бүтнэ гэсэн үг. Мэлмий ухаандаа тунгаана уу.
Одоо энэ тарний учир утгыг тайлая.
Жанрайсиг бурханы баруун мутарт амьдралыг тэтгэгч мөнхийн рашаан болох асрал хайрын бумба байна. Зүүн мутарт ямар ч хиргүй гайхамшигт тунгалаг толь байх бөгөөд бодит байдлыг ялган салгаж үзэх билгүүнийг бэлгэддэг. Энэхүү төгс байдал нь Жанрайсиг бурханы зүрхэн тарни ОМ МАНИ БАДМЭ ХУМ-д багтдаг буюу. ОМ нь Бурханы бүх эрдэм чадал. МАНИ нь асрал хайрын эрдэнэ. БАДМЭ нь билгүүний лянхуа. ХУМ нь билиг ухаан ба энэрэл нигүүсэлийг сэтгэлд нэгдмэл болгохыг тус тус бэлгэддэг. Энэ маанийг уншиж байх үедээ хүмүүс, “Би билгүүний лянхуан дахь асрал хайрын эрдэнэ болсон Бурхан лугаа адил гэгээрнэ” гэж бодож байх ёстой.
Энэ л утгаараа Бурханы сургаалийн баримтлан хүндлэгчид билиг ухаан хийгээд энэрэнгүй сэтгэлийг дотоод сэтгэлдээ төрүүлэх гэж Жанрайсиг бурханд шүтэн мөргөдөг юм.

Posted in БУДДИЗМ ... | Leave a Comment »

Будда гэж хэн вэ?. Будда бол “Би”

Posted by Оогийноо on December 4, 2007

Будда бол “Би” гэж бичсэн минь их учиртай. Өөрийгөө Будда гэж нэрлэх эрх яг одоо надад байхгүй ч … хэл амаар үйлдэх нүгэл буюу худлаа ярихгүй хүнд хар буруу санахгүй зөв зүйтэй замаар амьдарч чадвал БИ хэзээ нэгэн цагт Будда буюу Бурхан болж чадах юм гэсэн гэгээн сайхан “мөрөөдөлөөр” “тэжээгдэж”, өнөөдрийн байгаа амьдралдаа сэтгэл ханамжтай амьдарч байгаадаа би дуртай байдаг.
Энэ эхлэлээр би Будда буюу Буддын “шашины” Бурханыг тайлбарлахыг оролдох гэсэн юм. Бурхан ялангуяа Буддын “шашинд” байдаг тэрхүү бурхан бол хүн та өөрөө гэж үздэг юм. Тэрнээс биш Монголчуудын дунд төөрөгдөл буюу мухар сүсэг хэлбэрээр оршин тогтнодог хий хоосон, миний гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй тэрхүү зүйл огтоос биш юм.
Одоо миний биш буддын шашиныг гүн гүнзгий судалсан, шашины харьцуулсан судлалын профессор Валпола Рахулагийн тайлбарласанаар “БУДДА ГЭЖ ХЭН ВЭ” гэдгийг таньд хүргэе.

Буддагийн багын нэр нь Сиддахаттха (самгардиар Сиддхартха) овог нь Готама юм. Тэр бээр Умард Энэтхэгт аргын тооллын өмнөх 6 дугаар зууны үед амьдарч байсан гэдэг түүхэн баримт бий. Түүний эцэг нь, Шуддходана (одоогийн Балбын) сакья (сажа) омгийн хаан байв. Тухайн үеийн заншлын дагуу, Сиддахаттха бага залуу 16 насандаа Яшодхара хэмээх гоо үзэсгэлэнт бүсгүйтэй гэрлэсэн байна. Тэр бээр ордоны тансаг жаргалтай амьдралд үнэнхүү аз жаргалтайгаар амьдарч байжээ. Сиддахаттха амьдралын бодит байдал, хүн төрлөхтөний зовлон зүдгүүрийг олж харан, улмаар зовлонг хэрхэн давж туулах замыг олж нээхээр сэтгэл шулуудсан гэдэг. Сиддахаттха энэ хүслээ биелүүлэхийн тулд 29н насандаа цорын ганц хүү Рахулагаа төрсний дараахан хант улсаа орхин дияанч болсон байна. Дияанч Готама Ганга мөрний хөндийгөөр зургаан жилийн турш хэрэн хэсэж шашины нэрт зүтгэлтэн багш нартай уулзаж тэдний номлол сургаалийг сонсож явсан байна. Гэвч түүнийг хүсэл зорилго ханасангүй. Ингээд тэрбээр уламжлалт шашины ёс жаягаас татгалзаж өөрийн замаар явж эхлэв. Ингээд Неранжара мөрний эрэг дээр нэгэн модны ёроолд сууж Готама 35 насандаа Гэгээрэлд хүрсэн гэдэг бөгөөд тэр цагаас хойш Будда буюу “Ялж Төгс Гэгээрсэн” хэмээн алдаршжээ. Түүнээс хойш Бодь буюу Бо мод, “Билгийн Мод” гэсэн нэр гарчээ. Ингэж гэгээрсэнийхээ дараа Будда Баранасын ойролцоохь Бугат цэцэрлэгт анхны номоо өөрийн таван дияанч нөхөртөө айлдсан байна.

Будда гэж хэн вэ гэдэгт товчхон хариулахад ийм буй. Тэгэхээр БУДДА буюу “ЯЛЖ ТӨГС ГЭГЭЭРСЭН” гэдэг нь өөрөө өөрийгөө ялж, өөрөө өөрийнхөө дотоод сэтгэлийг муу муухай бүрээс ангижруулж чадах тэр ХҮН ТА ӨӨРӨӨ юм. БУДДЫН СУРГААЛЬ бол арван хар нүглээс хол байж өөрөө өөртөө бүрнээ итгэж, хүнд буруу муу хар үйлийг хийхгүйгээр, бусдад хайр түгээж, бусдыг хайрласаныхаа төлөө хариу нэхэхгүй сэтгэлээр амьдрахыг зааж сургадаг юм ЕРӨНХИЙДӨӨ. БУДДА БОЛ ЭНГИЙН НЭГЭН ХҮН. ГЭХДЭЭ ӨӨРИЙГӨӨ “ЯЛЖ ТӨГС ГЭГЭЭРСЭН”…

Posted in БУДДИЗМ ... | Leave a Comment »

Буддизм шашин уу эсвэл гүн ухаан уу

Posted by Оогийноо on November 24, 2007

Буддизм шашин уу эсвэл гүн ухаан уу
Буддизм ер нь шашин юм уу, гүн ухаан юм уу гэсэн асуулт олонтаа гарч ирдэг. Энэ нь шашин байх нь хамаагүй, гүн ухаан байх нь ч хамаагүй. Өөрөөр хэлбэл, Буддизмийг юу гэж нэрлэх нь гол биш. Нэг үгээр, түүнд шашин, гүн ухаан гэх мэтчилэн ямар шошго наасан ч энэ Буддизмийн мөн чанар хэвээрээ л үлдэнэ.

Тэгвэл БУДДИЗМ гэж юу вэ?
Шашин (шашин гэдэг олны дунд мухар сүсэг мэтээр ойлгогдох нь бий. Хэрэв тэр утгаар олны дунд түгсэн гэж үзвэл БУДДИЗМЫГ шашин гэж хэлвэл өрөөсгөл болно. Гэхдээ нийтээр заншсан нэр томьёо ёсоор түүнийг хэрэв шашин хэмээн нэрлэх юм бол) үндэслэгчдийн дотроос гагцхүү Будда л өөрийгөө ариун явдалт эгэл хүнээс огтхон ч ялгаж үздэггүй цорын ганц багш мөн юм. Харин бусад багш нар өөрсдийгөө нэг бол тэнгэр бурхан (GOD) эсхүл түүний аль нэгэн дүр хувилгаан буюу Эрхэт тэнгэрээс шууд заяагдсан гэдэг. Будда бол эгэл жирийн хүн мөнөөс үл барам өөрийгөө аливаа нэгэн далдын хүчний биелэл бус гэж үздэг юм. Өөрөөр хэлбэл БУДДА бол өөрийн бүх бясалгал, гэгээрэл, олж хүрсэн бүхнээ чухамхүү хүний чармайлт, хүний оюун ухааны үр ач мөн гэж үздэг билээ. Хэрэв хичээнгүйлэн зориглож чармайх ахул хүн хүн бүхэнд бурхан болох дотоод чадавхи буй. БУДДА бол эрхэм дээдийн эгэх хүн юм гэж хэлж болно. “Хүн чанарын” хувьд тэр бээр асар их төгөлдөржсөн тул түүнийг яваандаа нийтийн шашин шүтлэгт бараг “дээд шидтэн” гэж хэлж болно.
БУДДА гэж юу гэсэн үг вэ. Энэ бол 35н насандаа Готама буюу Сиддхаттха гэгч эгэл нэгэн мах цуснаас бүтсэн бодгаль хүн гэгээрэлд хүрсэн бөгөөд тэр цагаас хойш Будда буюу “ЯЛЖ ТӨГС ГЭГЭЭРСЭН” хэмээн алдаршжээ. Тэгэхээр Будда гэдэг бол “өөрийгөө ялж төгс гэгээрсэн” үг юм.
Буддизм мах цуснаас бүтсэн, өвдөлтийг мэдэрдэг баярлаж чаддаг, гуниж үйлж мэддэг хүнийг эрхэм дээд гэж үздэг. Иймээс хүн өөрөө өөртөө эзэн болох бөгөөд хувь тавилангаа шийдэхэд хүнд өөрөөс нь илүү дээд зүйл буюу хүчин зүйл үгүй гэж Буддизмд үздэг.
БУДДА өөрийн шавь нартаа сургамжлан айлдахдаа “Хүн өөрөөр өөрийн итгэл мөн амуй. Та нар өөрсдийнхөө аврагч байх ёстой. Өөр бусад хэнээс ч аврал эр” гэжээ.
Үргэлжлэл бий ….

Posted in БУДДИЗМ ... | Leave a Comment »