Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    May 2024
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 58,852 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Archive for the ‘ТҮҮХИЙН ЖИМЭЭР’ Category

Хувилайн сүйдсэн флот: Шулмын салхи vs Шинжлэх ухаан

Posted by Оогийноо on December 11, 2009

Өчигдөр шөнөжингөө хуйлран боссон харанхуй хар давалгаа үүр цайхын алдад намжиж, нар мандахад далайн хөх мандал хэзээд мөнхийн ийм амар амгалан мэт нам гүм цайвалзан дүнсийнэ.

Хэдхэн өдрийн өмнө л  далайг бүрхэн байсан том том хөлөг онгоцоос өдийд юу ч үлдсэнгүй. Тэдгээрийг далайн ёроолд живүүлснээ хэнд ч мэдэгдэхгүй хэнд ч харуулахгүй гэсэн юм шиг гэм буруугаа нуусан хүчит хар далайн давалгаа гэнэт ингэж тайвширч буй нь, барьсан их олзондоо ханаж цадсан аварга араатан амс хийн нойрсохтой адил ажээ.

Гэвч  мяралзан жирэлзэх торгомсог хөхөлбөр далайн мандал дээгүүр модны хэмхэрхий, хүмүүсийн эд хэрэгсэл зах хязгаар нь үл харагдам хөвөж, далайн мангас ханхаж цацан илүүдүүлэн туригсан зүйлс эргийг битүү зулсан байх нь харагдана. Салбарч хэмхэрсэн ч их бие нь засаж янзалж болохоор нүсэр том байлдааны хэдэн  хөлөг онгоц эрэгт тулан зогссон байх агаад хөл дээрээ арайхийн тогтож ядсан хөхөлбөр хүрэн бор царайтай хүмүүс хуяг дуулгаа дааж ядан хуурай газарт хөл тавихын алдад бүгд элгээрээ газар тэврэн үхэдхийн унана.

Махчин шувууд, цахлай гээд зүйл бүрийн жигүүртэний далавчинд тэнгэрт дүүжлээстэй нарны цацраг газарт үл тусах агаад махчин жигүүртэнүүд эргээр зулсан үхэгсдийн шарилыг үл тоон арайхан амь тавьж амжаагүй хүмүүсийн халуун цусны үнэр аван толгой дээгүүр тасралтгүй эргэлдэж, зарим нэг нь сульдаж ядарсан хүмүүсийг тоншин алдан доошилон, хүч аван хөөрөх нь тохуурах мэт санагдана ………

Read the rest of this entry »

Posted in ОРЧУУЛЖ эмхэтгээд, ТҮҮХИЙН ЖИМЭЭР | 10 Comments »

Хувилай хааны эзэнт гүрэн

Posted by Оогийноо on December 3, 2009

Түүх ч гэлтгүй алив бүхний өнгөрснийг сонирхож бага сагаар судалж мэдэх нь өнөөдрийн байгаа бүгдийн хэлбэр хийц, оршин байхуйн нууц, учир жанцанг ойлгох арга юм уу даа.  “Аан энэ чинь ийм учиртай бий вий. Тэгээд ийм болсон байх нээ” гээд л …  Тэгээд ч өнөөдрийн үг яриа, үйл хэргээс аливаа бүхний ирээдүй шалтгаалах тул ирээдүйгээ мэдэх гэж оролдох нь цагийн гарз биз.

Ямартай ч 2003 оны 10 сард Анакэ-гийн тэнгисийн эрэг дээрх Нагасаки мужийн Шиматаба хотын Бурханы сүмээс өргөөшөө 2.8 метр, уртаашаа 2.2 метр хэмжээтэй Евроазийн нарийвчилсан газрын зураг олдсон байх юм / дэлгэрэнгүйг/. Ази, Европийг багтаасан, Африкийг хүртэл хамруулсан уг газрын зургийг Хятад, Япон, Америкийн түүхч, судлаачид судлан улмаар газрын зургаас үүдэн “Хувилайн Эзэнт Гүрэн” гэсэн нэгэн сонирхолтой баримтат кино бүтээжээ. Ер нь манай түүхтэй холбоотой ховор нандин материал, баримтууд бидэнд биш дандаа гадныханд байх, бас бидний тухай мундаг мундаг бүтээлүүдийг бид биш тэд хийдгийн болоо гэж. Заа гэхдээ манайх ч гэлтгүй Египтийн алдарт Нефертитийн цээж баримал одоо хүртэл Германы музейд байдаг бөгөөд /Германы эрдэмтэн анх олсон учраас Германы музейн эзэмшилд байдгийн гэсэн шүү/ Египтүүд  засгийн газартайгаа нийлээд Германаас авах гээд барахгүй байгаа юм билээ. Тэгэхээр түүхийн баримт, түүхт эд зүйлсийг хэн олсон нь авч өөрийн болгодог ч юм уу даа.

Заа хадуурч байна. Ингээд манай түүхийн талаар тэр дундаа Монголын зарим нэг түүхчдийн дургуйцлийг төрүүлж, Их Гүрний нийслэлийг Хятадын газар нутагт нүүлгэснээр туйлын “гэм нүгэлтэй” гэмээн гоочилогддог Хувилай хааны тухай уг баримтат кино хэрхэн хүүрнэхийг үзий. Японы NHK телевизийн бүтээл.

Part 1

Read the rest of this entry »

Posted in Дүрс бичлэгтэй, ТҮҮХИЙН ЖИМЭЭР | 3 Comments »

Талын зоригт нүүдэлчид

Posted by Оогийноо on August 19, 2008

1771 онд Орос орныг хатан хаан Екатерина удирдаж байх үед Волга мөрний эрэг дээр Халимагийн Монгол аймгуудын удирдагч нар чуулав. Хэдэн зууны турш энэ газар тэдний эзэмшил нутаг байсан авч, бага багаар Орос суурьшигчдад алдсаар байлаа. Халимагууд Түвд, Монголд өргөнөөр тархсан Буддийн шашны Ламайзмын урсгалыг шүтдэг байв. Гэвч залуусыг нь Оросын христийн миссионерүүд эргүүлдэн, шашиндаа элсүүлэхээр чармайх болов. Бүслэгдэж, хавчигдаж, тал нутагтаа дураараа нүүж, сууж чадахаа больсон нь нүүдэлчдийг тэвчихийн аргагүй бухимдуулж байлаа. Хаа сайгүй маргаан, тулаан, тэмцэл өрнөж Халимаг түмэн шаналан түгшив.

Хэдэн шийдэмгий эрчүүд Түвд, Монголыг эрхэндээ оруулаад байсан Манж руу очив. Манжийн хаан зөөлөн засаг, газар нутаг амлав. Түүнчлэн: ” Та нар нутагтаа ирснээр дураараа нүүж сууж, бурхан шашнаа хэнээс ч айж эмээлгүйгээр чөлөөтэй шүтэх болно” гэж уламжлуулав. Халимаг ноёдод энэ л ганц гарц байв. Тэд гэр бүл, албат иргэд, бүхий л мал сүргээ аваад хуучин нутгаа тэмүүлэн зорихоор тохиров.

Халимагийн хан Манжийн хил хүртэл нүцгэн уудам тал, элчилгүй халуун цөлөөс бүрдэх олон зуун, хэдэн мянган км зам туулах учиртайг түгшингүй тооцоолж байв. Yүнээс гадна тэдний замд алхам бүрт тааралдах эртний өст Башкир, Киргиз болон бусад нүүдэлчин аймгууд дайран довтлох нь тодорхой. Түүнчлэн Орос гүрэн өөрсдийн харьяанаас бүхэл бүтэн нэг үндэстэнг бүхий л мал сүрэгтэй нь цуг зүгээр л тавиад явуулна гэж үгүй, Халимагуудын заналт дайсан Казакуудыг араас нь нэхүүлж, голтой бүхнийг нь хядуулах болно.

Ийм учир хуран цугласан халимаг ноёдод шийд гаргахад тун хүнд байлаа. Тэд өөрсдийн цорын ганц баялаг болох тал дүүрэн бэлчих мал сүргээ бахархан харж, тэдний мөөрөлдөх, майлалдах дууг таашаан сонсоно. Гэвч хэрэв энэ мал сүрэг үгүй болвол Халимаг түмэн хэрхэн амьдрах вэ? Гэр бүрт хашхиралдан уйлалдах бяцхан үрс нь өсөж томроод хэн болох вэ? Тэдэнд 2 л гарц байлаа: нэг бол хуучин нутгаа зорих эсвэл тэндээ үлдэж үндэстнийхээ хувьд мөхөх.

Хавчилт, шахалтаас залхсан ард түмэн нутгаа хаяж нүүхээр шийдэв. Хүн төрөлхтөний түүхэнд гарсан өөр нэгэн алдартай нүүдэл бол Эксодус, Египетээс гарсан Еврей нарын нүүдэл юм. Мозесийн адилаар Халимагийн удирдагч ард түмнээ уриалан дуудаж, нэг дүгээр сарын эхээр Волга мөрний эргээс хөдөлжээ.

Баруун Халимагчууд тохирсон дохиог сонсоогүй юу эсвэл гол гаталж чадсангүй юу мөрний нөгөө эрэгт үлдэж хоцорчээ. Хожим тэд Каспийн тэнгисийн орчим суурьшсан юм. Оросын хувьсгалаар цагаан хаанд үнэнч байж, түүнийг дэмжсэнийхээ шийтгэлийг хатуу ширүүнээр амсжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр ч тэднийг олноор нь устгажээ. Америкийн Нью Жерси болон бусад газар дүрвэгч Халимагууд цөөн тоогоор амьдарч байна. Мөн Оросын холбооны улсад Халимагийн улс оршин буй.

Зүүн Халимагчууд 300000 иргэдээ аван алс хол орших уугуул нутгаа зорин босов.Бэлтгэлээ сайтар базаасан байв. Халимагийн морьтон баатрууд дайран байлдах-, болон хамгаалан дагалдах- ангиудад хуваагдаж үүргээ хурдан, гавшгай, найдвартай биелүүлж байв. Ачаа хөсөг, эмэгтэйчүүл хүүхдүүдийг суулгасан уртаас урт тэмээн жингийн цувааг зарим нь хамгаалж байхад, бусад нь буу, сум хүрэх зайд явж гадны довтолгоог хамгаалан байлдаж байв. Оросуудаас зугтаж буйг нь саатуулах гэсэн хэн бүхнийг урьдаас нь довтолж устган сөнөөхөөр шилмэл эрчүүдээс бүрдсэн тусгай анги ч байгуулав.

Арын хамгаалалтынхан ард хоцорсон бүх өвөлжөө, хээрийн сууц, жижиг тосгодыг галдан шатааж үгүй хийв. 25000 квадрат км газарт нэг шөнийн дотор бөөн түймэр асчээ.

Энэ мөчийг хүртэл Оросын харуулынхан Халимагуудын их нүүдлийн талаар юу ч мэдээгүй байв. Сандарч мэгдсэн Астраханы амбан захирагч чарга хөллөн энэ тухай мэдэгдэхээр биечлэн умардыг зорин хөдлөв. Тэр өдөрт 300 майл газрыг туулан давхисаар, туйлдаа хүрч ядарсан амьтан хатан хааныхаа өмнө очжээ. Тэгээд эцсийн хүчээ шавхан байж хатан хаандаа бүхэл бүтэн нэг үндэстэн ганцхан шөнийн дотор зугтаад явчихсан итгэхийн аргагүй мэдээг хүргэжээ. Тэр дор нь хатан хаан генералуудаа цуглуулж, их цэрэг авч Халимагийн хойноос мөрдөн хөөх, ямар ч үнээр хамаагүй нүүдлийг зогсоох, дүрвэгсдийг баривчлах, эсэргүүцвэл устгах тушаал өгчээ.

Зүүн тийш 500 орчим километрт Казакуудын амьдардаг Яик гол урсаж байв. Тэдгээр казакууд Халимагуудтай ихээхэн тулалддаг, өширхөж хонзогносон дайснууд нь байлаа. Халимагийн Хан харьяат ардаа улам шавдуулан урагшлуулсаар Яик гол хүрэв. Гэвч тоолшгүй олон хонь, бог мал явдал даахгүй хоцорч, үхэж үрэгджээ. Голын эрэг дээр ширүүн тулаан болж Казакууд 9000 Халимагийн амийг авав.

Казакууд жаахан амсхийж байгаад нүүдлийг гүйцэн очиж, Туркай гол хүрэх замыг нь хааж болох байв. Иймээс Халимагуудад аль болох хурдан цааш хөдлөхөөс өөр арга байсангүй. Нүүдэл цааш хөдлөөд нэг өдөр болов уу үгүй юу маш ширүүн цасан шуурга эхэлж, нүүр нүдгүй цас, мөс, хүйтэн жавар шавхуурдаж эхлэв. Мал сүргээс ихэнхи нь осгож, үхэрнүүд нь цасанд шигдээд толгойгоо даахгүй унаж үлдэв. Халимагууд түр буудаллаж, үлдсэн хэдэн үхрээ алж, махны нөөц бэлтгэж авлаа.

Цас хөлдөж, гадарга дээгүүр нь морь тэмээ явж чадахаар болмогц нүүдэлчин олон шамдан хөдлөв. Морь малын туурай хага үсэрч, явдал нь саарна. Орхигдсон мал, агт морьдыг зовлонтой, удаан, аймшигт үхэл хүлээх.

Туркай гол хүрэх замд нэгэн том даваа (уул) байлаа. Тэр давааг Казакуудаас арай чүү түрүүлэн давж чадав. Халимагуудын чанх ардаас Оросын арми, дайсагнасан Башкир, Киргизийн болон бусад аймгуудын нэгдсэн цэрэг ойрхон нэхэж байв. Өөр нэг Оросын цэргийн нэгтгэл Казакуудын хамтаар Туркай гол хүрэх замыг нь амдан тосож байлдахаар хөдлөв. Халимагууд Туркай гол хүртэл 2000 гаруй км газрыг туулж чадах эсэх нь замд тааралдах бусад голын гарам газрыг гарах аргагүй болгосон байх вий шалтгаалж байлаа.

Эцэс төгсгөлгүй мэт зовлон шаналалаар дүүрэн үхлийн гэмээр цуваа чадах чинээгээрээн урагшилсаар. Шөнөдөө хөлдөж хоносон нялхсаа эхчүүл нь орхиж явахаас өөр аргагүй. Хар тэнхээгээ барсан настайчуул нүүдлийн хурдыг дааж чадахгүй үлдэцгээнэ. Тэд орхин одож буй нүүдлийн цувааны ардаас гунигтайгаар харж их цасан дунд бөртийсөөр сууж хоцроно. Өвгөчүүл нь нялх ач нартаа дулаан дахаа үлдээж, салах ёс гүйцэтгэнэ. Тэднийг алгуурхан хөлдөх аймшигт үхэл хүлээж байлаа. Зарим настай эмгэчүүл үхсэн үхрийн сэг тэврэн дулаацахыг оролдож, гунигт төгсгөлтэйгээ үл эвлэрэн тэмцэнэ. Шархдагсад, сул доройтнуудаа ч гэсэн хувь заяанд нь даатгаад орхихоос өөр аргагүй болов. Гэхдээ тэднийг аль болох аврахыг хичээж байсан аж. Бүлтэй, чадалтай эрчүүд нь эмээлийнхээ бүүрэгнээс бусдынхаа морийг уяах, өвчтнөө дүүрэх, сундлах зэргээр хоёроороо явах аргагүй болох эцсийн мөч хүртэл зүтгэж байлаа. Галгүй, идэш уушгүй болсон нэгэн нь осгох нь алхам бүрт. Шөнө нойрондоо хэт автах юм бол үүрээр хэзээ ч дахин сэрэхээргүй болно. Энэ бол хэлэхийн аргагүй аймшигт нүүдэл байлаа. Арайхийж хавар болж дулаарсан ч үлдсэн хүмүүсийг Туркай гол хүрэхээс хамаагүй өмнө дайснууд гүйцэж ирэв. Жижиг тулаанууд байнга ар араасаа цувран үргэлжилнэ. Сүүлдээ дайснууд хаанаас дайраад байгаа нь мэдэгдэхээ больж, учир замбараагаа алдмой.

Гол гатлах гэж буй Халимагууд бол үнэхээр дарлагдаж зовсон зугтагсад болж хувирсан байлаа. Урьд нь тэд баяр баясгалангаар дүүрэн, элбэг хангалуун амьдарч, тарга сайтай үхэр сүргээ бэлчээж, Монгол эрийн шүтээн болсон эмнэг сайн адуу морьдоо сургаж унадаг хийморлог ард түмэн байв. Аз жаргалтай, сайн явсан цагтаа тэд тэмээг голсхийж, нэг их тоодоггүй байлаа. Гэвч зугтаж явахад нь голсон тэмээ голд орж, тэдний ганц найдвар нь болов. Ясандаа тултал турж эцсэн ч хэдэн тэмээ нь л нүүдлийн бэрхийг нугалж байлаа.

Хүүхэд, хөгшид нь үхэж, залуу эрчүүд олноороо тулаанд эрсдсэн тул нүүдлийн цуваа чимээ аниргүй, тун чиг дүнсгэр. Чимээгүй гунигийг дайсны зэрлэг довтолгоо л үе үе тасалдуулна. Анх гарсан хүмүүсийн гуравны нэг нь үгүй болжээ. Yлдсэн хүмүүс ясан дээр нөмөрсөн арьс болтлоо турж эцжээ. Дайснаас урьтсан мөч бүхнээ ашиглан, үлдсэн хэдэн маландаа шинэ ногоо идүүлж, хүн малгүй тэнхэрч авахыг хичээж байв.

Голын эрэг рүү дөхөх тусам тэднийг устгах тушаалтай дайснууд нь ч алхам бүрээр ойртсоор байсан тул алгуурлаж болохгүй байж. Голын гарамыг нүүдлийн цувааны сүүлч дөнгөж гатламагц тэртээ их талд аймшигтай тоос босч, тэнгэр харанхуйлав. Энэ бол Орос, Казак, Киргиз, Башкирийн их цэргийн морьдын тоос биз. Халимагууд өдийг хүртэл 3,000 илүү км замыг туулаад байв, гэвч Монголын хил хүртэл дахиад энэ хэрийн зам үлдээд байлаа.

Хүлээж байснаар хамгийн аймшигтай таамаглал үнэн болов. Орос цэргийн давших хурд хэтэрхий удаан байна гэж тэсэж ядсан Башкир, Киргизүүд урагш түрүүлэн гарч Халимагуудыг гүйцэж довтлов. Халимагийн хан эцсийн хүчээ шавхан байж, цэргээ засаж тосон байлдав. Долоо хоног өдөр шөнөгүй зууралдан, асар их цус асгаруулан тулалдсаны эцэст Киргизүүдийг ялж, Башкир, Казак тэргүүтнийг дутаалгав.

Гэвч дайснууд нь дахиж хүчээ зузаатгаад эргэж дайрах нь дэндүү тодорхой. Ядарч туйлдсан Халимагуудын ихэнхи нь бууж өгөхөд бэлэн байлаа. Зугтах санааг гаргаж, бүгдийг удирдсан Уваши Хунтайж бүх хариуцлагыг өөр дээрээ хүлээж, Цагаан Хаанд очоод шийтгүүлье харин ард түмнийг минь битгий алаач гэж гуйя. Халимагийн баатарлаг гавьяаг тоочвол хатан хаан Екатерина өршөөх нь гарцаагүй гэв. Гэвч Цэвэгдорж энэ хүртэл зугтлаа, үр дүнг нь үзье, эцсээ хүртэл тэмцье гэж ятгав. Тэр дороо аймгуудын ахлагч нарын хурилдаан болов. Ноён бүр үгээ хэлэв. Цөхөрч туйлдсан тэд зовлон зүдүүрээ мартан байж Монгол хурилдаан хийх ёс жаягаа гүйцэтгэв. Зөвлөлдсөний эцэст : Хэдий Оросын хатан хаан өршөөж тун магадгүй гэлээ Башкирууд биднийг яавч зүгээр орхихгүй. Иймээс цааш зугтья гэсэн санал давамгайлав.

Энэ шийдвэрээ гаргамагцаа асар хурдан хэрэгжүүлж эхлэв. Дорно зүгийг зорин үтэр түргэн хөдлөв. Тэдний өмнө их цөл дурайн угтаж байлаа. Аль хэдийн зун болсон тул тэнд халуу шатна гэж тоймгүй. Хэдхэн сарын өмнө хөлдөж үхэх аюулаас арайхийж мултарсан нүүдэлчдээс олонхи нь хэт халуунд амиа алдав. Морь малын тамир тасран унаж байв. Цангах, харангадах нь хамгийн аймшигтай, зовиуртай тарчилгаан болж, ойр орчим орших бүх худаг, шавар шалбааг, гол горхийг өлсөж ядарсан мянга мянган зугтагсад дусал ч үлдээлгүй шимж соров.

Халимагуудыг жаахан амсхийж болохуйц гайгүй газар хүрмэгц л Башкирууд улайран довтолж байлаа. Башкирууд тэднийг бүрэн бүсэлжээ. Халимаг эрчүүд зэр зэвсэг, сум зэрэг байдгаа бараад, бүх хутга сэлмээ хугартал тэмцсэний дараа дайснуудаа ноцон барьж хурц шүднүүдээ шигтгэн тас хазаж, тасар татаж явав.

Волга мөрний эрэг дээрээ баяр хөөртэй эхэлсэн нүүдлээс бүтэн найман сарын дараа буюу есдүгээр сарын дундуур Халимагууд Тэнгэр нууранд хүрч, Манж гүрний хил дээр ирэв. Нуурын эрэг дээр зүрх шимшрэм явдал болов. Их цөлийг арайхийж туулсан морь мал, хүмүүс бүгд хүйтэн ус руу ухаан жолоогүй дайрцгаав. Замдаа бие биенээ унаган дарав. Халимагуудыг усанд хүрэв үү үгүй юу Башкирууд араас нь дайран оров. Башкирууд энэ удаа цуснаас илүү усанд улангасан шунаж байв. Башкир дайчид хатаж омголтсон уруулаа усанд дүрж, цангаагаа гаргангуутаа сэлмээ шүүрэн уснаас дөнгөж цухуйх улаан залаат малгай бүхий толгойнуудыг тас цавчиж эхлэв. Алхам бүрт гардан тулаан өрнөж, Халимагууд нуурын гүн рүү шахагдаж эхлэв. өчнөөн их мөрөөсөл болсон усандаа олон хүн живж үхэв.

Золоор Манжийн хааны Монгол цэргүүд ойр байв. Тэд дайран ирж чөтгөр, шуламын Башкируудыг хиартал цохиж цөл рүү буцааж хөөлөө. Халимагууд ингэж аюулгүй байдалд оржээ. Манжийн хаан тэдэнд Идшийн голд нутаг зааж өгч суулгав.(Одоогийн Ховд аймгийн Булган сум) Нутгаа тэмцэж нүүсэн Халимаг түмнээс гуравны нэг хүрэхтэй, үгүйтэй нь л 6000 гаруй км урттай тамын аялалаас амьтай, голтой төдий тэсэж гарсан байлаа. 300000 Халимагуудаас 200000 аас илүү нь нүүдлийн замд үрэгдсэн гэсэн үг ээ.

Энэ аймшигт түүх бол талын зоригт нүүдэлчид эрх чөлөөнийхөө төлөө бүхэл бүтэн тивийг цусаараа хэмжиж, алд газар бүрт нь амь биеэрээн золиос төлж эх нутаг элгэн садан Монгол ахан дүүсээ гэсэн сэтгэлийн дэмээр хатуу бэрхийг давсан түүх юм.

Эх сурвалж

Posted in ТҮҮХИЙН ЖИМЭЭР | Leave a Comment »

Гал зүрхшээх гайхамшиг

Posted by Оогийноо on July 19, 2008

1922 оноос ноцож эхэлсэн их хэлмэгдүүлэлтийн гал 1930-иад оны үед ид дүрэлзэж, айл бүрийг гашуун нулимсанд живүүлж, олон зуун сүм хийд, дуганы шатаж буй утаанд тэнгэр харанхуйлсан он жилүүдэд цөвүүн цагийн аймшигт үнэнээр хуйларсан хэлмэгдүүлэлтийн шуурга халдаж зүрхлээгүй цорын ганц хийд бол Чойжин Ламын сүм музей юм.

Нийслэл хотын чанх төвд чимээгүйхэн хэрнээ ихэмсэг дүнсийх энэ сүмд анхны долоо гэгдэх Бодоо, Данзан, Сүхбаатар, Лосол, Чойбалсан, Догсом, Амар нар Монголын төрийг хамгаалагч Улаан Жамсран бурханы өмнө мөргөж хурууныхаа өндгийг ханан модон тагштай сүүн дээр цусаа дусаан хүртэж тангарга өргөн “нам нуугдаж, сэм нийлье” гэмээн Ардын намыг байгуулж, аугаа үйл хэргийг эхлүүлсэн бөгөөд манай үе үеийн төр, нийгмийн нэрт зүтгэлтэнүүд “ах” нарын нүд харуулдан нууцаар ирж сүмийн шүтээнд мөргөн залбирч төрийн хэргийг зөв тийш нь залж чиглүүлэх адислалыг гуйн залбирдаг байсан гэдэг.
Хожим хувьсгалын үйл хэрэг бүтэж их жанжин Д.Сүхбаатар Нийслэл хүрээнд ирээд Чойжин ламын музейн хойно /хожим тэр газар 1925 онд Сүхбаатарын талбайг байгуулсан/ ард түмэндээ үг хэлж, түр засгийн газраа ч мөнхүү сүмийн хойно байгуулж байсан юм. Хожим 1951 онд Засгийн газрын ордныг сүмийн чанх хойно барьсан нь муу зүгээс ирэх аливаа хорлолоос Монголын төрийг Чойжин Ламын сүм, чойжин сахисууд хамгаалж байдаг гэсэн утга агуулагдаж байгаа бөгөөд эдүгээ Төрийн хүндэтгэл ёслолын ордны төв хэсэгт намирах төрийн далбаа Чойжин ламын сүм музейн Гол Сүмийн алтан ганжиртай нэг шугаманд давхцсан байдаг нь тохиолдлын хэрэг биш буй за.

Өдгөө нэг сая хүнтэй түм түчигнэн бум бужигнасан Улаанбаатар хотод өдрөөс өдөрт нэмэгдэн өндийх шил толь мэт өндөр барилгуудын сүүдэрт нар “үгүйлэн” намбайх Чойжин ламын сүм музей халдашгүй дархан, дуусашгүй баялаг, сүрдмээр ихэмсэг, үнэн гайхамшиг юм.
Илүү сартай хаврын хахирган өдөр Чойжин ламын музейн хашаагаар ороход зуны мишээх нар ганцхан энд онцгойлон тусаж байна уу даа гэлтэй сэтгэгдэл төрж байлаа. Услаж тордсон хөрс, чийг үнэртэн нар амтлан дэлбээлэх моносын модод, дардан зассан чулуун зам … шувуун жиргээнд хөглөгдөж, шившээ салхинд үнсүүлэхэд зөөлөн агаад түмэн амарлингуйг их хотын үймээнт амьдралын тэхий дунд мэдрэх нь чилж ядарсан шуугиант хотын хүмүүн надад сонин хийгээд гайхамшигтай санагдана.
Сүм музейн босгоор хөл тавьсан даруйд миний бие 21-р зуунаас 19-р зууны эхэн рүү, их түүхийн дуусашгүй гайхамшиг руу хөл алдан орлоо. Зуун наст Чойжин ламын сүмийн сүрлэг нууцлаг ертөнц надад ийнхүү шивнэлээ:

Чойжин Ламын сүмийг анх 1889-1902 онд ард түмний хандив тусламжаар Зүүн Хүрээнд Монгол улсын сүүлчийн Эзэн хаан, Шашин төрийг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст VIII Богд Живзундамба хутагтын төрсөн дүү, Монгол улсын төрийн их Чойжин, хар зүгийн тэрсүүтний омгийг дарагч Лувсанхайдавт зориулан Их хүрээний нэрт уран барилгач Омбын удирдлаган дор бүтээжээ. Чойжин ламын сүм нь Монголын төрийг хар зүгийхнээс хамгаалж, төрийн мэлмийг гийгүүлэх увидастай учир Манжийн хаан сүмийг барихад ихээхэн дургүйцэж байсан гэдэг. 1903 онд Зүүн хүрээн дэхь Чойжин ламын сүм учир битүүлгээр шатсан түүхтэй.

Чойжин лам буюу Лувсанхайдав нь урд хойдохыг харах билэг оюун төгс нэгэн байсны учир цөвүүн цаг ирэхэд соёлын үнэт дурсгалт зүйлсийг хамгаалан авч үлдэх хувь зохиолтой сүмийг барьж байгуулах нь нэн чухал гэж үзэн удаах жил нь буюу 1904 оноос эхлэн Чойжин ламын сүмийг барих ажлыг яаравчлуулсан байна.
Төрийн хэргийг дээлийн ханцуйд шивнэлдэн, сүүдрээ хүртэл хардаж байсан цэвүүн цаг байсан тул Лувсанхайдав буюу Чойжин лам өөрийн хөрөнгөөр хоёрхон жилийн дотор сүмийг барьж, дотоод заслыг эхлүүлсэн байна.
Гэвч Манжийн хаан, Монголын төрийг хамгаалан Чойжин бууж байх сүм хийд барихыг зөвшөөрөхгүй, сүмийг нураах, ажлыг зогсоох явуулга хийн, тэр ч байтугай Монголын эрх бүхий хүмүүсийг дарамталж байжээ.
Энэ үед Лувсанхайдав лматан уран арга, ов мэх хэрэглэн Манжийн хааны толгойг эргүүлж чадсан гэдэг. Тэрбээр 1906 онд Манжийн хаанд өргөн барьсан бичигтээ “Манжийн хааны түмэн өлзийг бататган, шашин төрийн өмнөөс чойжин бууж, эх болсон хамаг амьтны тусын тулд залбирал үйлдэж, өдөр бүр ном хурах учир өөрийн хүчин чадал, ард түмний дэмжлэгээр 55 тасалгаа бүхий сүмийг барьж босгов. Таныг урт удаан наслах, манжийн төрийг өнө удаан оршуулах үүднээс чойжин бууж байх тул нэр хайрлахыг хүсэн, есөн цагааныг бэлэг болгон хүргүүлж байна” хэмээн бичжээ. Энэ бичигт урамшин хөгжсөн Манжийн Бадруулт төр хаан “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээх нэр шагнан олгожээ.

Ийнхүү Монголчуудын сүлд хийморь ивээсэн завшаанаар 1908 онд Чойжин ламын сүм үүдээ нээсэн байна. Монгол төр шашныг хослон баригч, Нарангэрэлт түмэн наст VIII Богд Жибзундамба хутагт “Хар зүгийн шулмасын аймгийн омгийг дарагч, их амгалангийн урвалтгүй зүтгэн бүтээсэн орд харш” хэмээн нэрлэж Зэмэр, Найчин, Дорж шүгдэн хэмээх гурван Чойжингийн өмнөөс Чойжин буудаг, төр шашны нууц үйл ажиллагаа явуулдаг эгэл ардад хаалттай сүм болгожээ.

Иймд Чойжин ламын сүмд зөвхөн төр, шашины зүтгэлтэнүүд саатан морилж, төрийн их сахиус шүтээнд мөргөн залбирдаг, харин эгэл ард түмэнд хаалттай газар байжээ.

Үг ярих бүү хэл амьсгаа авахад бэрх хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд Монгол орон даяар сүм хийд, дугануудыг үүд хаалгыг хааж, галдан шатааж, түүний дотор байсан судар ном, бурхан тахил, бичиг соёлын үнэт дурсгалыг устган үгүй хийж байсан хүнд бэрх цаг үе байлаа.

Энэ үед монголын нэр бүхий сэхээтнүүд шашин, соёлын үнэт эд өлгийн зүйлийг аймаг хошуудаас цуглуулан Чойжин ламын сүмд төвлөрүүлээд, төрийнхөө дээд байгууллагад албан ёсны бичиг хүргүүлсэн байна. Энэхүү бичигт Чойжин ламын сүмд Монгол урчуудын ур ухаанаа шингээн бүтээсэн түүх соёлын үнэт бүтээлүүд хадгалагдан буй учир төрийн хамгаалалтанд авахыг хүссэн байдаг.
Орос ахын нүднээс буруулж, 1939 онд Чойжин ламын сүмийг улсын 1-р зэргийн хамгаалалтанд авсны ачаар өвөг дээдсийн маань соёлын үнэт дурсгалууд бидний үед өвлөгдөн ирсэн түүхтэй. Чойжин ламын сүмийг хамгаалахад Маршал Чойбалсан онцгойлон анхаарч байсан гэдэг. Учир нь Чойбалсан, Чойжин буух эрдэм чадлыг эзэмшсэн Бодоо ламын гэрт өсөн хүмүүжсэн төдийгүй түүний өргөмөл хүү байснаас гадна дээр өгүүлсэнчлэн хувьсгалын үг яриаг энэхүү сүмд нууцхан шивнэсэн анхны долоогийн нэг байсан билээ.

1942 онд Чойжин ламын сүмийг “Шашны түүхийн музей” болгосноор 1969 он хүртэл судалгаа шинжилгээний ажил хийх, тусгай зөвшөөрлөөр гадаадын төлөөлөгчдөд захиалгаар үйлчилдэг хаалтай музей байсан юм. Харин 1962 онд Чойжин ламын нууцлаг ертөнц эгэл ард түмэндээ анх үүд хаалгаа нээснээс хойш Чойжин ламын сүм музей гэж нэрийдэх болжээ.

Чойжин ламын сүм нь Монголын төрийг муу зүгийн ад зэтгэрээс хамгаалах ариун дагшин газар төдийгүй соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг түүхийн нугачаанаас аварч гарсан гайхамшигт орд юм. Чойжин ламын музейд хамгаалагдан хадгалагдсан үнэт зүйлсүүдээс Богд хааны ордон музей, Занабазарын дүрслэх урлагийн музей, Улсын төв номын санд шилжүүлэн сан хөмрөгийг нь баяжуулсан юм. Тухайлбал IV богдын Түвдээс авчирсан 108 боть Ганжуур ном Лхашидын тарни гүн ухаан, анагаах ухааны бүтээлүүдийг багтаасан Түвдийн гар бичмэл 226 боть Данжуурыг /номыг XVI зууны үед Монгол хэлээр орчуулагдсан/ Монгол Улсын Үндэсний номын санд, харин Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей байгуулагдах үед түүх соёлын хосгүй үнэт бүтээл болох Өндөр гэгээн Занабазарын эх бүтээлээс язгуурын таван бурханы дөрвийг, Цагаан дарь эх болон цамын баг бүрэн өмсгөлийн хамт танка, зээгт наамлын бүтээл зэрэг олон бүтээлүүдийг шилжүүлсэн юм. Түүнчлэн Богд хааны ордон музейд 21 дарь эх болон танка, зээгт наамлын бүтээл зэргийг хүлээлгэн өгсөн билээ.

Уран барилга, өв соёл, төрийн мэлмийг хамгаалагч энэхүү Чойжин ламын музейн цогцолбор чуулганд Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урласан “Дэмчиггарав”, “Аюуш”, “Доржсэмбэ”, “Майдар”, “Рэнжүү”, “Минтүг” зэрэг сонгодог бүтээлээс эхлээд 1000 жилийн өмнө Энэтхэгт урласан хүрэл суврага, Ёнзонхамба Балданчоймболын занданшуулан хатаасан шарил зэрэг Халхын нутаг хошуудын алдартай уран гартны авьяас билэг, бурхан ухаан, сүсэг биширлээр, урлан бүтээсэн бурханы шашны түүх, соёлын үнэ цэнтэй 6500 гаруй бүтээлүүдийн дээжис хадгалагдан байдаг.

Ийнхүү илүү сартай хаврын хоног өдрүүдэд зунтай урьтаж золгосон Чойжин ламын музей надад түүхэн гарвалаа өгүүлсэн бол дараа дараагийн удаад өөрийн үнэт нандин бүтээлийн түүхийг нэг бүрчлэн дэлгэн ярихаа аминчлан шивнэлээ.

/Үргэлжлэл бий/ЗӨВЛӨХ ЗӨГИЙ сэтгүүлээс авлаа.

Posted in ТҮҮХИЙН ЖИМЭЭР, Ярилцлага нийтлэл | Leave a Comment »